Ангела Меркелийн залгамжлагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Ангела Меркелийн залгамжлагч тодорлоо

Германы эрх баригч нам болох Христийн Ардчилсан холбооны шинэ тэргүүнээр Аннегрет Крамп-Карренбауэр сонгогдлоо. Ингэснээр Ангела Меркель намын даргын албан тушаалаасаа албан ёсоор огцорч байгаа юм.

Намын их хуралд нийт 517 хүн оролцож, санал өгсөн байна

Намын даргыг сонгох хурал Германы Хамбург хотноо болж өнгөрлөө. Намын гишүүдийн санал хураалтаар Крамп-Карренбауэр нь 52 хувийн санал авч, ялалт байгуулсан байна.

Ангела Меркель 2000 оноос хойш өнөөг хүртэл 18 жилийн турш Христийн Ардчилсан холбооны даргаар ажилласан юм. Харин өнгөрсөн аравдугаар сард болсон Германы орон нутгийн сонгуулийн үеэр нам нь түүхэнд байгаагүй томоохон ялагдлыг хүлээсний дараа намын даргын албан тушаалаасаа огцрох төдийгүй Канцлерийн суудлын төлөө дахин өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Канцлерын үүрэгт хугацаа нь 2021 онд дуусах юм. Ангела Меркель нь намын дарга болон сайдын албан тушаалуудыг амжилттай хашиж байгаад 2005 оны сонгуулиар олонхын санал авснаар ХБНГУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй канцлер болсон юм. Түүнийг 2016 онд канцлерын албан тушаалд дөрөв дэх удаагаа өрсөлдөн ялснаас хойш хүмүүс “Мөнхийн канцлер” хэмээн цоллох болжээ.

Христийн ардчилсан холбоо нь аравдугаар сарын 28-нд болсон Хэссэн мужийн сонгуульд сонгогчдын арваас доош хувийн санал авснаар 1966 оноос хойш байгаагүй муу үр дүнг үзүүлсэн юм. Мөн Ангела Меркелийн “эгч, дүү” нам хэмээгддэг “Баварийн христийн нийгмийн холбоо” нам ч бас өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээгээд байжээ. Харин зүүний “Ногоон нам”, “цагаачдын эсрэг Германы альтернатив нам” сайн үзүүлэлттэй явж байгаа аж.

Германы улс төрийн томоохон хүчин болох Христийн ардчилсан холбооны дараагийн удирдагчаар хэн сонгогдох нь сонирхол татсан асуудал болоод байсан юм. Намын даргын сонгуульд Аннегрет Крамп-Карренбауэраас гадна Меркелийн эртний өрсөлдөгч Фридрих Мэрц, Меркелийн цагаачдын бодлогыг хурцаар шүүмжилж байсан, эрүүл мэндийн сайд Енс Шпаан нэрээ дэвшүүлээд байв. Енс Шпааныг дөнгөж 38 настай, улс төрийн хариуцлагатай албан тушаал хашихад хэтэрхий залуу хүн гэдэг байсан бол Фридрих Мерц нь ХБНГУ-ын Ерөнхийлөгч тэргүүтэй олон томоохон дэмжигчтэй хүн юм. Түүний амлаж байсан гол зүйл нь ЕХ-ны илүү сайн интеграци, цагаачлалын бодлогын өөрчлөлт зэрэг байв.

Харин Аннегрет Крамп-Карренбауэрын хувьд Меркелийн ойрын хүрээллийн хүн, мөн намын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагийн хувьд сонгогдох магадлал өндөр байсан аж.

АННЕГРЕТ КРАМП-КАРРЕНБАУЭР ГЭЖ ХЭН БЭ?

Аннегрет Крамп-Карренбауэрын нэрийг АКК хэмээн товчилж дуудан, бичдэг төдийгүй “мини Меркель” ч хэмээн хэлдэг байна. Учир нь түүний улс төрийн албан тушаалын замнал нь Меркелийнхтэй тун төстэй байна. Тухайлбал, тэрбээр Заарланд мужийн захирагч, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, харин одоо намын даргаар сонгогдоод байгаа юм. Харин намын даргаар сонгогдсоныхоо дараа тэрбээр,

“Би Меркелийн залгамжлагч, гэхдээ түүний хуулбар биш” гэжээ.

Мөн тэрбээр Христийн Демократ намыг дэлхийн хамгийн хүчтэй консерватив нам, “Европын сүүлчийн ганц эвэрт” хэмээн хэлсэн байна.

Өдгөө 56 настай Крамп-Карренбауэр нь 2011 оноос хойш Заарланд мужийн захирагчаар ажиллаж байгаа бөгөөд Меркель өнгөрсөн хоёрдугаар сард түүнийг намын Ерөнхий Нарийн бичгийн даргын албан тушаалд томилоод байв. Шинэ намын даргын гол амлалт бол намын гишүүдийн эв нэгдлийг хангах юм. АКК нь Меркельтэй адил зөөлөн өнгөөр ярьдаг боловч хатуу зарчимч хүн юм. Намын даргын сонгуулийн өмнө нь тэрбээр кампанит ажилдаа анхаарч, нэр хүндээ өсгөхийн оронд Германы 16 муж улсаар айлчилж, намын гишүүд болон сонгогчидтой уулзаж, тэдний санаа бодлыг сонссон аж.

Орон нутгийн сонгуулиар томоохон ялагдал хүлээсэн ч Христийн ардчилсан холбоо нь улс төрийн том хүчин хэвээр байгаа бөгөөд АКК нь намын даргын хувьд 2021 онд холбооны сонгуульд оролцож, ХБНГУ-ын дараагийн канцлераар сонгогдох боломжтой юм.

“Намын үнэт зүйл, зарчим, үзэл баримтлалаа ямар ч тохиолдолд гээхгүй байх ёстой” хэмээн Ангела Меркел намын дарга, шинээр сонгосон гишүүддээ хандан хэлсэн байна. Мөн тэрбээр, “Ирээдүйд та бүхнийг маш том сорилт хүлээж байгаа. Германд үндсэрхэг үзэл газар авч, худал мэдээлэл амархан тархдаг болсон. Бидний Христийн ардчилсан холбоо ч, улс төрийн нөхцөл байдал ч 2000 оныхоос эрс өөрчлөгдсөн. Харин цаашдаа бид ирээдүйгээ харж, өөрчлөлт шинэчлэлтэд ямагт бэлэн, бас хүчтэй байх хэрэгтэй” хэмээн хэлжээ.

Христийн ардчилсан холбооны нэр хүнд буурах болсон нь Меркелийн явуулж буй цагаачлалын бодлоготой зарим талаараа холбоотой гэгддэг. Түүний энэ бодлогыг Германы дотоод хэргийн сайд Хорст Зээхофер хурцаар шүүмжилсээр ирсэн билээ. Мөн түүний явуулсан бодлогын уршгаар Германд үндсэрхэг үзэлтнүүд хүчирхэгжиж байна хэмээн үзэх хүмүүс ч байдаг. Эдгээрийн үр дагавар нь аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн дүнгээс ч харагдсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж