Жуулчдыг татах онгон байгальтай Гүйлин хотын тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Жуулчдыг татах онгон байгальтай Гүйлин хотын тэмдэглэл

Жуулчдыг татах онгон байгальтай Гүйлин хотын тэмдэглэл

Дэлхийд хоёрдугаарт орох том газар нутаг дээр хамгийн их хүн амыг багтаан суудаг улс бол урд хөрш, Хятад улс юм. Онгоцны цонхоор урсан өнгөрөх нутаг орчны өөрчлөгдөхийг ажих, найзууд дундаа буу халан явахад үнэхээр адал явдалтай аялал эхэлж байгаа юм шиг бага зэрэг сэтгэл догдлон байлаа. Улаанбаатараас Бээжин рүү хоёр цаг нисэв. Бээжингийн Капитал олон улсын нисэх буудал дээр буухад орчуулагч  өвөр монгол залуу биднийг угтсан юм. Өдрийн хоолонд орсны дараа Бээжингээс үзэсгэлэнт Гүйлин хотыг зорилоо. Манайхаар бол Улаанбаатараас Хөвсгөл орох зайны хол газар юм. Онгоцонд долоон цаг орчим нисч, зорьсон газартаа буухад цаг агаар +22 градусыг зааж байв.  Гүйлин хот нь жилийн дөрвөн улиралд чийглэг, дулаан уур амьсгалтай гэдгээрээ ихээхэн онцлог. +22 градус эндхийн  хүмүүсийн  хувьд хүйтэнд тооцогддог учир пальто, ороолт зэрэг зузаан хувцсандаа аль хэдийнээ оржээ. Харин бидний хувьд -20 хэмийн хүйтнээс +22 хэм буюу зуны дэлгэр цагт очсон мэт таатай байсан юм. Ингээд урд хөршийн өвөрмөц сонин газруудын нэгээхэн хэсгээр зорчсон аялалын тэмдэглэлийг сонирхуулж байна.

Гүйлин хот бол Хятад улсад номер нэг үзэсгэлэнтэй газарт тооцогддог. Энэ нутгийн өвөрмөц  тогтоцтой уул, толгод, асга хаднуудын төрх, тэдний дундуур урсах үзэсгэлэнт Ли голын үзэмж нийлсэнд Гүйлин орчмын байгалийн үзэсгэлэнгийн хамаг том нууц оршино. Ойртоод харахад ус нь тунгалаг ч, холоос харахад Ли гол ногоон өнгөтэй харагдах нь  тун ч өвөрмөц.

Энд ирсэн аялагч бүр Ли голоор моторт завиар зугаалдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө завь биш салаар зугаалдаг байсан  нь байгальтайгаа хамаагүй ойр мэдрэмж төрүүлдэг байсан гэдгийг хэлэх хүн цөөнгүй байсан юм. Тасралтгүй үргэлжлэх сайхан байгалийн төрх, усны цалгилах чимээ, сэрүүн сэвшээ салхи энэ бүгд нийлээд сэтгэлд тайвширал авчирна. Мэдээж Ли голыг тойрон "ашиг шимийг" нь хүртэгсэд олон. Эртний шаазан эдлэлүүд тэр дундаа шаазан жижигхэн хүүхэлдэйнүүд худалдахаас гадна төрөл бүрийн шарсан, хуурсан хоол, ус ундаа, чихэр жимс зэргээр жуулчид, аялагчдын нүдийг баясгах олох зүйл бий. Хамгийн сонирхолтой нь би энд ирснээс хойш ганц ч жингийн илүүдэлтэй хүн хараагүй юм. Эр, эмгүй л туранхай улсууд байх аж. Царайны хувьд Тайланд хүмүүстэй  тун төстэй. Тэдний туранхай байдгийн учир  нь үхэр хонины мах  хэрэглэдэггүй. Харин төрөл бүрийн ногоо, загасны мах л хэрэглэдэгтэй холбоотой гэдгийг орчуулагч залуу хэлж байв.

Тус  хотын хамгийн алдартай, хамгийн сонирхол татам газруудын нэг бол Хулсан лимбэ буюу Люди Ян хэмээх шохойн чулуун агуй юм. Энэхүү агуй нь 180 сая гаруй жилийн настай бөгөөд 1200 орчим жилийн турш хүмүүсийн зорин очдог газруудын нэг байсаар иржээ. Хулсан лимбэ агуйн гадна ургасан нэгэн зүйл хулс нь лимбэний уянгалаг яруу эгшгийг гаргадаг учир Хулсан лимбэ хэмээн нэрлэгдсэн гэнэ. Агуйн таазнаас сталактитууд унжиж, шалнаас нь сталакмитууд цоройн гарсан өвөрмөц, ер бусын хадан тогтоцтой энэ агуйд өнгө өнгийн гэрлийн нөлөөгөөр дотроо түмэн өнгөөр солонгорч харагдана. Агуйд тэртээ 792 оны үеийн Тан гүрний үед хамаарах бичээсүүд хадгалагдан үлдсэн гэнэ. 1940-өөд оны үед Японы цэргүүдээс дүрвэсэн бүлэг дүрвэгчид энэ агуйд амьдарч байсан түүх хүртэл бий. Хятадаар аялж байгаа тохиолдолд дэлхийтэй холбогдоно гэдэг тун төвөгтэй. Дотоодын иргэддээ бол асуудалгүй. Манайхны холбоо сүлжээндээ ашигладаг твиттер, фейсбүүк болон хайлтын системийн оронд хятадууд вичат, вейбо зэрэг дотоодын цахим сүлжээг ашиглана. Үүнийгээ ч амьдралдаа сүрхий хэрэглэж хэвшсэн юм билээ.

Тус хотын шөнийн гудамж дэлгүүр, үйлчилгээний газрууд хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй. Шөнийн гудамжинд уламжлалт зэмсэг уянгалуулан суугаа гудамжны хөгжимчнөөс эхлээд хүний хөрөг зураач, төрөл бүрийн худалдаа эрхлэгч нар энэ гудамжинд аж төрнө. Гүйлинд мотоцикль, мопед, гурван дугуйт гээд унадаг дугуйнаас машин хүртэлх бүх л төрлийн унаа байдаг нь сонирхолтой. Тэд явган хүмүүстэйгээ зэрэгцээд дундуур нь сүлжилдэн явахад дасаагүй бидэнд төвөгтэй боловч өөрсдөө тун ч тоохгүй.

Гүйлин хотын байгалийн үзэсгэлэнд “мансууран” хоёр хонохдоо Бээжин рүү явахаа бараг мартах шахаж. Учир нь бид Бээжингийн алдарт Хааны ордон буюу хүмүүсийн хэлж заншсанаар “Хориотой Хот”-ыг үзэх ёстой.

Бээжин хотын ихэнх барилга байгууламжийн гаднах өнгөнд саарал өнгө голложээ. Хаа нэг цагаан, цайвар ягаан өнгөтэй барилга харагдах ч зэгэл саарал өнгө давамгайлах аж. Уйтай гэмээр энэхүү төрхийг зөөллөж, гэгээ татуулж байгаа нь мод бут юм. Товчхондоо бол, ногоон байгууламжийн хувьд үлгэр жишээ. Тав зургаан давхрын цонхыг хаахуйц өндөртэй модод захаас аваад тааралдах. Зүлэг бутыг хэлбэржүүлж хайчлахдаа гаргуун ч гэж юу гэхэв.

Хятад хүнийг дугуйгүйгээр төсөөлшгүй. Нээрээ ч Бээжинд дугуй одоо ч унааны  гол хэрэгсэл хэвээрээ байна. Урьд нь дугуйг худалдаж авч унадаг байсан бол эдүгээ түрээсийн дугуйг ажил төрөлдөө ихээхэн ашиглах болжээ. Өөрөөр хэлбэл, дугуй худалдаж авахгүйгээр гудамжинд байх цэгээс тодорхой хөлс төлж өдрөөр түрээслэн унадаг гэсэн үг. Ингэхдээ хүмүүс нь дугуйг заавал зориулалтын газарт л тавьдаг  аж. Харин манайд түрээсийн  дугуйн үйлчилгээ өнгөрсөн долдугаар сард нэвтэрсэн ч улирлын чанартай учраас одоогоор ажиллахгүй байгаа.  Өнгөрсөн хугацаанд түрээсийн дугуйг хулгайлж, эвдлэх цөөнгүй тохиолдол гарсныг албаны хүмүүс ч хэлж байсан удаатай. Ингээд бодохоор бид тэднээс суралцах зүйлс бий гэдгийг дээрх  жишээ харуулж байгаа байх.

Хориотой хот нь Мин гүрний хаанчлалын үеэс эхлэн Чин гүрний хаанчлалыг дуустал Хятадын хамгийн чухал газар байсан юм. Энэ нь Бээжин хотын төвд байрладаг бөгөөд 1925 оноос хойш  “Ордон Музей” болоод байгаа билээ. Бараг 500 зуун жилийн турш Хориотой хот нь эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний хувьд гэр нь болохоос гадна төрийн хэрэг явуулах төв нь байжээ. “Хориотой хот” нь Хятадын уламжлалт архитектурын хамгийн том жишээ бөгөөд 1984 онд уг хотыг Дэлхийн өвийн санд Дэлхий дээр хадгалагдан үлдсэн хамгийн том модон барилга хэмээн бүртгэж авсан байна.

Хотыг үзэхийн тулд эртлэн очихгүй бол өдөрт 80 мянган хүнийг дотогш нэвтрүүлдэг гэнэ. Энэ хотыг манай монголчууд “Сүүлчийн эзэн хаан” киногоор андахгүй. Хятадуудын өөрсдийнх нь ярихаар бол уг хотод 9999 барилга байгууламж байгаагийн талаас илүүгийнх нь үүд хаалгыг нээгээгүй хэмээн ярьдаг юм байна лээ.  “Хориотой хот”-ын дизайн нь ерөнхий төлөвлөлтөөсөө эхлээд хамгийн өчүүхэн зүйл нь хүртэл эзэн хааны сүр хүчийг илтгэхээр зохиогдсон байна.

Тухайлбал, шар өнгө бол Эзэн хааны өнгө. Тийм учраас “Хориотой хот”-ын ихэнх барилгуудын дээвэр шар өнгийн хавтангаар хийгджээ. Зөвхөн хоёрхон барилгын дээвэр л өөр өнгөтэй. Эхнийх нь Номын өргөөний дээвэр хар өнгөтэй учир нь хар өнгө усны бэлгэдэл болдог бөгөөд ингэснээрээ галаас урьдчилан сэргийлнэ гэж үзжээ. Үүнтэй нэгэн адилаар Угсаа залгамжлах Хан хүүгийн өргөө ногоон дээвэртэй байдаг юм байна.  Ногоон өнгө нь модны бэлгэдэл бөгөөд Хан хүүг мод адил өөдлөн дэвжихийг бэлгэддэг байна. Барилгын дээврийн хөндлөн тулгуур дээр эзэн хааны бэлгэ тэмдэг болсон лууг дагуулж галт шувуу хөлөглөсөн хүний баримал байх ба баримлын тоогоор дамжуулж барилгынх нь ач холбогдлыг мэдэж болно. Гол өргөөнд 3-5 баримал байхад Ёслолын өргөөнд 10 баримал байх жишээний.

Бээжингээр аялахад хамгийн тохиромжтой сар бол 9-10 сар гэнэ. Гэвч их нийслэл аялагчдын хөлд дараатай байна. Ихэнх нь дотоодын аялагчид байх аж. Хятад улс өөрийн 56 үндэстэн ястантай. Тэдгээрийн аялал жуулчлалын бүсүүдээр хятад хүн ганц олдох насандаа хил давж хол зорчилгүй нүд хужирлах газартай улс юм шиг санагдаж байсныг нуух юун. Нөгөө талдаа иргэд нь хаа дуртай газраа аялж зугаалж байна гэдэг төрийн бодлого захын айл өрх, энгийн иргэддээ хүрч очсоныг илтгэж байх шиг. За тэгээд үзсэн дуулсан болгоноо бичнэ гэвэл нэлээн нурших нь. Иймээс аяллын тэмдэглэлээ үүгээр өндөрлөж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж