Багаа тайлж буй Солонгос бүсгүйчүүд

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Багаа тайлж буй Солонгос бүсгүйчүүд

Багаа тайлж буй Солонгос бүсгүйчүүд

Гоо сайхны мэс заслын төв гэгддэг Өмнөд Солонгос улсад охид бүсгүйчүүд нийгэмд тогтсон хатуу “гоо сайхны стандарт”-ыг эсэргүүцэн, олон нийтийн сүлжээгээр нүүрний будгаа арилгаж, будгаа хаях, үсээ тайрах зэргээр тэмцэл гарган, “Корсетоо тайлцгаая” нэртэй хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа ажээ.

Өмнөд Солонгост бүсгүй хүн үзэсгэлэнтэй байх нь сайн хүнтэй сууж, ажлын карьераа ахиулах гол хүчин зүйл хэмээх ойлголт  олон нийтийн дунд байдаг төдийгүй залуу охид, бүсгүйчүүд хэн нэгнээс “царай муутай” гэх үг сонсохоос үхтлээ айдаг байна.

Youtube-ээр өөрийн сувагтаа нүүр будах тухай бичлэг оруулдаг 21 настай Лина Бэй гэх эмэгтэй ч бас нүүрний будгаа арилгаж, гоо сайхны хэмжүүрийн тухай өөрийн бодлоо илэрхийлсэн нь “Корсетоо тайлцгаая” хөдөлгөөнийг улам хүчээ авахад хүргэсэн байна.

“Ихэнх солонгос эмэгтэйчүүд өөрийн үнэн дүр төрхөө багны цаана нууц амьдардаг. Бид төрөлхийн царайгаа бусдад харуулахаас айж, “царай муутай байна” гэдэг үг сонсохгүйн төлөө үхтлээ хичээдэг. Би ч бас тийм л байсан” хэмээн тэрбээр хэлжээ.

Нүүрний будгаа арилгаж байгаа түүний энэхүү бичлэгийг таван сая гаруй хүн үзсэн байна. Олон мянган хүн түүнийг дэмжиж, урам зориг хайрлаж байсан ч үзэн ядаж, хараалын үг чулуудах хүмүүс ч байсан аж. “Корсет гэдэг зүйл чиний бие рүү таарч орох ч үгүй” гэдгээс гадна түүний амь насанд нь заналхийлсэн утгатай зүйлсийг хэлсэн хүмүүс ч олон байв. Тиймээс Линда Бэй хэд хоногийн турш гэрээсээ гарахаасаа ч айх болсон байна.

Өмнөд Солонгост охид бүсгүйчүүдийг балчир байхаас нь эхлээд л цэвэрхэн, өөгүй, цагаан арьстай, хөөрхөн царайтай байх ёстой гэх мэтийн сурталчилгаагаар тархийг нь угаадаг байна. Түүнчлэн Өмнөд Солонгос нь гоо сайхны барааны дэлхийн хамгийн том зах зээлтэй улс орон бөгөөд жилд 13 тэрбум ам.доллар зөвхөн энэ салбарт эргэлдэж байдаг. Мөн нийт хүн амын тоотой нь харьцуулахад гоо сайхны хагалгаа хийлгэсэн хүмүүсийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг байна.

Өнгөрсөн жил шинээр ажил горилогчдын дунд явуулсан судалгаагаар ажилд тэнцэхэд гадаад төрх нөлөөлдөг хэмээн 88 хувь нь үзсэн байна. Тиймээс охид бүсгүйчүүд сайн ажилд орохын тулд гоо сайхны хагалгаа хийлгэх явдал элбэг байдаг аж. Мөн ажлын ярилцлагад орохоосоо өмнө үнэтэй гоо сайхны газар нүүрээ будуулж, үсээ янзлуулах нь хэвийн үзэгдэл болжээ.

Өмнөд Солонгосын МВС сувгийн хөтлөгч Им Хюн Жу тус хөдөлгөөнийг газар авахад онцгой нөлөө үзүүлсэн байна. Тэрбээр нүдний шил зүүж, зурагтын нэвтрүүлэг хөтөлсөн анхны эмэгтэй болжээ. Тус улсад эрэгтэй хөтлөгч нар харааны шил зүүнгээ зурагтаар гарах нь хэвийн зүйл боловч эмэгтэй хүмүүсийн хувьд хориотой хэмээх бичигдээгүй хууль үйлчилдэг байна. Им Хюн Жу хөтлөгчийн энэ үйлдлийг олон хүмүүс эергээр хүлээн авч, урам хайрласан аж.

Цөөн тооны залуу хүмүүс тус хөдөлгөөнийг эхлүүлж байгаа ч яваандаа хүчээ авч, нийгэм дэх энэ ойлголтыг өөрчлөн, бүсгүйчүүдийг хэрэггүй зүйлд санаагаа чилээн, цаг заваа зарцуулдаг зуршлаас нь салгаж, эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэнгийн тухай илүү их анхаарахад хүргэх болно хэмээн өмнөд Солонгосын хэвлэлд бичжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж