Онцгой байдлын ерөнхий газрын дэд, хурандаа Б.Ууганбаяр, Ази, Номхон далайн НҮБ-ын Дэлхийн хүнсний программын зөвлөх Саймон Холлема тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр нар оролцсон юм.
Энэ үеэр НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гамшигт өртөмтгий малчдын чадавхыг бэхжүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор зуд болон бусад цаг уурын холбогдолтой үзэгдлийг эрт сэрэмжлүүлэх, цагийн байдлыг тухайн цагт мэдээлэх системд техникийн дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа хэмээн танилцууллаа.
Уг төсөл нь Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд хийгдсэн малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж байгаа гар утасны мессэж үйлчилгээний системийн мэдээллийг өргөтгөх, Цаг уурын байгууллагаас гаргасан зудын эрсдэлийн зургийг түгээх, хэрэглээг ихэсгэх, гамшгаас урьдчилан сэргийлэх нийгмийн хамгааллын системийг бий болгох зорилготой юм байна.
Тиймээс талууд төслийг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ