Саудын Арабын иргэн, “Вашингтон Пост” сонины сэтгүүлч Жамаль Хашогги аравдугаар сарын 2-нд амиа алдсан хэргийг өнөөг хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байгаа билээ. Хунтайж Мухаммед бин Салманы санаачилгаар Саудын Араб оролцох болсон Йемений дайн болоод түүний явуулж байгаа бусад явуургүй, хэрцгий бодлогуудыг хүчтэй шүүмжлэн бичдэг байсан тус сэтгүүлчийн үхэлд олон улсын зүгээс Саудын хунтайжийг буруутай гэж үзэж байгаа ч баттай нотлох баримтыг өнөөг хүртэл дэлгээгүй байгаа юм.
Харин хэргийг мөрдөн шалгаж буй Туркийн талаас түүний эцсийн мөчийг бичсэн бичлэгийг дэлхийн томоохон гүрний удирдагчдад илгээгээд байсан бол саяхан хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан, олон нийтэд мэдээлжээ.
ТҮҮНИЙ СҮҮЛЧИЙН ҮГ:БИ АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Уг бичлэгийг сонссон хэний ч хувьд сэтгүүлчийн аллага зүгээр нэг хэрэг биш, харин урьдаас нарийн төлөвлөгдсөн байсныг гэрчилж байгаа юм. Сэтгүүлч Жамаль Хашогги нь амьдралынхаа эцсийн мөчид өөрийнх нь амийг хөнөөх гэсэн бүлэг хүмүүстэй тэмцэлдэж, хүчин мөхөстсөн ажээ.
Бичлэгт тэрээр “Би амьсгалж чадахгүй байна” гэдэг үгийг олонтоо хэлсний дараа дуу нь алга болж, хөрөөний чимээ сонсогдсон байна. Мөн тус үйл явдлын үеэр амийг нь хөнөөсөн багийн гишүүд хэн нэгэн “босс” руугаа утасдаж, хэргийн явцыг нэгд нэгэнгүй мэдээлж байжээ. “Босс” гэдэг нь Саудын Арабын өндөр дээд албан тушаалтан гэдэг нь тодорхой байгаа юм, хэмээн Туркийн мөрдөгчид хэлж байна.
Туркийн мөрдөгчид тус бичлэгийг хэрхэн олж авсан нь тодорхойгүй байгаа юм.
Бичлэг Жамаль Хашоггийг аравдугаар сарын 2-ны өдөр Саудын консулын газар руу үдийн цайны цагаар орж байгаагаар эхэлсэн байна. Тэрээр гэрлэлтийн бичиг баримтаа авах гэж тийшээ орсныхоо дараа Саудын Арабын нэгэн танилтайгаа таараад, түүнээс энд юу хийж явааг нь асуусан байна. Тэр танил нь Саудын Арабын дипломат асан Махер Абдулазиз Мутреб байв.
Махер Абдулазиз Мутреб: Чи эргээд ирээ шив.
Жамаль Хашигги: Ингэж болохгүй, гадаа хүмүүс хүлээж байгаа. /Хашоггийн сүйт бүсгүй гадаа нь хүлээж байсан/
Үүний дараа олон хүний хөлийн чимээ гарч, Хашогги амьсгалахын төлөө тэмцэж байгаа нь дуулддаг байна. Энэ хэсгийг Саудын мөрдөгчид түүнийг ямар нэгэн зүйл идэж байгаад хахсан хэмээн тайлбарласан ч яах аргагүй хоолойг нь хэн нэгэн боож байгаа чимээ байсан аж.
Тэнд байсан хүмүүсийн нэгнийх нь хоолой Саудын Арабын шүүх эмнэлгийн дарга Салах Мухаммед ал-Тубаики байв. Мөрдөгчид бичлэгээс зөвхөн шүүх эмнэлгийн дарга, Махер Абдулазиз Мутреб болон Жамаль Хашиггийн хоолойг л ялган таньж чадсан байна.
Олон хүний хөлийн чимээ гарсны дараа сэтгүүлчийн орилж, хашхирч байгаа чимээ нь дуусаагүй байхад хөрөөний хяхтнах дуу гарч эхэлжээ. Энэ үед шүүх эмнэлгийн дарга Салах Мухаммед ал-Тубаики аллага үйлдэж байсан бусад хүмүүсийг “аймшигтай чимээ сонсмооргүй байвал чихэвчээр хөгжим сонс” хэмээн хэлсэн байна. Энэ үед Махер Абдулазиз Мутреб бараг гурван удаа утсаар дуудлага хийжээ.
Аллага гарсан өдөр Мутреб, Тубаики тэргүүтэй Саудын Арабын 13 хүн Истанбулд онгоцоор ирсэн байдаг. Түүнчлэн аллагын дараа Хашоггийн хувцсыг хэн нэгэн өмсч арын хаалгаар гарсан нь нууц камерын бичлэгт үлдсэн.
“Вашингтон Пост” сонины сэтгүүлч Жамаль Хашогги нь Твиттерт хамгийн олон дагагчтай Араб хүн байсан бөгөөд Англи, Америкийн телевизийн нэвтрүүлгүүдэд их оролцдог байв. Мөн 2018 онд тэрээр Саудын Арабд “Орчин үеийн Арабын ертөнц дэх ардчилал” хэмээх Саудын угсаа залгамжлах ханхүүгийн эсрэг чиг баримжаатай шинэ улс төрийн нам байгуулсан байна.
АНУ-ын Тагнуулын төв газрын дүгнэлт болоод Конгрессийн гишүүд хунтайж Мухаммед бин Салманыг тус хэргийн ард байгаа тул Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авах ёстой гэж байгаа боловч Д.Трамп тус асуудалд тун хойрго хандаж байгаа юм. Тухайлбал, Саудын Араб нь АНУ-ын эдийн засгийн томоохон, “баян” түнш нь төдийгүй Ойрх Дорнодын бүс нутаг дахь гол холбоотон нь ажээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ