Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд цасаар шуурах нь ээ.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.