Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын начин Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан давааг хүчингүй болгосон тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж улсын начин Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураажээ. Энэ тухай Шадар сайд У.Хүрэлсүхээс тодруулснаа хүргэе. Шадар сайд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын даргын албыг давхар хашдаг юм.
-Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон нэр бүхий хоёр бүхий бөхийн цол хураах асуудал юу болсон бэ. Наадмын комисс хуралдаад асуудлыг Ерөнхийлөгч рүү оруулахаар боллоо гэж байсан?
-Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс энэ талаар тодорхойлолт ирж, наадмын комисс хуралдаад допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн цолыг хасах саналыг Ерөнхийлөгчид хүргэсэн. Ерөнхийлөгч зарлиг гаргаад хоёр бөхийн цолыг хассан.
Дүрэмд зааснаар цолыг нь хасаад зогсохгүй барилдах эрхийг нь давхар хасах юм билээ. Наадмын комиссын хүрээнд энэ асуудлыг хэлэлцэхдээ “Залуу бөхчүүддээ барилдах боломжийг нь үлдээе. Допинг хэрэглэлгүй бэлтгэлээ хийж байгаад дахиад начин цол авч болох юм” гэж барилдах эрхийг нь хасахгүй, цолыг нь хураахаар шийдвэрээ гаргасан.
-Сэргээш хэрэглэсэн нь баттай тогтоогдсон байсан биз?
-Наад хоёр бөх чинь допинг хэрэглэсэн нь тогтоогдсон юм билээ шүү. Хоёр төрлийн дээжийг авч БНСУ-д хийлгэдэг. Монголчуудын ярьдагчлан найраа байхгүй, допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Тэгэхээр цолыг нь хураахаас аргагүй. Спорт шударга байх ёстой. Тэр хоёр начин тав давахад таван бөх барилдана биз дээ. Унасан бөхчүүдэд нь ямар харамсалтай вэ. Арван бөх харамсалтай үлдэж байгаа байхгүй юу. Унасан нэг бөх нь Г.Өсөхбаяр аварга байсан юм билээ. Хэрвээ Г.Өсөхбаяр аварга унаагүй бол наадамд түрүүлэх байсан ч юм билүү хэн мэдлээ.
Спорт бол шударга байх ёстой. Допинг хэрэглэсэн бол цолоо хураалгах юм байна гэдгийг бөхчүүд мааань хатуу бодох ёстой. Дээр нь ард түмнийг хуурч болохгүй. Эмч энэ тухай “92-оор явдаг байсан машинд 95 хийчихсэнтэй л адил байхгүй юу” гэж тайлбарлаж байна лээ. Тэгэхээр допинг хэрэглэсэн бөх бол тийм л хүч чадалтай бяр тамиртай болдог. Гэтэл унасан бөх нь жилийн турш заалны барилдаан хийж, сүүний хүчлээ өөрийнхөө хөдөлмөрөөр шахаж бэлтгэл хангадаг байтал тэр нөхөр бэлтгэл хийхгүй тариа хийлгээд цол авчихаж байгаа нь шударга бус. Тийм учраас хууль дүрийнх нь хүрээнд асуудлыг шийдсэн.
-Наадмын комисс хэзээ хуралдав, Ерөнхийлөгч хэзээ цолыг хүчингүй болгосон юм бол?
-Сар шинийн өмнө буюу хоёрдугаар сарын 16-нд наадмын комисс хуралдаж, саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ерөнхийлөгч дараа нь шийдвэрээ гаргасан. Нэг ёсны сар шинийн өмнө энэ асуудал шийдэгдсэн.
–Дүнжингарав морин уралдаан болж, морь унасан долоон хүүхэд бэртэл гэмтэл авсан тухай мэдээлж байна. Өвөл морь уралдуулж байгаад та ямар бодолтой байна вэ. Хүүхдийн эрхийн асуудлыг яаж хангах вэ?
-Энэ бол их маргаантай асуудал л даа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Үндэсний их баяр наадмын комиссын гишүүдийг шинэчлэх асуудлыг оруулж хэлэлцүүлнэ. Хүний эрхийн үндэсний комиссоор ирүүлсэн саналыг анаарч үзэх ёстой. Уралдааны явцад хүүхэд бэртэл гэмтэл авах, амь насаа алдах явдал бий. Комиссоо бүрдүүлж авч байгаад энэ бүхнийг ярилцаж, шийдэл гаргаж ажиллана гэж бодож байгаа.
Онцлоход, Н.Адьяабат нь Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярыг тавын даваанд өвдөг шороодуулж шинээр улсын начин цолны болзол хангасан бол Б.Суманчулуун нь улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав давж шинээр улсын начин цолны болзол хангасан аж. Н.Адьяабат нь Архангай аймгийн харьяат бөх бол Б.Суманчулуун нь Говь-Алтай аймгийн харьяат бөх аж.
Г.ДАРЬ