АНУ-ын Хууль зүй, Шүүх яамны тэргүүн Жефф Сешионс өнгөрсөн сард ажлаасаа халагдсаны дараа тус албан тушаал түр эзэнгүй байсан бол П.Трамп өчигдөр /2018.12.07/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Виллиам Баррыг түүний оронд Шүүх яамны тэргүүн, Ерөнхий прокурорын албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн тухай мэдээлсэн байна.
Бага Бушийн үед Ерөнхий прокурорын албан тушаалыг хашиж байсан Виллиам Барр нь хууль зүйн салбартаа маш нэр хүндтэй хүн бөгөөд “өөрийн багтаа түүнийг авч байгаадаа баяртай байна” хэмээн Д.Трамп хэлжээ. Мөн түүнийг “Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын гишүүдийн аль алиных нь дунд нэр хүндтэй, ажлыг чадварлаг, түргэн шуурхай хийж гүйцэтгэдэг” хэмээн Д.Трамп үнэлдэг байна.
Өмнөх Ерөнхий прокурор Жефф Сешионсийг 21 сар тус албан тушаалыг хаших хугацаанд Д.Трамп олон удаа шүүмжилж байсны дотор 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон гэх хэргийн мөрдлөгийг хангалтгүй хийж байна хэмээн буруутган, өнгөрсөн сард ажлаас нь чөлөөлсөн байна.
Шүүх яамны удирдлагыг ийнхүү сольж байгаа нь ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон тухай мөрдлөгт ямар нөлөө үзүүлэх нь одоохондоо тодорхойгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сүүлийн өдрүүдэд боловсон хүчний сэлгээ хийхэд багагүй анхаарал хандуулж байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Жон Келиг албан тушаалаас нь огцруулах тухай Цагаан ордноос өчигдөр /2018.12.07/ мэдээлэл хийсэн бол НҮБ-д сууж буй АНУ-ын Элчин сайд Никки Хэлейг, Төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Хийтер Науэртээр солих болсон тухай энэ долоо хоногт мэдээлсэн. Д.Трамп Хийтер Науэртыг “маш авьяаслаг, ухаантай, хурдан шаламгай” хэмээн үнэлдэг аж.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ