“Alcoa” өнгөрсөн улиралд ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

“Alcoa” өнгөрсөн улиралд ашигтай ажиллажээ

АНУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Alcoa” компани өнгөрсөн гурван сард
ашигтай ажилласан байна. Жилийн өмнө 454 сая ам.долларын алдагдалтай байсан бөгөөд энэ оны эхний улиралд 201 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан юм. Харин өнгөрсөн улиралд 136 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Хэдийгээр дэлхийн зах зээл дээрх хөнгөн цагааны ханш унаад байгаа ч улирлын орлого нь 4.2 тэрбум ам.доллараас 5.2 тэрбум ам.доллар болж огцом өссөн байна.

Питсбургд байрладаг дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн гигант энэ жил хөнгөн цагааны дэлхийн эрэлт нэмэгдэх болно гэж тооцоолж байна. “Бид ашиг, орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн хувьд бэлэн мөнгөний нөхцөл байдлаа бат бэх болгоод байна. Алкоа компанийн ирээдүй маш сайн харагдаж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Клаус Клайнфелд ярьж байна. Алкоа ихэвчлэн “Dow Jones” аж үйлдвэрийн индекст багтсан компаниудаас хамгийн түрүүнд ашиг орлогоо мэдээлдэг компани. Үүнээс үзвэл зах зээлийн өнгө аяс хаашаа эргэж байгааг мэдэрч болно гэж зарим эдийн засагчид ярьж байна. “Hinsdale Associates” компанийн эдийн засагч Анди Фицпатрик “Зах зээл өнөөдөр чиг хандлагаа хайж байна, тэгвэл Алкоагийн энэ мэдээ энэ долоо хоногийн гол барометрийн заалт байх болно” гэж ярьжээ.

Гэсэн хэдий ч хөнгөн цагааны ханш унасаар байгаа тул Алкоагийн энэ амжилт богино хугацааных байж болзошгүй гэж зарим нь болгоомжилж байна. “Хөнгөн цагааны ханш хоёрдугаар улиралд байснаас унасан. Тэгэхээр гуравдугаар улиралд компаниуд алдагдалтай гарч болзошгүй” гэж “Affiliated Research Group” компанийн Чарьлз Брадфорд ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж