ББСБ-руу зээлийн болон бохир мөнгө орох боломжгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

ББСБ-руу зээлийн болон бохир мөнгө орох боломжгүй

Санхүүгийн зохицуулах хороо (Хороо)-ны зохицуулж ажилладаг салбарууд, тэр дундаа банк бус санхүүгийн салбарт ЖДҮХС-гийн бага хүүтэй зээлийн хөрөнгийг хүүлэх зорилгоор оруулж байна, Хороо энэ бүхнийг хянаж чадахгүй байна гэсэн яриа олны дунд тархаад байгаа. Үүнтэй холбогдуулан Хорооны хяналт, шалгалт хэрхэн явагддаг, иргэдийн эрх ашгийг яаж хамгаалдаг талаар тус Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын орлогч дарга Б.Долгорсүрэнтэй ярилцлаа.


-Арилжааны банкуудаа Монголбанк хариуцаж, зохицуулалт хийдэг. Бусад санхүүгийн салбарыг танай Хороо хариуцаж байна. Хорооны хувьд хянах, шалгах, зохицуулалтаар хангах ажил нь ямар арга, хэлбэрээр явагддаг вэ?

-Яг тэгж банк болон бусад гэж ангилах нь түвэгтэй. Банкны тухай хуульд заасан банкны эрхлэх үйл ажиллагааны 12-ыг нь Монголбанк хариуцан тусгай зөвшөөрөл олгох, хянах үйл ажиллагааг явуулдаг. Хороо үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ, үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэсэн салбаруудын зэрэгцээ банкны эрхлэх 6 төрлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож, хяналт тавьдаг. Тэгэхээр Монголбанк банкны салбарыг хариуцдаг гэж шууд хэлж болохгүй. Хороо энэ оны гуравдугаар улирлын байдлаар 539 ББСБ, 135 даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, 17 хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, 481 үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд болон ХК-ууд, 288 ХЗХ, мөн 5186 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудыг зохицуулалтандаа хамруулан ажиллаж байна. Хороо эдгээр тусгай зөвшөөрөл, эрх авсан байгууллагуудын үйл ажиллагааг хянахдаа ерөнхийд нь зайны болон газар дээрх гэсэн хоёр чиглэлээр хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлдэг. Тухайн байгууллагыг хэвийн ажиллаж байна гэж үзэх шалгуур үзүүлэлтүүд байдаг бөгөөд тэдгээр үзүүлэлтийн биелэлт, хангалтыг байгууллагын өөрийнх нь санхүүгийн тайлан дээр болон бусад баримт бичиг дээр үндэслэн хянадаг үйл ажиллагааг зайны хяналт гээд байгаа юм. Үүгээр бид зохистой харьцааны үзүүлэлт, төлбөрийн чадвар гэх мэт салбарын үндсэн харьцаануудыг нь хянадаг. Харин газар дээр нь очиж хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ гэдэг нь тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй объект дээр Хорооны эрх бүхий хянан шалгагч, улсын байцаагч биечлэн очиж, холбогдох тайлан, баримт материалтай танилцаж, сургалт, зөвлөгөө хийх арга хэмжээг хэлээд байгаа юм. Бид энэ хоёр төрлийн хяналт шалгалтаа үнэт цаас, банк бус, даатгал, хадгаламж, зээлийн хоршоо болон хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах гэсэн таван чиглэлд явуулж байна.

-Газар зээрх хяналт шалгалтыг ямар үндэслэлээр хийдэг юм бэ? Танай байцаагч зохицуулалтандаа байгаа аливаа байгууллага дээр шууд очоод шалгачихдаг юм уу, аль эсвэл иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт явуулдаг юм уу?

-Хянан шалгагч нэг өдөр сууж байгаад л за энэ байгууллагыг хянана аа гээд гүйж очоод шалгана гэсэн юм байхгүй. Манай хяналт шалгалтын бүх үйл ажиллагаа холбогдох хууль, журамд заасан давтамж, хүрээ, чиглэл болон Хорооны өөрийнх нь тухайн оны үйл ажиллагааны болон стратегийн төлөвлөгөөний дагуу явагддаг. Жишээлбэл, ББСБ болон ХЗХ нь хуульд заасны дагуу улирал бүр санхүүгийн тайлангаа Хороонд ирүүлдэг. Ингэхээр үүн дээр нь манай хянан шалгагч суугаад түрүүний хэлсэн зайны хяналт гэдэг үйл ажиллагааг явуулдаг. Тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу тухайн тайланг хянана гэсэн үг. За тэгээд энэ үйл явцын үр дүнд аливаа алдаа дутагдал гарч ирсэн тохиолдолд үүнийг засч залруулах зорилгоор холбогдох цаашдын арга хэмжээг авдаг.

-Тэгвэл жишээ нь банк бус санхүүгийн байгууллагыг хяналаа гэж бодъё. Тэгэхэд ямар ямар нөхцөл шаардлага, шалгуурыг тухайн банк бус хангасан байх ёстой байдаг вэ? Мөн тэр үзүүлэлтүүдийг нь ямар түвшинд хангасан тохиолдолд тухайн банк бусыг хэвийн ажиллаж байна гэж үздэг вэ?

-Хууль журмын нэршлээр нь ярих юм бол банк бус санхүүгийн байгууллагуудыг бид Хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлан, 2017 оны 92 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д заасан нөхцөл шаардлагуудыг ханган ажиллахыг шаарддаг. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдээс хувь нийлүүлсэн хөрөнгөд нийлүүлж буй хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлого байх ёстой. Мөн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь манайхаас тогтоосон хувь хэмжээнд байх ёстой. Нягтлан бодох бүртгэлийн програмаар хангагдсан байх ёстой. Удирдлага нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын хугацаанд холбогдох сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан байх ёстой. Зохицуулалт үйлчилгээний хөлсийг хугацаанд нь төлсөн байх ёстой. За тэгээд хэрвээ тухайн банк бус санхүүгийн байгууллага нь гадаад валютын арилжаа эрхэлдэг, итгэлцлийн үйл ажиллагаа эрхэлдэг, эсвэл хөрөнгө удирдах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бол ахиад өөр бусад шалгуур, шаардлагуудыг хангаж ажиллаж байх ёстой болно.

-Хяналт шалгалт хийж байхад байгууллагуудын үйл ажиллагаанд ямар дутагдалтай тал гардаг вэ? Түрүүн хэлсэн олон шалгууруудаас бүрэн хангаж ажиллаж чаддаг нь болон чаддаггүй нь ямар шалгуур, үзүүлэлтүүд байдаг бол?

-Манай зохицуулалтын салбар нь өөрөө түрүүн хэлснээр нэлээн өргөн учраас мэдээж салбар, чиглэл бүр дээр өөр өөрийнх нь онцлог бүхий шалгуурууд байх учраас тус бүрд нь хэлэх хэрэг гараад байна. Тэгэхээр түрүүн жишээлсэн шиг ахиад ББСБ-ын хувьд жишээлээд хэлье. ББСБ-ууд ихэвчлэн Хороонд бүртгэлтэй хаяг, байршилдаа үйл ажиллагаагаа явуулдаггүй, хаягаа өөрчиллөө гэхэд манайд мэдэгдээгүй байдаг. Мөн гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нь солигдоход Хороонд заавал мэдэгдэх үүрэгтэй байдаг ч үүнийг мэдээлээгүй байх тохиолдол их байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөл аваагүй чиглэлдээ үйл ажиллагаа явуулсан байх нь бас бий. Жишээ нь, зөвхөн зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ББСБ нь гадаад валютын арилжаа хийсэн байх гэх мэт. Харин итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй компаниуд итгэлцлийн үйлчилгээний өглөг өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлтийг харьцангуй тогтвортой сайн ханган ажилладаг нь харагддаг.

-Мэдээж, энэ зөрчлүүд эргээд санхүүгийн зах зээлдээ сөрөг нөлөө үзүүлдэг байх л даа?

-Тэгэлгүй яах вэ. Илэрч буй энэ зөрчлүүд иргэд, харилцагчдыг төөрөгдүүлэх, итгэл алдруулах, нийгэмд буруу мэдээлэл түгэхээс эхлээд маш их сөрөг нөлөөтэй.

-За шалгалтаар үйл ажиллагаа нь дутагдалтай, доголдолтой байгаа нь илэрлээ гэж бодъё. Хороо ямар арга хэмжээ авах вэ?

-Холбогдох нөхцөл, шаардлагыг хангаагүй, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажиллаагүй тохиолдлуудад Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Хорооноос баталсан журамд заасан хариуцлагын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлдэг. Тухайлбал, Хороонд ирүүлсэн тайлангийнх нь хариуд хариу тайлан хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөх, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлэх зэрэг шат шатны арга хэмжээнүүдийг авна.

-Зөвхөн шалгаад хянаад, торгоод байх нь бас нэг бодлын өрөөсгөл ойлголт байх. Танай байгууллага харъяа байгууллагуудаа зөрчил дутагдал гаргасных нь дараа хянах биш гаргахаас нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлдэг үү? Энэ чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Урьдчилан сэргийлэх бол маш чухал ажил. Бид зайны болон газар дээрх хяналт шалгалтаар алдаа дутагдал илрэхээс нь өмнө буюу анх тусгай зөвшөөрөл авсан үеэс нь эхлэн холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулдаг. Тухайн байгууллагын үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тайлбарлан таниулж хугацаатай тайлан мэдээг хэрхэн тайлагнах талаар бүхий л чухал шаардлагатай мэдээ, мэдээллийг цахимаар болон албан бичгээр тухай бүр өгч, холбогдох мэдээллүүдийг түгээдэг. Мөн шаардлагатай сургалт, семинарт оролцуулах талаар Хороонд бүртгэлтэй харилцах утас, цахим хуудсаар мэдээлж ажилладаг.

-ББСБ, ХЗХ-ны зах зээл дээр хяналтгүй мөнгө их хэмжээгээр эргэлддэг гэсэн хэл ам олны дунд байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Тийм мэдээлэл ирдэг. Хороо мэдээллийн дагуу хяналт, шалгалт байнга хийдэг байна. Гэхдээ ирсэн мэдээлэл бүр үнэн байсан буюу их хэмжээний хяналтгүй мөнгө эргэлдэж байсан гэсэн мэдээлэл тэр бүр нотлогддоггүй. Хорооноос зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү мөнгөн хөрөнгө тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд зарцуулагдсан, мөн зөвшөөрөгдсөн мөнгөн хөрөнгийг тусгай зөвшөөрөлд зааснаас бусад үйл ажиллагаанд зарцуулсан байгаа нь тогтоогдсон тохиолдолд бид хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.

-Ер нь иргэд гомдолтой, хохиролтой асуудал тулгарвал шууд танайд хандаад шийдүүлээд явах боломжтой юу?

-Манай зохицуулалтанд хамаарах салбарын байгууллагатай холбоотойгоор гомдолтой болон хохирсон асуудал гарвал шууд Хороонд хандаж хуулийн хугацаандаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх” гэж заасан байгаа. Үүний дагуу Хорооны бүтцэд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй нэгж ажиллаж, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэж, эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж ажиллаж байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар л гэхэд иргэд, хөрөнгө оруулагчдаас нийт 232 өргөдөл, гомдол ирсэн.

-Өргөдөл, гомдлууд голчлон ямар асуудлаар ирсэн байна вэ? Тэдгээрийг шийдвэрлэх үйл ажиллагаа ер нь ямар шат дараалалтай явагддаг вэ?

-Иргэдээс ирүүлж байгаа өргөдөл, гомдлыг салбараар ангилж харвал үнэт цаасны зах зээлтэй холбоотой 78, даатгалын зах зээлтэй холбоотой 103, банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой 43, хадгаламж, зээлийн хоршоотой 8 өргөдөл ирсэн байна. Агуулгын хувьд харилцан адилгүй байдаг. Банк бус санхүүгийн салбарт гэхэд ихэвчлэн зээлийн гэрээтэй, хүү, нэмэгдүүлсэн хүү, Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь лавлагаа мөн тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдлүүд илүү их ирж байгаа ажиглагддаг бол ХЗХ-ны хувьд гишүүддээ үйлчилдэг байгууллага тул арай онцлогтой байдаг. Тухайлбал, хадгаламж буцаан олгохтой холбоотой болон үйл ажиллагааны хувьд шалгуулахыг хүссэн өргөдлүүд илүү байдаг. Ер  нь иргэдийн санхүүгийн мэдлэг мэдээлэл сул байгаа болоод санхүүгийн тал дээр хандах хандлага, хариуцлага муу байгаа нь ирүүлж байгаа өргөдөл гомдлуудаас нийтлэг ажиглагдаж байна.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ хуулийн хүрээнд, хуульд заасан хугацаанд багтаан ажиллаж байна. Оны эхний гурван улирлын байдлаар өргөдлүүдийг шийдвэрлэх дундаж хугацаа 22 хоног байсан. Гэхдээ зарим зөрчлийн шинжтэй өргөдлийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлт  хийх, прокурорын байгууллагаар хянуулах зэрэг ажлууд хийгддэг учраас ийм зөрчлийн шинжтэй өргөдлүүд дээр шийдвэрлэх хугацаа харьцангуй уртасдаг. Гуравдугаар улирлын байдлаар ирсэн өргөдлийн дагуу 600-аад сая төгрөгийг 24 даатгуулагчид нөхөн төлбөр хэлбэрээр олгуулах шийдвэр гаргаад байна. Одоогоор эдгээрээс 140-өөд сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгуулсан.

-Ер нь танайх бүх байгууллагуудаа тогтмол газар дээр нь шалгаад байж болдоггүй юм уу? Зайнаас хянана гэхээр тэр хяналт бүрэн дүүрэн явагдаж чадах уу?

-Энэ нь өөрөө Хорооны хүний нөөцтэй холбогдоод явчихна. Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын тоо жилээс жилд өсч байна. 2010 оны жилийн эцэст 188 ББСБ тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан бол 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 539 болж, 2.8 дахин өсөөс байна. 2010 оны үед Хорооны нэг хянан шалгагч дунджаар 30-аад ББСБ-ыг хариуцан хяналт тавин ажиллаж, хоёр жил тутамд нэг удаа газар дээрх шалгалтад хамруулж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг хянан шалгагчид дунджаар 90 ББСБ ногдох болсон. Хянан шалгагч нар хариуцсан байгууллагуудынхаа улирал бүрийн санхүүгийн тайлан, сар бүрийн мэдээг хянан баталгаажуулж зайнаас хяналт тавьж, мөн төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт хийнэ гэхээр зохицуулалттай байгууллагад өмнөх шигээ хоёр жил тутамд нэг бүрчлэн газар дээрх шалгалт хийх боломжгүй байдал үүссэн. Иймд зайны хяналт буюу Хороонд ирүүлж буй тайлан, мэдээ, хугацаатай үүрэг даалгаврын биелэлт, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, нөхцөл шаардлагын биелэлтийг тооцон эрсдэлтэй гэж үзэж буй ББСБ-уудад газар дээрх шалгалтыг төлөвлөгөөт болон гэнэтийн байдлаар хийж гүйцэтгэж байгаа юм. Мөн ХЗХ гэхэд 2013 онд 141 байсан бол өнгөрөгч улирлын байдлаар 288 болтлоо өслөө. Гэхдээ бид газар дээрх үзлэг, хяналт шалгалтыг аль болох нөөц боломжиндоо тааруулан хийж гүйцэтгэж байна. Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 1000-аад зохицуулалтын байгууллагуудад газар дээрх хяналт шалгалт хийсэн. Зайны хяналтаар тухайн ББСБ, ХЗХ-дын сар тутмын, улирал бүрийн санхүүгийн үзүүлэлтүүд, хугацаатай үүрэг даалгаврын биелэлтүүд түүнчлэн иргэд, байгууллагаас тухайн байгууллагуудтай холбогдуулан ирүүлж буй өргөдөл, гомдлууд хянагддаг тул өнөөгийн нөхцөлд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх нь хамгийн боломжтой суурь гэж үзэх үндэслэлтэй юм.

-Санхүүгийн сүлжээний бизнесээс болж хохирч байгаа иргэд олон байгаа. Үүнийг Хороо хянадаг уу?

-Сүлжээ, пирамид хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад Хорооноос зөвшөөрөл олгодоггүй. Энэ нь хуулиар хорьсон үйл ажиллагаа, гэмт хэрэг. Хороо нь гэмт хэрэг хянаж шийдвэрлэдэг байгууллага биш шүү дээ. Зохицуулалттай байгууллагууддаа л хяналт тавна. Манайд зохицуулалттай байгууллага ийм үйл ажиллагаа явуулбал үйл ажиллагааг нь шууд зогсооно. Мөн зөвшөөрөлгүйгээр хувьцаа, бонд гаргаад хөрөнгө татаад байвал хуулийн дагуу арга хэмжээ авна. Санхүүгийн зах зээл бол итгэлцэлд суурилдаг зах зээл шүү дээ. Санхүүгийн зах зээл дээр ямар ч чадваргүй хүмүүс орж ирээд хүмүүсийн итгэлийг олж, залилан мэхлэх үйл ажиллагаа явагдахыг үгүйсгэхгүй. Харин Хороонд бүртгэлтэй байгууллагуудад хуулийн дагуу бизнес эрхлэх чадвартай юу, их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлсэн тохиолдолд бизнес эрхлэх төлөвлөгөө бодитой юм уу гэдгийг олон талаас нь судлаж байж энэ компани энэ зах зээл дээр итгэлцлийн бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжтой юм байна гэдэг зөвшөөрлийг олгож байгаа хэрэг шүү дээ. Хорооны албан хаагчид санхүүгийн зах зээлийн тал дээр өндөр мэргэшсэн байдаг тул пирамид луйвар байна уу гэдэг асуудал дээр шинжээчээр орж ажиллах тохиолдол элбэг. Харин нэр барьж залилан мэхлэх үйлдэл илэрвэл Цагдаагийн байгууллагатай хамтарч таслан зогсоох арга хэмжээг авах ёстой. Ер нь богино хугацаанд, маш өндөр ашигтай ажиллах арга санал болгож байвал энэ нь өөрөө луйвар, залилангийн шинжтэй гэсэн үг. Бизнес биш. Бизнес бол хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг ажил.

-Ломбардны зохицуулалтын талаар манай уншигчид их асуудаг. СЗХ яагаад ломбардыг хянаад явж болдоггүй юм бэ?

-Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг ямар нэгэн тусгай зөвшөөрөл авах шаардлагагүйгээр зөвхөн улсын бүртгэлд үйл ажиллагааны чиглэлийг нэмж бүртгүүлснээр аж ахуйн нэгж, байгууллага эрхлэх боломжтой байдаг. Хуль зүйн яам, Хороо, Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагууд хамтран 2017 онд “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд заавал дагаж мөрдөх стандарт”-ыг боловсруулж, Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлөөр батлуулсан. Уг стандартад ломбардуудад орон нутгийн эрх бүхий байгууллага эрх олгож, хяналт тавина гэж заасан. Тэгэхээр ломбардын үйл ажиллагаанаас болж хохирсон гэх иргэд орон нутгийнхаа эрх бүхий байгууллагад гомдол гаргах боломжтой юм. Үүнийг ард иргэд мэддэггүйгээс хаана хандаж гомдлоо гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэхээ ойлгодоггүй. Хороо өөрийн гэсэн бие даасан Эрх зүйн байдлын тухай хуультай. Уг хуулинд ямар байгууллагуудын зохицуулалт, хяналтыг хариуцаж ажиллахыг зааж өгсөн байдаг ба үүндээ тохирсон бүтэц, орон тоо, төсөвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас Хороо өөрсдөө бие даагаад ломбардын зохицуулалтыг бид авч хэрэгжүүлнэ гэж болохгүй л дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-ууд хэчнээн байна вэ? Эдгээрийн дүрмийн сангийн эх үүсвэрийг яаж хянадаг вэ?

-2018 оны гуравдугаар улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалтай 28 ББСБ үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа. Үүнээс Монгол Улсын банк бус санхүүгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн байна гэж үзэж болохоор байгаа юм. Гадаадаас орж ирж байгаа хөрөнгийн гарал үүслийг мэдээж нарийн шалгаж байж тусгай зөвшөөрлийг олгодог. Мөнгөн хөрөнгийг СМА-нд мэдээлэх, Хороо хамтран ажиллах гэрээ байгуулсан гадаадын зохицуулалтын байгууллагуудаас мэдээлэл авах зэрэг олон шалгалтыг явуулсны эцэст шийдвэрийг гаргадаг.

-ББСБ, ХЗХ-ны зах зээлд хүү багатай зээлийн болон бохир мөнгө оруулж мөнгө хүүлж байна гэсэн яриа сүүлийн үед их гарах боллоо. Энэ хэр үнэний ортой вэ?

-Сүүлийн үед ЖДҮХС-аас улс төрчдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан явдлаас болоод энэ хоосон хардлага яриа олон нийтийн нийгмийн сүлжээнд ихээхэн явж байх шиг байна. Энэ бол үндэслэлгүй яриа гэж ойлгож болно. Жишээ нь, ББСБ руу иймэрхүү мөнгө оруулъя гэхэд Хорооноос зөвшөөрөл авах ёстой. Хороонд өгсөн хүсэлтийг бүртгэл, зөвшөөрлийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтнууд сайтар шалгасны эцэст зээл, бохир мөнгө биш байна гэдгийг тогтоосны дараа энэ мөнгийг ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгөнд нэмж болно гэсэн шийдвэрийг гаргадаг. Энэ хянах, шалгах, зөвшөөрөх үйл ажиллагаа нарийн хийгддэг учраас үүнийг давж гарч манай энэ салбарууд руу их хэмжээний мөнгө орох боломжгүй гэдгийг хэлье.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж