Б.Гангаамаа: Шантарсан бодлууд уулсын оргилд үгүй болдог

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа: Шантарсан бодлууд уулсын оргилд үгүй болдог

Б.Гангаамаа: Шантарч няцсан бодлууд минь уулсын оргилд гарахад үгүй болдог

 

Дэлхийн ноён оргил Эверестэд Монголын эмэгтэй уулчдаас анх удаа дайралт хийсэн Гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа. Түүнтэй Африкийн ноён оргил болох Килиманжорад дайралт хийсэн болоод дэлхийн зулай Эврестийн талаар ярилцсан юм.

-Монголчуудын хувьд Килиманжорад дайралт хийсэн дөрөв дэх баг нь та нар болсон?

-Анх нэг л халуун орны хар уул мэтээр төсөөлж билээ. Тэр бүү хэл зугаалж яваад гарчихаад ирэх юм шиг л бодож байсан гээч./Инээв/ Гэтэл ноён оргил гэдэг аргагүй л ноён байдаг юм билээ.

Килиманжора оргил 5,895 метрийн өндөртэй юм билээ. Авирч байхдаа цас мөс, өндрийн өөрчлөлт гээд бүхий л үзэгдэлтэй нүүр тулж байлаа.

-Эмэгтэй уулчдыг нэг баг болгон бүрдүүлж ахалж явсан. Хүндрэлтэй асуудал гарч байв уу?

-Багийнхан маань Эрдэнэтийн уулчдаас бүрдсэн. Хоёр нь анх удаагаа дэлхийн томоохон оргилд дайралт хийсэн юм. Нэг их хүндрэлтэй асуудал гараагүй дээ.

Багийн гишүүдэд хэцүү үe байсан ч хэлэхгүй байгаа нь ажиглагдаж байсан. Ямар ч эрэгтэй хүн яваагүй ч гэсэн эмэгтэй хүн ямар их тэсвэр хатуужилтай вэ гэдгийг мэдэрч л явлаа.

-Цаг агаарын байдал ямар байв. Нэлээд халуун байсан байх даа?

-Гайгүй дээ. Африкчуудынхаар бол бидний очсон үe нь нэлээд cэрүүн улиралдаа ордог юм гэсэн. Бидэнд бол тэгж санагдаагүй л дээ. Гэхдээ манай Монголчууд хаана ч очсон дасан зохицох чадвар сайтай байдаг юм.

-Очсон газар тань жуулчдын өлгий нутаг гэгддэг. Ингэхэд манай уулчдыг жуулчид ихээхэн сонирхож байсан гэсэн. Үнэн үү?

-Тэгэлгүй яахав. Анх удаа Монгол xүн харж байна гээд гайхаад л байсан. Тэгснээ Монгол Улс Азийн хаана нь байдаг юм бэ гэж байна билээ.

Зарим нь бүp Монгол гэж хэлээд байхад л Хятадууд уу гэж асуухыг яана. Газрын зураг дээр зааж өгөхөөр ийм том нутаг дэвсгэртэй юм уу гээд гайхаад л. Инээдтэй ч юм шиг.

-Гавьяат маань дараагийн дайралтаа аль ууланд хийхээр төлөвлөсөн бэ?

-Дэлхийн хоёр дахь том ноён оргил К2 ууланд авирна. Маш том зорилго тавин ажиллах болно. Дэлхийн ноён оргилуудаас хад асга ихтэй, өгсүүр нь энэ л дээ.

Энэ сарын 15-нд бэлтгэлдээ гарах болов уу. Тэгээд жил хагасын дараа “К2” оргилд дайралт хийнэ.

-Уулчдын айдсыг төрүүлдэг оргил гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Гэхдээ л давах л ёстой давааны нэг нь байгаа юм. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг биз дээ. Бэлтгэл сургуулилтаа сайн базаагаад, үзээд алдана даа.

-Уулчдын цусаар бичсэн хууль Эверестэд үйлчилдэг гэдэг. Та тэр давааг хэдийн давсан xүн?

Уул усыг басч болдоггүй юм. Хичээх болно. Дэлхийн ноён оргилд гарсан цагаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Гэхдээ л тэр сайхан ноён оргилд гарсан үeэ дурсах үнэхээр сайхан. Тэрхэн үед яана даа гэсэн хэцүүхэн бодол төрж ч байсныг нуугаад яах вэ. Эцсийн мөчид хүслээ биелүүлчихээд төрийнхөө далбааг мандуулах үнэхээр сайхан байсан шүү.

-Та тухайн үeдээ ярилцлага өгөхдөө “Дайралт хийсний дараа нь ахиад ноён оргилд гарна гэж бодогддоггүй юм билээ” гэж ярьж байсан удаатай. Тэгэхэд эмэгтэй хүнд хэцүү спорт юм даа гэж бодогдож байсан шүү?

-Эмэгтэй уулчдад төдийгүй эрэгтэйчүүдэд ч гэсэн тэгж бодогддоггүй юм. Тэгсэн хэрнээ эх орондоо ирсний дараагаар өөрийн эрхгүй л дараагийнхаа дайралтаа төлөвлөдөг. Заримдаа яах гэж энэ спортын хүн болов оо гэж бодогдох үe гардаг л байлаа. Гэхдээ төд удалгүй л мартчихсан явдаг юм. Шантарч няцсан бодлууд минь оргил дээр гараад л алга болдог доо. /Инээв/ Бурхан цаанаасаа л ингэж яв гэж зурсан юм байлгүй.

-Ингэхэд та хамгийн анх аль ууланд дайралт хийж, амжилтын буухиагаа эхлүүлж байв?

Отгонтэнгэр хайрханд дайралт хийж байлаа. Тэр цагаас хойш 22 жил өнгөрчээ. Энэ олон жилийн хугацаанд дайралт хийсэн уулаа тоолж байсангүй.

Монголын хамгийн өндөр оргил Алтай таван богд руу 43 удаа дайрч байлаа. Үүнээс 23 нь хамгийн өндөр нь буюу Хүйтний оргилд байсан. Нийт 60 шахуу ууланд дайралт хийсэн байх шүү.

-Дэлхийд томоохон долоон оргил байдаг. Уулчид энэ оргилуудад гарчихаад л зодог тайлна гэдэг?

-Тийм ээ. Уулчдын мөрөөдөл байхгүй юу. Мөн 8,000 метрээс дээш өндөртэй 14 оргил байдаг юм. Гэхдээ миний хувьд Эврестэд дайрсан. Одоо К2 ууланд дайралт хийгээд оргилд нь гарчихвал энэ уулуудын бүгдэд нь авирснаас өөрцгүй.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж