Английн хөлбөмбөгийн премьер лигийн Саутхэмптон клуб хэдхэн хоногийн өмнө дасгалжуулагч М.Хьюзыг ажлаас нь чөлөөлж Австри мэргэжилтэн Р.Хазенхюттелийг томилсон. 56 настай Уэльс дасгалжуулагч М.Хьюз өнгөрсөн 3 сард Саутхэмптон клубын дасгалжуулагчаар томилогдсон боловч лиг эхэлснээс хойш 15 тоглолтонд багаа удирдахдаа ердөө ганцхан хожил авч 6 тэнцээ, 8 хожигдолтойгоор лигийн хүснэгтийн 18-р байранд бичигдэж байсан. Иймээс Саутхэмптон клубын удирдлагууд түүнийг ажлаас нь чөлөөлж Австри мэргэжилтэнг багийнхаа дараагийн дасгалжуулагчаар томилсон.
Өдгөө 51 настай Австри мэргэжилтэн Р.Хазенхюттель нь 2007 оноос Германы 3-р лигийн Унтерхахинг багаас дасгалжуулагчийн карьераа эхлүүлж байсан. Германы доод лигүүдэд ажиллаж байсан Австри эрхэм 2016 онд Лейпциг клубыг удирдан багаа дээд лигт гаргаж ирснээр барахгүй 2016-2017 оны улиралд эхний жилдээ шууд бундеслигийн дэд аварга болгосон. Германы лигт амжилттай ажиллаж чадсан Р.Хазенхюттелийн дараагийн зогсоол нь Английн премьер лиг байсан бөгөөд өнгөрсөн 5-ны өдөр Саутхэмптон клубын ахлах дасгалжуулагчийн албанд томилогдсон. Анх удаагаа премьер лигт ажиллах гэж буй Австри эрхмийн эхний шалгалт нь лигийн 16-р тойргийн хүрээнд Кардифф Сити клубын эсрэг хийх тоглолт байх юм. Багийг хүнд байдлаас гаргаж, доош унах байдлаас гаргах нь түүний энэ улиралд хийх хамгийн том ажил нь байна.
Б.БЯМБАБАЯР