АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын удирдах газар сүүлийн 40 жилийн хугацаанд далайн хавын тухай нарийн судалгаа явуулж байгаа билээ. Харин сүүлийн хэдэн жилд далайн хавын дунд үзэгдэж буй нэгэн сонирхолтой үзэгдэл нь хамартаа могой загас гацаах болсон явдал юм. Анх 2016 онд Хавай арал дээр хамартаа могой загас гацаасан далайн хав үзэгдэж байв. Түүнээс хойш хэд хэдэн ийм тохиолдол гарч байгаа бөгөөд ямар шалтгааны улмаас ийм нөхцөл байдал үүсдэг тухай судлаачид одоо хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа юм.
Далайн хавын хамарт хэрхэн могой загас гацсаныг дараах хоёр шалтгаанаар тайлбарлаж байна. Далайн хав ан хийх явцдаа өөрийгөө нуухын тулд далайн шүрэн хад, чулуу, эсвэл элсний ард нуугдаж, загас олж иддэг. Энэ үед ам руу нь бус хамар руу нь санаандгүй байдлаар урт, нарийн могой загас явж орсноос ийн гацсан байж болох юм. Өөр нэгэн тайлбар бол, далайн хав хоол идсэнийхээ дараа зарим хэсгийг нь бөөлжиж, эсвэл тургиж гаргадаг хачирхалтай зуршилтай амьтан ажээ. Ингэх үед нь могой загас амаар нь бус хамраар нь гарах гэж байгаад гацсан байж болно хэмээн зарим нь үздэг.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болоод сүүлийн жилүүдэд ан амьтад хачирхалтай үйлдлүүдийг ихээр гаргах болсны жишээ нь энэ байж болох юм. Учир нь 2016 оноос өмнө ийм тохиолдол огт гарч байгаагүй ажээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ