Г.Ганхуяг Владикавказад тавдугаар байрт оров

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Г.Ганхуяг Владикавказад тавдугаар байрт оров

Г.Ганхуяг Владикавказад тавдугаар байрт оров

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад боллоо. Хоёр дахь удаагийн тэмцээнд 15 орны 210 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Энэ жилийн тэмцээн 2019 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д оролцох ОХУ-ын тамирчдыг сонгох тэмцээн гэдгээрээ онцлог болсон юм.

Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, Г.Ганхуяг, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ, спортын мастер Б.Наранболд, Б.Баасанжаргал гэсэн долоон тамирчин зодоглов. Манайхнаас хамгийн өндөр амжилтыг өнгөрсөн сард Бухарестэд болсон 23 хүртэлх насны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг үзүүлж тавдугаар байрт оров. Тэрбээр Владикавказын дэвжээнд 1/8 шигшээд Дагестаны Магомедшариф Биякаевт 1:4-өөр ялагдсан. Дагах барилдаанд 2016 оны залуучуудын дэлхийн аварга Дагестаны Арсенали Мусалалиевийг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд 2015 оны өсвөр үеийн дэлхийн аварга эзэн орны Славик Наниевт 4:10-аар ялагдлаа.

57 кг-ын жинд Н.Насанбуян Дагестаны Магомед Абдурахмановт, 61 кг-д Э.Бэхбаяр Дагестаны Динислам Тахтаровт тус бүр 0:10-аар 65 кг-д Б.Баасанжаргал Буриадын Алексей Боривицкийд, Б.Наранболд Кабардино Балкарын Астемир Куантовт цэвэр, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ Тувагийн Эрдине Мортуй-Оолд 5:11-ээр, 125 кг-д М.Лхагвагэрэл Хойд Осетийн Сослан Хинчаговт 0:3-аар тус тус ялагдсан.

Олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвили, Азербайжаны Шариф Шарифов, дэлхийн хошой аварга Гүржийн Гено Петриашвили, нэг түрүүтэй ОХУ-ын Хетик Цаболов, Бекхан Гойгереев, Магомед Курбаналиев, олимп, дэлхийн медальт Гүржийн Давид Марсагишвили, олимпийн наадмын хүрэл медальт Беларусийн Ибрагим Саидов, дэлхийн дэд аварга Гүржийн Бека Ломтазе, ОХУ-ын Алан Гогаев, Словакийн Борис Макоев, хүрэл медальт ОХУ-ын Сослан Кцоев, Владислав Валиев, Гүржийн Сандро Аминашвили, Элизбар Одиказе, Монголын Э.Бэхбаяр, Азербайжаны Асланбек Албаров, АНУ-ын Жеймс Грин, Европын гурван удаагийн аварга Анзор Уришев, Европын анхдугаар наадмын аварга Александр Богомоев, Европын аварга Владислав Байцаев, Артур Найфонов тэргүүтэй дэлхийд данстай олон шилдэг хүчтэнүүд Хойд Осетийн дэвжээнд зодоглосон нь ямархуу чансаатай тэмцээн болсныг илтгэнэ.

Тэмцээний нийт шагналын сан 100 сая ам.доллар байсан бөгөөд жин тус бүрийн аварга 5000, дэд аварга 2000, хүрэл медальтан болон аваргын багш 1000 “ногоон” гардсан юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж