Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг “Долоо хоногийн тойм” буландаа онцолж байна.
Засгийн газрыг хамгаалах зорилготой шинэ МАНАН “мэндэллээ”. МАНАН-г МАН-ын бүлгийн гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Л.Болд, намаасаа хөөгдөөд байгаа Ж.Батзандан нар бүрдүүлж байна. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, өнгөрсөн пүрэв гаригт чуулганы танхимын үүдэнд суулт хийсэн. МАН, АН-аас бүрдсэн энэхүү “бүлэглэл”-ийг 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд асан С.Баяр, Н.Алтанхуяг нарын байгуулсан МАНАН-гийн Засгийн газрын хоёр дахь үе гэж үзэж байна.
МАНАН-гаас тавьсан шаардлагыг Засгийн газрыг хамгаалж кноп дарсан бүх л УИХ, Засгийн газрын гишүүд дэмжсэнээр хоёр өдрийн турш чуулганы үйл ажиллагаа тасалдав. Үүнээс болж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилж чадсангүй хойшилж, дахин хэдэн ч өдөр тус салбар эзгүйдэхийг хэлж мэдэхээргүй боллоо. Хамгийн ноцтой нь, сайдыг нь томилоод өгье гэхэд Ерөнхий сайд чуулганы хуралдаанд оролцоогүй нь зөрчлийг улам хурцатгаж, Засаг ч үгүй болох вий гэдэг болгоомжлол руу хөтөлж байна. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн тэсвэр алдаж, бүлгээсээ гарсан нөхцөлд Засгийн газар чадамжгүй болох эрсдэл бий.
Гэхдээ энэхүү 27 гишүүний төлөөлөл өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж, танхимаа бүрэн бүтэн болгож, парламентын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхын төлөө ажиллахыг шаардлаа.
АН гурван гишүүндээ хариуцлага тооцов
Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн даваа гаригт хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй, өнжөөх шийдвэр гаргав. Эл шийдвэрийг УИХ-ын гишүүн Л.Болд эсэргүүцэж, бүлгээсээ гарах саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хүргэсэн ч бүлгийн дарга Д.Эрдэнэбат эл саналыг УИХ-д хүргэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ бол Ардчилсан нам УИХ-д бүлэгтэйээ үлдэх алхам юм.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос дээрх шийдвэрийг гаргасан нь Засгийн газрыг өмгөөлж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг хамгаалсан явдалд нь хариуцлага тооцсон хэрэг юм.
УИХ-д хэд, хэдэн удаа АН-ын нэрээр өрсөлдөн сонгогдсон Л.Болд гишүүний Засгийн газрыг хамгаалж, ЖДҮ-ийн “хуйлгайч” нарыг өмгөөлсөн шийдлийг нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар шүүмжилж, “Хэрэв би Л.Болдын оронд УИХ-ын гишүүн байсан бол ЖДҮ-тэй тултал тэмцэх байлаа” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Гурван гишүүнийг яллагдагчаар татах уу?
Авлигын эсрэг олон улсын өдөр өнгөрч буй долоо хоногт тохиож, Авлигатай тэмцэх газраас гурван өдөр дараалан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ үеэр дуулиан дагуулсан бас нэг асуудал нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компанидаа зээл авсан нэр бүхий гурван гишүүнийг яллагдагчаар татах асуудлыг УИХ-д оруулах нь гэх дуулиан байв. Гэвч эл асуудалд Авлигатай тэмцэх газраас тодорхой тайлбар хийсэнгүй. Хуулиараа энэ асуудлыг улсын ерөнхий прокурор УИХ-д оруулдаг. АТГ нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзоригоос өөр хүнээс мэдүүлэг аваагүй гэж мэдэгдэв.
Иймээс Засгийн газрыг дэнжигнүүлж, хоёр ч сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхөд хүргээд байгаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар энэ долоо хоногт нэр бүхий гурван гишүүнийг яллагдагчаар татах эсэх асуудал УИХ-д тавигдах уу гэдэг нь анхаарал татсан асуудал болж байна.
ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хариуцлага хүлээнэ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн гадаа энэ сарын 3-нд 23.00 цагийн орчимд 26 настай эмэгтэй төрсөнд тус төвийн захирал Ш.Энхтөр хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх болов.
Болсон үйл явдлыг харсан эмэгтэйн бичсэнээр дээрх эмэгтэй тус төвийн Хүүхдийн тасагт орж ирээд төрөх гэж байгаагаа хэлсэн. Гэвч бүртгэл хөтөлдөг хүлээн авахынх нь сувилагч “Манайх төрүүлдэг нь биш” гэж хэлээд гаргасан. Удалгүй эмэгтэй эмнэлгийн гадаа нь төрсөн. Хөхөө өвлийн хүйтнээр эмнэлгийн гадаа хүнээ төрүүлсэн нь энэ салбарт хариуцлага, хүн чанар гээд олон зүйл доод шатанд дутагдаж байгааг харуулсан үйл явдал болов. Мөн шинжлэх ухааны хөгжил дэвшлийн хүчинд хэзээ төрөхийг нь өдөртэй нь бараг хэлдэг болсон цаг үед дээрх эмэгтэй хариуцлагагүй хандав уу гэдэг асуудал ч сөхөгдөж байна. Юутай ч энэхүү үйл явдал хаа, хаанаа хариуцлагатай байхыг сануулсан том сургамж боллоо.
Эрүүл мэндийн яамнаас болсон хэрэг явдалд хэн буруутай вэ гэдгийг нягтлахын тулд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Гэвч ажлын хэсгийн дүгнэлт гарахаас урьтаад ЭХЭМҮТ-ийн захирал чөлөөлөгдөхөө мэдэгдсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ