Хонгил руу нарны гэрэл тусгая

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хонгил руу нарны гэрэл тусгая

Монголын улс төрд “хонгил” гэдэг үг нэг биш удаа анхаарлын төвд орж байна. Анх Ерөнхий сайд П.Жасрай “Хонгилын үзүүрт гэрэл харагдах боллоо” гэж хэлж, энэ үг нь хэвлэлийнхэн, улс төрийнхний дунд ихээхэн хэрэглэгдсэн юм. Харанхуйд лаа бариад зогсч байгаа Жасрай гуайн шог зураг хүртэл зурагдаж байлаа. Ерөнхий сайд П.Жасрай Монголын хамгийн хүнд үе буюу 1992-1996 оны хооронд гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан. Эдийн засаг нь элгээрээ мөлхсөн, 325 хувийн гиперинфляцтай, цахилгаан станцууд нь хэзээ мөдгүй таг зогсох аюултай, төрийн сан хоосорсон, ард иргэд нь картын бараагаар гол зогоож байсан үе. Ерөнхий сайд П.Жасрай, түүний Шадар сайд Ч.Пүрэвдорж нар Монголыг хөл дээр нь зогсоохын төлөө үнэхээр чөмгөө дундартал ажилласан гайхамшигтай хүмүүс.

П.Жасрай Ерөнхий сайдын албыг аваад хоёр жилийн дараа 1995 он гэхэд картын барааны тогтолцоог халж, “Хонгилын үзүүрт гэрэл харагдах боллоо” гэсэн үгээ хэлсэн юм.

Энэ дашрамд түүний баруун гар болж чадсан Ч.Пүрэвдорж агсны Монголын төрд гүйцэтгэсэн үүргийг дутуу үнэлсээр ирсэн санагддаг. Тухайн үед өөрийгөө аваад явчих чадвартай байсан Монгол улс хандивлагч орнуудын дэм буянаар хүнд үеэ даван гарсан бөгөөд Хандивлагч орнуудын уулзалт гэдэг Монгол хоолтой ундтай байх уу гэдгийг шийддэг үе байсан. Улаанбаатар хотноо болсон нэгэн ээлжит хурал өндөрлөж, уулзалтын үр дүнгийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэхээр орж ирэхдээ Шадар сайд Ч.Пүрэвдорж хэдэн өдөр унтаагүйгээс нүд нь бүр улаачихсан орж ирж мэдээлэл хийж байсныг мартдаггүй юм. 1992 онд УИХ-д гишүүнээр сонгогдон давхар Шадар сайдын албыг хашсан энэ агуу хүн гишүүнээсээ буусны дараа ажилгүй байж байгаад 1998 оны намар С.Зоригийн аллагын хэрэг гарахын өмнөхөн амьсгал хурааж, хувь заяаны сонин тохиолдлоор С.Зориг агсан алагдсан өдрөө Ч.Пүрэвдорж агсны оршуулах ажлыг зохион байгуулах Засгийн газрын комиссийн даргын хувиар ар гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн байдаг. Улс даяараа С.Зоригийн хэргээр шуугиж байсан тэр өдрүүдэд төрийн жинхэнэ хар хүн Ч.Пүрэвдорж агсны оршуулга даруухан болоод өнгөрсөн юм.

Эргэн сэдэв рүүгээ ороход П.Жасрай агсны хэлснээр үнэхээр л хонгилын үзүүрт гэрэл харагдаж, эдийн засаг бага багаар сэргэж эхэлсэн. Тухайн үедээ ганц лааны гэрэл төдий байсан бол тун удалгүй мянга мянган лааны гэрэл хонгилыг гэрэлтүүлж Монголын эдийн засаг жилийн 17 хувийн өсөлтийг харуулж дэлхийд гайхагдсан нь 2012. Хонгил гэрэлтэхийн хэрээр төрийн сангийн авдар дүүрч, бүүр сагах хэмжээнд очиж, энэ мөнгөнд нүдээ унагаж шүлэнгэтсэн хүмүүс ард түмний нэрийг барин төрийн толгойд үүрлэснээс үүдэн одоогийн зовлон эхэлсэн. Үүнийг харин одоо “Шударга бусын хонгил” хэмээн нэрлэх болжээ. Энэ хонгилд мөнгөнд нүд нь сохорсон улстөрч нэртэй цөөн тооны хүмүүс байгаа бөгөөд харин ард иргэдийн хонгилд нэвтрэх зам хаалттай юм. Бүгд шударга ёс, ард түмний сайн сайхныг ярьж байгаа ч яг үнэндээ хонгил доторх зодоон өнөөгийн цаг үеийг тодорхойлж байна. Иргэд орох нь хориотой хонгилд П.Жасрай агсны асаасан лааны дараа улс төрийн эрх мэдэлд хүрсэн цөөн тооны гэр бүл амьдарч байна. Зарим тоогоор 200 орчим гэр бүл гэдэг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласнаар 30 гэр бүл зөвхөн өөрсдөдөө зориулсан лааны гэрэлд амьдарч байна.

Зөвхөн эрх мэдэл мөнгөний эрх ашгаар эвлэлдсэн хонгилд амьдрагчид түнжин хагарсан, буцаж эвлэхээс өнгөрсөн бололтой. Уг нь энэ хонгил хаа нэгтээ харь гариг дээр биш Монголд байгаа боловч хонгилын гадна мөрдөгдөж хэрэгждэг хууль, хариуцлагын тогтолцоо хонгилд мөрдөгдөхгүй, бүүр нарийн хэлбэл, мөрдүүлдэггүй явсаар ирснээ одоо нэг нэгээрээ ил гаран илчилж эхэллээ. Хонгилыг нураах тухай ярьж байгаа нь сайн ч хонгилоо нураах гэж зад дэлбэлэх биш хуулийн хүрээнд, ил тод, яриа хэлэлцээний замаар хийх нь Монголын сонгосон замд нийцнэ.

Хонгилоо дэлбэлэх биш хиймэл лааны гэрлээ унтрааж нарны гэрэл тусгах цаг болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж