АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Тамгын газрын дарга Жон Келлиг ойрын хугацаанд ажлаас нь чөлөөлөх тухай мэдээллийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өгчээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Жон Келли өмнө нь өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт тавьж байсан ч Д.Трамп түүнийг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хамтран ажиллахыг ятгаж байв. Гэвч тэдний хамтын ажиллагаанд олон зөрчил маргаан, санал нийлэхгүй асуудлууд гарч ирснээс Трамп сүүлийн саруудад түүнээс зайгаа барьж, бодлого шийдвэрийг нь үл хайхран, өөр чадварлаг улс төрчдөөр хүрээлүүлэх болсон байна.
Генерал цолтой Жон Келли нь аюулгүй байдлын, тэр дундаа хил хамгаалахын салбарт олон жил зүтгэж, тэтгэвэртээ гараад байсны дараа Трампын засаг захиргаа түүнийг улс төрд орж, хамтран ажиллахыг урьсан аж. Тэрбээр эхлээд Дотоодын аюулгүй байдлын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад, 2017 оны долоодугаар сараас Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалыг хаших болжээ. Түүний өмнө ажиллаж байсан Тамгын газрын дарга Рейн Пребусыг мэдээллийн нууц задруулсан хэргээр ажлаас нь чөлөөлж байсан юм. Жон Келли удахгүй ажлаа хүлээлгэн өгснөөр Трамп 2016 онд Ерөнхийлөгч болсноосоо хойш гурав дахь Тамгын газрын даргынхаа нүүрийг үзэх болжээ.
Шинээр томилогдох Тамгын газрын даргаар одоогийн дэд Ерөнхийлөгч Майк Пэнсийн Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж буй Ник Аерсыг томилох магадлал өндөр байгаа юм. Ник Аерс өдгөө 35 настай, залуухан ч гэлээ түүний бодлого, шийдвэрүүд болоод улс төрийн хичээл зүтгэлийг Д.Трамп өндрөөр үнэлдэг байна.
Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхан олонхын суудлыг авснаас хойш Д.Трамп баруун жигүүрийнхний нөлөө нэмэгдэж байгаад санаа зовних болсон. Тиймээс тэрбээр улс төрийн бодлогоо илүү оновчтой, ухаалаг болгохыг хичээх болсон боловч Жон Келлиг улс төрийн мэдрэмжгүй хүн хэмээн олон удаа гомдоллож байв.
Цэрэг армийн салбарт олон салбарт ажилласан, генерал Жон Келли ажлаа авснаасаа хойш Цагаан ордны хэргийг “төмөр нударгаар шийдэх болсон” гэж зарим хүн үздэг.
Эх сурвалж: АВС
Холбоотой мэдээ