Дэлхий дээр харц булаам, дуу алдам гайхалтай, үзэсгэлэнтэй цайз, цамхаг, шилтгээнүүд цөөнгүй байдаг билээ. Харин дараах жагсаалтыг аялагчдын сэтгэл ханамжийн судалгаануудыг нэгтгэсний үндсэн дээр www.ranker.com веб сайтад толилуулжээ. Энэхүү жагсаалтыг албан ёсны судалгаан дээр үндэслэн гаргаагүй ч дараах арван шилтгээнийг “хамгийн үзэсгэлэнтэй” гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
- Франц, Монт Сан Мишель
Норманд мужид, эргээс нэг км орчим зайд байрлах хад асга бүхий Монт Сан Мишель арал дээр энэхүү үзэсгэлэнт шилтгээн байрладаг байна. Арлын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 92 метрт байрлана. ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн энэхүү үзэсгэлэнт шилтгээн бүхий арал нь маш цөөн оршин суугчидтай боловч жилд гурван сая гаруй жуулчин зорин ирдэг аж. Далайн түрлэг хүчтэй байдаг болохоор тус арлын эх газартай холбогдох зам нь нэг ил гарч, нэг далд орон байдаг.
- Герман, Нойшванштайн шилтгээн
Баварийн уулархаг нутагт байрлах Нойшванштайн шилгээн нь 19-р зуунд баригдсан. Ганцаараа байх тансаг орон зайг бий болгохын тулд 2-р Людвиг хаан тус шилтгээнийг бариулсан боловч 1886 онд түүнийг нас барснаас хойш шилтгээнийг нээлттэй болгосон байна. Тус шилтгээнд жилд 1.3 сая жуулчин очдог. Нойшванштайныг Кристиан Янк хэмээх театрын зураачаар удирдуулсан уран бүтээлчид босгосон тул доторх нь яг л театр шиг уур амьсгалтай байна. Уолт Диснейн “Нойрсон буй гүнж” дээр гардаг шилтгээнийг Нойшванштайнаас санаа авч хийсэн гэдэг.
- Австри, Хоэнзальцбургийн шилтгээн
Өнөө цаг үед бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн, Европын хамгийн эртний шилтгээнүүдийн нэг Хоэнзальцбург нь 11-13-р зуунд баригдсан байна. Зальцбург уулан дээр байрлах тус шилтгээн нь 250 метр өндөр, 150 метр өргөнтэй юм. Шилтгээн нь өдгөө жуулчид, судлаачид, хүүхэд багачууд гээд хэн бүхэнд нээлттэй байдаг бөгөөд дотор нь дундад зуунаас өнөө цагийг хүртэлх шилтгээний түүхийг өгүүлэх музей байдаг.
- Их Британи, Уэльс, Конви шилтгээн
Уэльсийн хойд эрэгт байрлах тус шилтгээнийг 1-р Эдуард хаан 13-р зуунд, Уэльсийг байлдан дагуулах үедээ бариулжээ. Нийт найман цамхгаас бүрдэх Конви нь 1-р Эдуард хааны бариулж байсан хамгийн үнэтэй бөгөөд нэр алдартай шилтгээн юм.
- Ирланд, Килкенни шилтгээн
Килкенни шилтгээнийг Пемброкийн гүн Уильям Маршал 1195 онд “Нор” голын гатлага болон геополитикийн ач холбогдол бүхий бусад цэгүүдийг хянахын тулд бариулсан байна. Тус шилтгээн нь Ирланд дахь жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг юм.
- Чех, Праг шилтгээн
Праг нь дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн эртний шилтгээний нэг юм. Шилтгээнийг барих ажлыг есдүгээр зуунд эхлүүлж байжээ. Богемийн хаадаас авхуулаад олон зуны туршид Чехийн нутагт ноёрхож байсан хаад, ноёд энд байрлаж байсан бөгөөд энэ зуунд ч Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч нар байрлах болсон. Үзэсгэлэнтэй, эртний цайз гэдгээс гадна түүхийн үнэт өв бүхий дурсгалт газар гэдгээрээ жуулчдыг ихээр татдаг.
- Англи, Бодиам шилтгээн
Бодиамын шилтгээнийг 14-р зуунд Зүүн Английн Эдуард Далингриг ноён бариулжээ.
- Англи, Виндсор шилтгээн
Тус шилтгээн нь архитектурын гайхалтай бүтээл гэдгээс гадна Их Британийн хааны удмынхан өнөөг хүртэл өв уламжлан амьдардгаар алдартай юм. Шилтгээнд өнөөдрийн байдлаар 500 гаруй хүн ажиллаж, амьдардаг байна. Мөн Харри ханхүү, Меган Маркл нар удахгүй Кенсингтон ордноос нүүж, Виндсор шилтгээнд ирж амьдрахаар болсноо зарласан билээ. Виндсор нь Харри ханхүүгийн цагийг өнгөрөөх хамгийн дуртай газар ажээ.
- Бельги, Миранда шилтгээн
Бельгийн Арденнес мужид байрлах тус шилтгээн нь 1866 онд баригдсан.
- Шотланд, Эдинбургийн шилтгээн
Шотланд улсын хүч чадлын бэлэг тэмдэг гэгддэг Эдинбургийн шилтгээн нь сөнөсөн галт уулын оройд байрладаг бөгөөд тус улсын түүхийн үнэт өвийг агуулдаг учраас ард түмэн нь ихэд хүндэтгэн үздэг. Эдинбургийн шилтгээнийг 1-р Дэвид хаан 12-р зуунд бариулсан бөгөөд 1603 он хүртэл хаад, ноёд өв залгамжлан амьдарч байжээ. Жилд нэг сая гаруй жуулчин тус шилтгээнийг зорин ирдэг.
Эх сурвалж: 10mosttoday.com
Холбоотой мэдээ