СХД-ийн Ардчилсан намын хороо сүүлийн үед хэл амтай байгаа. Өчигдөр л гэхэд тус намын хорооны өмнөх дарга нар нь мэдээлэл хийж АН-ын генсекийн албыг түр орлож байгаа Л.Эрхэмбаяр 2012 оны УИХ-ын орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хороог удирдаж ажиллахдаа МАН-тай урьдчилан тохиролцож, ажилласан гэж мэдээлсэн юм. Харин өнөөдөр тус намын хорооны удирдлагаар шинээр сонгогдсон дарга Ш.Одгэрэл, бусад дэд дарга нарын хамт мөн л мэдээлэл хийлээ. СХД-ийн АН-ын хорооны дарга Ш.Одгэрэл “Сонгинхайрхан дүүргийн АН-ын талаар ташаа мэдээлэл иргэдийн дунд нэлээд гарах болсон. Үүний цаадах учир нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намыг гэр бүлийн нам болгох гэсэн асуудал эртнээс явагдаж байгаа юм. Тухайлбал Н.Алтанхуяг болон түүний төрөл төрөгсөд, хамаатнуудад үйлчилдэг болгох гээд байна. Үүнтэй холбоотой хүмүүс янз бүрийн хэл амыг гаргаж байна. Иймэрхүү хэл ам 2013 оноос л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 2013 оны нэгдүгээр сард Ө.Пүрэвбаатар гэдэг хүн дүүргийн намын удирдлагыг авахын тулд оройн 22.00 цагт дүүргийн намын хорооны 105 гишүүний 40 орчим хүнийг Туулын хөвөөнд оройн хоолонд урьсан байдаг. Энэ үеэр дүүргийн намын хорооны даргыг солих талаар ярилцаж, өөрийгөө хууль бусаар даргаар сонгуулсан. Тухайн үед Н.Алтанхуяаг намын дарга байсан. Н.Алтанхуяаг ч үүнийг нь өөгшүүлэн дэмжсэн” гэлээ.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулсан юм.
-Өчигдөр танай намын хорооны хүмүүс мэдээлэл хийж, та бүхнийг хууль бусаар эрх мэдлийг булаах гэж байна гэсэн. Ер нь яг юу болоод байгаа юм бэ?
-Ө.Пүрэвбаатар нар 2015 оны нэгдүгээр сарын 11-нд дүүргийн намын хороон дахь өөрсдийнхөө байрыг болон эзлэх хувийг өргөтгөх, нэг үгээр хэлбэл, олонхи болгох зорилгоор дотоод сонгуулийг бий болгосон. Шалтгаан нь ердөө л өөрсдийнхөө төрөл төрөгсөд, хамсаатан, нэг компани удирдлагаар дүүрсэн нам болгох санаа өвөртлөснөөс асуудал үүссэн. Тухайн сонгуулиар 38 хүнийг нөхөн сонгох ёстой байсан. Гэтэл 38 хүний нэр зааж сонгууль хийх гэсэн. Биднийг хүүхэд байх үед буюу соци нийгмийн үед л ганц хүний нэр заагаад энэ хүнийг сонгоорой гэдэг байсан. Үүний адил 38 хүнийг сонгохын тулд 38 хүний нэр зааж байна. Ийнхүү зөрчил, дутагдалтай асуудлыг зогсоохын тулд СонгиноХайрхан дүүргийн ардчилсан намын үүдэнд энэ оны нэгдүгээр сард ард иргэд жагсаал хийсэн. Гэтэл үүнийг намын хорооны гишүүд эсэргүүцэн нийт гишүүний 61,5 хувийн эрцтэйгээр хуралдаж, энэ байдлыг таслан зогсоож намайг тус хорооны ардчилсан намын даргаар сонгоод явж байна.
-Хоёр сарын өмнө сонгууль болсон. Энэ хоёр сарын хугацаанд юу болов?
-Бид дээд шатны намын дарга болон нийслэлийн намийн дарга гэх бүх бүх дээд шатлалынхандаа хурлын тогтоол, дүрэм шийдвэрийг авчиж өгч хянуулсан. Тэд ч биднийг дүрмийн дагуу хуралдаж намын даргаа сонгосон байна. Тиймээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой гэж тогтоол шийдвэрээ гаргаж өгсөн. Гэсэн ч дээрх хүмүүс эсэргүүцэж хэл ам хийж, байраа суллахгүй намын үйл ажиллагаанд саад учруулж байна.
Бидний харж байгаагаар энэ хэрүүлийг дан ганц Ө.Пүрэвбаатар хийгээгүй. Тэдний ард Н.Алтанхуяг байгаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг СонгиноХайрхан дүүргийн ард иргэд үе үеийн сонгуульд сонгоод төрийн өндөр албан тушаалд сонгоод явж байсан шүү дээ.Гэтэл өнөөдөр ард иргэдээсээ нүүр бурууллаа. Иргэд улс орныхоо сайн сайхны төлөө сонгосон болохоос биш, зөвхөн хамаатнууддаа үйлчиддэг, намыг хаглан бутаргадаг, монголын ард түмнийг хоёр хуваадаг, талцуулдаг байлгах гэж итгэл хүлээлгээгүй.
С.ОТГОН