"Салбарын хууль эрх зүйг сурталчлах, хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хүний нөөцийг чадавхжуулах” сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сургалт (2018.12.07) аудитын асуудалд түлхүү төвлөрч байгаа юм. Сургалтын эхэнд, “Дотоод хяналтын тогтолцоо, дотоод аудитын тухай ойлголт” сэдвээр Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, мэргэшсэн нягтлан бодогч П.Оюунтуяа илтгэл хэлэлцүүлсэн юм.
Сургалтын үеэр ХХААХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Совд сургалтын хүрээнд салбарт хийсэн дотоод аудит, хяналт шалгалтаар илэрч буй зөрчил дутагдлын талаар танилцуулж, цаашид зөрчил, дутагдал гаргахгүй ажиллахад байгууллагуудын дотоод аудит, хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдийн үүрэг, мэргэжлийн ур чадвар, хариуцлага чухал гэдгийг анхааруулсан.
Мөн тэрбээр өмнөх онуудад салбарын хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөгжлийн банкны хүрээнд олгосон зээл, төсөл, тэдгээрийн эргэн төлөлт, зориулалтын дагуу ашигласан байдалд хяналт, шалгалт хийсэн дүнг танилцуулж, зээл төслийн хүрээнд үүссэн өр, авлагын дэлгэрэнгүй судалгааг аймаг, хот, сум, дүүрэг бүрээр гарган өгч, цаашид орон нутагтаа дээрх төсөл хөтөлбөр, зээлийн эргэн төлөлт, зориулалтын дагуу ашиглаж буй байдалд дотоод хяналт тавьж ажиллахыг аймгуудын ХХААГ-ын дотоод аудит хариуцсан мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.
Түүнчлэн орон нутагт сонгон шалгаруулалт явуулж, зээл төсөлд хамрагдсан дээрх сангууд болон Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх аргачлалын талаар танилцууллаа.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Холбоотой мэдээ