Монголын Засгийн газраас 285 сая ам.долларыг нэхэмжилж, олон улсын арбитрын шүүхэд хандсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” заргаа авчээ. Тэд Монголын Засгийн газраас 100 сая долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон байна.
Энэ хэрэг зургаан жилийн өмнөөс буюу С.Баярын Засгийн газраас эхлэлтэй бөгөөд олон улсын арбитрын шүүх дээр багагүй хугацаанд зарга үүсгээд байсан юм. Ураны нөөцөөр Монголдоо нэгд жагсдаг Дорнодын ордод оростой хамтран үйл ажиллагаа явуулахаар канадуудын эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг нь хүчээр булааж авсныхаа хариуд Монголын Засгийн газар ийнхүү гадаадын шүүх дээр буруутан болж байна.
Нэг хүдрийн зангилаанд ойхон оршдог Дорнод, Мардай, Гурванбулагийн стратегийн орд газруудыни нийт талбай 53807 га. Дээрх бүлэг ордуудаас ураны нөөц сайтай нь Дорнодын орд бөгөөд баталгаажсан ураны нөөц нь 28868 тонн. Уг ордыг аэнх Орос, Монголын экспедици илрүүлж байсан бөгөөд 1998 онд Орос, Канад, Монголын хамтарсан “Төв Азийн уран” /Central Asia Uranium Corp/ компанийг байгуулж, Дорнодын орд газарт үйл ажиллагаа явуулж байжээ. Гэвч, Монголоос уран олборлох оросуудын шахалт дарамтанд дор 2009 онд Монголын Засгийн газар “Хан ресурс”-ийн тусгай зөвшөөрлийг цуцалснаар олон жилийн маргааны эхлэлийг тавьсан юм. Дорнодыг ордыг канадуудаас булааж, Монголын Засгийн газар “Дорнод уран” компани байгуулж, оросуудтай хамтран эзэмшихээр шийдвэрлэснийхээ төлөөсөнд ийнхүү 100 сая доллар буюу, бараг 200 тэрбум төгрөгийн өрөнд орлоо.
Дорнодын ордын ураныг ашиглах үүднээс С.Батболдын Засгийн газрын үед буюу 2010 онд Орос, Монголын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээгээр “Дорнод уран” компанийг байгуулахаар шийдвэрлэсэн ч “Хан ресурс”-ийг хэргээс болоод энэ асуудал нам жим болсон. Оросуудын хувьд “Дорнод уран” компанийг байгуулахыг Монголын талаас удаа дараа шаардаж ирсэн, 2006 оноос эхлэн Монголоос уран олборлоно гэдгээ ч ил тодорхой зарлах болсон билээ. Хэрэв Дорнодын ордыг түшиглэн “Дорнод уран” компанийг байгуулсан тохиолдолд ОХУ-ын ураны хэрэгцээний дөрөвний нэгийг тус ордоос олборлох боломжтой гэсэн тооцоог ч мэргэжилтнүүд хийж байв.
Парисын олон улсын арбитрын шүүх “Хан ресурс”-ийн заргыг шүүхдээ “Монголын Засгийн газар эрчим хүчний гэрээгээ болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн” гэжээ. Мөн “Хан ресурс”-т учирсан хохирлыг өнөөгийн ханшаар үнэлж гаргасан бөгөөд тусгай зөвшөөрлийг нь хууль бусаар цуцалснаас болоод компанид 83.3 сая долларын хохирол учирсан гэж үзсэн байна. Түүнчлэн компанийн өмгөөллийн зардал болох 9.1 сая ам.долларыг тус компанид олгох шийдвэр гаргасан байна. Монголын Засгийн газар арбитрийн чиглэлээр мэргэшсэн “Хоген ловеллс” гэдэг хуулийн фермийг хөлслөн ажиллуулж байсан юм.
Оросуудын хүсэлтийн дагуу 2009 онд тусгай зөвшөөрлийг нь хүчээр “булаасны”-хаа хариуд арбитрын шүүх дээр ялагдсан нь Монголын Засгийн газрын нэрд ийнхүү сөргөөр нөлөөллөө. Шүүхийн шийдвэрийн дараахан “Хан ресурс”-ийн гүйцэтгэх захирал Грант Эди “ Арбитрын шүүх шударга шүүсэнд баярлалаа. Шүүхийн шийдвэр бидний талд гарсанд баяртай байна. Мөн Монгол Улсын хуулийг зөрчсөн гэх нэрнээсээ саллаа. Монголын Засгийн газар хууль бус үйлдэл гаргасныхаа хариуд шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлбөрийг шуурхай олгохыг хүсье” гэсэн байна.
Ж.ЭРХЭС