Монголын нууц товчоос сангаас эрхлэн “Монголын нууц товчоог 365 хоногт” хуваарьт номыг бүтээлээ. Энэхүү номын нээлт маргааш буюу гуравдугаар сарын 4-ний 11.00 цагаас Төрийн ордноо байрлах Монгол төрийн түүхийн музейд болох гэж байна. Нээлтэд номыг бүтээхэд оролцсон эрдэмтэн мэргэд, судлаачид оролцоно.
“Монголын нууц товчоо” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, олон удаа хэвлэсэн байдаг ч энэхүү бүтээл нь жилийн турш унших хэлбэрт оруулж, одоо цагт мартагдахаа шахсан 2000 гаруй үгсийн тайлбартайгаар хэвлэн гаргаснаараа онцлог юм. Монгол улсын төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаагийн хөрвүүлэг дээр тулгуурлан бүтээсэн уг бүтээлд олон эрдэмтэд, судлаачид оролцсон байна. Энэхүү бүтээл нь Монголын Нууц Товчоог судлаачдын хүрээнд бус, жирийн хүмүүсийн ялангуяа залуусын дунд уншиж судлахад ихээхэн түлхэж болохуйц бүтээл болсоныг шүүмж судлаач, түүхчид онцлон тэмдэглэж байна.
Цаашид “Монголын нууц товчоо сан”-гаас энэхүү бүтээлийн цахим хувилбар дээр гаргахаар ажиллаж байгаа бөгөөд мөн монгол бичиг, англи, франц, япон зэрэг хэл дээр хэвлэх юм байна.
Б.ЭНХ