Украины Дээд радын депутат Олег Барна (Петра Порошенкогийн блок), Юрий Левченко нар “Рад” парламентын сувгийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ “зодолджээ”. Тэдний бичлэгийг Youtube-т байршуулсан байна.
Барна “Донбас дахь үйл ажиллагаа болон дайчилгаанд оролцоогүй депутатууд цэргийн нөхцөл байдал, улсын төсвийн талаар ярих хэрэггүй юм” гэж хэлснээс болж маргаан үүсчээ. Хариуд нь Левченко түүнийг “олигархиудын албат”, “согтуугаар машин жолоодож яваад Киевт трамвайтай мөргөлдөж, осол гаргасан” гэж хэлсэн байна. Түүний ийн хэлсний дараа Барна өрсөлдөгч рүүгээ дөхөн очиж, түүнийг цохиж, шалан дээр унагаад, студиэс гарч явжээ.
Олег Барнагийн хувьд шуугиан дэгдээсэн анхны тохиолдол нь энэ биш аж. Радын хуралдааны танхимд 2015 оны арванхоёрдугаар сард тэрээр тухайн үеийн Ерөнхий сайд Арсений Яценюктэй зөрчилдөн шуугиан дэгдээж, энэ үйлдлийнхээ төлөө “Петро Порошенкогийн Блок” фракциас хэсэг хугацаанд хөөгдсөн байна.
Барна өнгөрсөн зун машин жолоодож явахдаа хурд хэтрүүлж, трамвайтай мөргөлдөж, зам тээврийн осолд гаргажээ. Энэ ослын улмаас хэд хэдэн хүн бэртэж гэмтсэний дотор Барна байсан аж. Тэрээр хожим нь гэм буруутайгаа хүлээжээ.
Холбоотой мэдээ