Цагаачлалын бодлогыг зөөлрүүлэх тухай шинэ хуулийн төслийг Японы сайд нарын танхим өнгөрсөн сард баталсан билээ. Харин өчигдөр /2018.12.07/ болсон Японы парламентын дээд танхимын хуралдаанаар тус хуулийн төслийг дэмжиж, баталснаар ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжихээр болсон байна.
Япон улсын цагаачлалын бодлого нь харьцангуй хатуу бөгөөд гадаадын улс орнуудаас ямагт цөөн тооны ажиллах хүч авахыг эрмэлзсээр ирсэн. Одоогийн байдлаар зөвхөн мэргэжлийн өндөр ур чадвартай хуульч, судлаач зэрэг хүмүүст л ажлын виз олгож байгаа. Харин хүн амын өсөлт буурч, насжилт өндөр болсон зэргээс үүдэн ажиллах хүчний хомсдол нь тулгамдаж буй асуудал болоод байгаа тул гадаадаас авах ажиллах хүчний тоогоо нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна.
Шинээр батлагдсан хуулийн дагуу Япон улсын визэнд хоёр шинэ ангилал нэмэгдэх юм. Эхний ангилал нь Япон улсад ажиллаж амьдрах хүсэлтэй хүмүүст гэр бүлийн хамт таван жил оршин суух виз олгох бол нөгөөх нь илүү өндөр ур чадвартай ажилчдад чиглэжээ. Тэдгээр хүмүүс нь гэр бүлийн хамт таван жилийн ажлын визээр амьдрахаас гадна өөрсдөө хүсэлт гаргавал байнга оршин суух эрх олж авах боломжтой юм.
Харин эдгээр шинэ визний ангиллын хүрээнд хэдэн ажилчин авах, ямар салбаруудад ажиллуулах зэрэг нарийн асуудлуудыг ирэх оны дөрөвдүгээр сар буюу хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө шийдвэрлэхээр болжээ. Парламентаар хэлэлцсэний дагуу бол ойрын таван жилийн хугацаанд 340’000 орчим шинэ ажилчин үйлдвэр, барилга байгууламж, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар дахь “хөх захтан”-ы эгнээг тэлэх шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ