УИХ-ын дарга М.Энхболд ирэх долоо хоногт 60 тэрбумтай холбоотой асуудлаар Төрийн байгуулалтын хороог хуралдуулах чиглэлийг өчигдөр чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ тодотгосон юм. Тэрбээр “60 тэрбумын” гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх 7 хоногт хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлц, дэд хороогоо хуралдуул. Хэрвээ дэд хорооны чинь ирц бүрддэггүй юм бол хуралд ирэхгүй байгаа хүмүүсээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. Улсын Их Хурлын даргын хувьд үүнийг үүрэг болгож байна гэсэн юм. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Г.Доржзодовын дэлгэсэн бичлэгийн асуудал өнөөдөр МАН дотоод зодоонд багагүй шалтгаан болж буй. Тухайн үед МАН-ын удирдлагууд эвлүүлэг гэдэг тайлбарыг өгч байсан. Харин өнөөдөр тус намын дарга У.Хүрэлсүхээс эхлээд Ц.Нямдорж нар эвлүүлэг биш гэж хэлснээрээ тэр үед яагаад тэд таг чимээгүй байсан бэ гэдэг асуулт тавихад хүргэж буй. Хэрэвзээ үнэхээр 60 тэрбумын сүлжээ үнэн бол өнөөдрийн эрх мэдэлд хүрсэн МАН-ын бүх гишүүд Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар ч үүнтэй холбогдох нь зайлшгүй юм.
Холбоотой мэдээ