Шүүхийн тамгын газруудын 2018 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагаа өнөөдөр (2018.12.07) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхийн төлөө санаачилга, зүтгэлтэй ажиллаж 2018 оны ажлын үнэлгээгээр "Тэргүүн” байрт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, "Дэд” байрт Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, "Гутгаар” байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар тус тус шалгарлаа.
Мөн "Иргэдийн итгэл хүлээсэн шүүх”-ээр Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар, "Хэргийн хөдөлгөөний удирдлагаар манлайлагч хамт олон”-оор Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар, "Бүтээлч хамт олон”-оор Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар шалгарсан юм.
Шүүхийн тамгын газруудын 2018 оны үйл ажиллагааг шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн захиргаа удирдлага, хүний нөөцийн удирдлага, төсөв, санхүү, дэд бүтцийн удирдлага, нээлттэй ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хангах зэрэг үндсэн 6 шалгуур үзүүлэлтийг харгалзаж үнэлсэн талаар Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг танилцууллаа.
Дээрх шалгуур үзүүлэлтээр Монгол Улсын 40 шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг үнэлэхэд "Бүрэн хангалттай” буюу А үнэлгээг 8, "Хангалттай сайн” буюу В үнэлгээг 28, "Хангалттай” буюу С үнэлгээг 2, "Ажил сайжруулах шаардлагатай” буюу D үнэлгээг 2 шүүхийн тамгын газар тус тус авсан байна.
Шүүхийн тамгын газруудын 2018 оны ажлын үнэлгээг танилцуулах арга хэмжээний үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг"-ээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Одхүү, Баян-Өлгий аймгийн шүүхийн тамгын газрын дарга Б.Ерханат, Багануур дүүргийн шүүхийн тамгын газрын дарга Б.Эрдэнэбаяр нарыг шагнасныг гардууллаа.
Тус арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Монгол Улсын нийт шүүхийн тамгын газрын дарга нар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны нэгжийн дарга нар оролцов.
Эх сурвалж: ШЕЗ
Холбоотой мэдээ