Энэ удаагийн дугаарын зочноор Дорнод аймгийн Хөгжимт, драмын театрын найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Б.Мөнх-Амьдралыг урилаа. Түүний найруулсан “Ярьдаг мод” жүжиг энэ жилийн “Гэгээн муза” наадмын шилдгээр шалгарч, гранпри хүртсэн билээ.
–Театрын урлагтаа үнэнч уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг наадам нь “Гэгээн муза” болоод уджээ. Энэ жил танай театр одтой оролцож, гранпри хүртсэн. Дорнодын театрынхан өмнө нь ямар амжилттай оролцдог байсан бэ?
-Манай театрынхан жил бүр “Гэгээн муза” наадамд идэвхитэй, амжилттай оролцож ирсэн. Өмнөх жилүүдэд ихэвчлэн жүжигчид шагнал хүртдэг байлаа.
Өмнөх жилүүдэд ихэвчлэн жүжигчид шагнал хүртдэг байлаа. Харин энэ жил багаараа амжилттай оролцож, шилдгийн шилдэг цомыг авсандаа баяртай байна. Энэ шагнал уран бүтээлч бидэнд хүлээлгэсэн том хариуцлага гэж бодож байна. Цаашдаа бид улам хичээх болно.
–Таны хувьд “Шилдэг зохиолч”, “Шилдэг найруулагч” гэсэн хоёр төрөлд тэргүүлсэн. Хоёр дахь музагаа авахаар гарахдаа нэлээд догдолсон харагдсан?
-Эхлээд “Шилдэг зохиолч”-ийн шагнал аваад сэтгэл минь ханачихсан. Гэтэл “Шилдэг найруулагч” “Ярьдаг мод” жүжгээр Б.Мөнх-амьдрал гэж зарлахад үнэндээ итгээгүй. Хэсэг хугацаанд гайхсан. Тэр өдөр өөрийгөө хянаж чадахааргүй сэтгэл хөдлөл өндөр байлаа. Эргээд бодоход сайхан санагдаж байна.
-“Ярьдаг мод” их хөөрхөн нэр санагдсан. Жүжгийн санааг хаанаас олсон бэ?
-Манайх гэртээ мод, цэцэг байнга тарьдаг юм. Зарим үед цэцэгнүүдээ усалсангүй гэж хүүхдүүдээ зэмлэх асуудал гарна. “Цэцэг гэдэг амьтай. Хүмүүс хайр, халамж хүсдэг шиг тэд ч ялгаагүй хайрлуулахыг хүсдэг. Нэг мөчир нь бидний нэг хуруу гэсэн үг. Хурууг чимхэхэд яаж өвддөг билээ” гээд л би хүүхдүүддээ ярьдаг юм. Нэг өдөр яагаад яг энэ сэдвээр зохиол бичиж болохгүй гэж гэсэн санаа төрсөн. Олон хүүхдэд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын ач тусыг уран бүтээлээрээ дамжуулж ойлгуулъя. Эх дэлхий, ургамал амьтдыг хайрлавал тэд ч эргээд үр шимээ өгдөг. Ногоон зүлэг, навч цэцэг байхгүй бол хүн төрөлхтөн ч байхгүй гэсэн санааг “Ярьдаг мод” жүжгээр хэлэхийг хүссэн.
–Та жүжигт тоглох уран бүтээлчдийн багаа хэрхэн сонгосон бэ?
-Манай театр байгуулагдаад 70 жил болж байна. Бид хөгжимт, драм гэдэг утгаараа дуу, бүжиг, хөгжим, драм гэсэн үндсэн дөрвөн ангитай. Тиймээс ямар ч төрлөөр жүжиг тоглоход шаардлагатай бүх мэргэжилтэн бий. Тэгэхээр уран бүтээлийн баг сонгоход ямар нэгэн хүндрэл гараагүй.
-Танайх залуу жүжигчин олонтой юм билээ. Хотод сургууль төгсөөд Дорнодыг зорих жүжигчин олон байна уу?
-Ихэнх уран бүтээлч маань Дорнод аймгийн уугуул. Тиймээс хотод сургууль төгссөн ч төрөлх театртаа ажиллах хүсэлтэй байдаг. Миний хувьд ч ялгаагүй тэдний нэг. Харин сүүлийн жилүүдэд Улаанбаатарт сургууль төгсөөд манай театрт ирж ажиллах хүсэлтэй залуус олон болж. Дорнодын театрт ажиллая гээд зориод ирж байгаад нь баярладаг.
-Таны хувьд сургуулиа төгсөөд хотод ажиллах боломж байсан байх. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар нутгийн театртаа ирэв үү?
-Миний бага нас энэ театрт л өнгөрсөн. Хүүхдүүд цэцэрлэгт өнждөг бол би театрт тоглож өссөн. Аав минь зураач байсан юм. Аавыгаа дагаад ирдэг байсан тэр үе хамгийн сайхан. Тухайн үеийн мундаг уран бүтээлчдийг харж, бахархаж, үлгэр дууриал авдаг байсан. Бүтээл бүхнийг нь алгасахгүй үзсэн минь уран бүтээлч болох хүсэл, тэмүүллийг асаасан. Сургуулиа төгсөөд шууд театртаа ирж ажилласан минь хамгийн зөв сонголт болсон гэж боддог. Гавьяаны амралтаа автлаа сайхан театртаа ажиллана гэж төлөвлөсөн.
–Аавтайгаа, театртай холбоотой хүүхэд насны нандин дурсамжаасаа дэлгээч?
-Уран бүтээлчид тарсны дараа аав минь том цагаан даавуун дээр тоглолтын зарлал бичээд үлддэг байсан юм. Тэр хойгуур нь би театрын нүх сүв бүхнээр хэсдэг байж билээ. Тэр үе хэзээ ч санаанаас гардаггүй. Гэхдээ хэзээ ч дураараа тайзан дээр гарч болохгүй гэж аав минь сургасан. Би ч ялгаагүй хүүхдүүдээ дагуулж ирэхээрээ зөвшөөрөлгүй тайзан дээр гаргадаггүй.
–Танай театрын хувьд бусад орон нутгийнхаас ялгарах гол онцлог нь юу гэж боддог вэ?
-Бид 40 жилийн түүхтэй симфони оркестртой гэдгээрээ бахархдаг. Магадгүй энэ л бусад театраас ялгарах гол онцлог байх.
-Орон нутгийн театрын хөгжлийг та хэрхэн харж байна. Ямар замналаар явбал илүү хурдтай хөгжих бол?
-Салбарын яам болон Монголын урлагийн ажилтны холбоо, “Гэгээн муза” академи гээд мэргэжлийн байгууллагууд орон нутгийн театрын хөгжилд анхаарал хандуулж байгаад залуу уран бүтээлч, найруулагчийн хувьд баяртай явдаг. Тэдний зохион байгуулж буй тэмцээн, сургалт нь бидэнд олон давуу талыг өгдөг. Үүнээс гадна театрын хөгжилд уран бүтээлчдийн ур чадвар, бүтээлч сэтгэлээ, удирдлага хамгийн чухал.
-Орон нутгийн театрт залуу уран бүтээлчид хүссэнээрээ ажиллаж, хүссэн цалингаа авах боломж хэр байдаг юм бэ?
-Хүний хүсэл хязгааргүй шүү дээ. Тэгэхээр хүссэн цалингаа авна гэхэд хэцүү. Цалингийн тухайд яривал бид хамгийн доогуур цалинтайд орно. Театрт мөнгөнд бус энэ театр, мэргэжилдээ хайртай хүмүүс л ажилладаг.
–Та КУДС-ийг төгссөн. Найруулагч Б.Мөнхдорж багшийн шавь гэл үү?
-Би 2002 онд КУДС-д элссэн. Анх орохдоо кино найруулагч Б.Сумхүү багшийнхаа удирдлагад суралцсан. Харин хоёрдугаар дамжаанд байхад багш минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Манай ангийг Ардын жүжигчин Б.Мөнхдорж багш дааж, төгсгөсөн. Б.Сумхүү багш ихэвчлэн логик гэж юу болохыг бидэнд ойлгуулахыг хүсдэг байсан бол Б.Мөнхдорж багш уран бүтээл өрнөхөд зөрчил хамгийн чухал гэж заадаг байлаа. Хоёр багшийнхаа хэлж, зөвлөсөн бүхнийг амьдралд болон уран бүтээлдээ тусгахаар хичээж байна.
–Та театртаа хэддэх жилдээ ажиллаж байна. Урын сан тань хэр арвин болсон бэ?
-Би 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нийт таван драмын жүжиг, таван бүрэн хэмжээний уран сайхны кинонд ажиллажээ. Үүнээс гадна дуулах сонирхолтой. Энэ хүсэлдээ хөтлөгдөж, хэд хэдэн дууны уран бүтээл хийсэн байна. Саяхан “Аз жаргалын эрэлд” шинэ киногоо үзэгчдэд хүргэлээ.
–Хамгийн анх ямар уран бүтээлээр үзэгчидтэй уулзаж байв?
-Анх хуурай эгч, жүжигчин, найруулагч Б.Нарансаруул эгчийнхээ бүтээлд хамтран ажиллаж, анхны үзэгчидтэйгээ уулзаж байлаа. Тэр бүтээл дээр ажиллахдаа их олон зүйл сурсан.
–Найруулагчийн хувьд таны уран бүтээлд баримталдаг гол зарчим юу вэ?
-Урлагийн гол зорилго нь хүн төрөлхтнийг хүмүүжүүлэхэд оршидог. Би ч энэ зарчмаар л ажиллаж байна. Манай театрын бүтээлийг үзсэн үзэгч нэг ч болтугай ухаарлыг олж чадвал баярлана.
-2019 оны уран бүтээлийн төлөвлөгөөг тань сонирхоё?
-Ирэх онд олон уран бүтээлийн ажил төлөвлөсөн. Түүний нэг нь “Мангасуудын шорон” хүүхдийн 3D дуулалт жүжиг. Энэ бүтээлээр хүүхэд, багачуудад гар утас ба цахим тоглоомын зохисгүй хэрэглээ ямар уршиг авчирдгийг ойлгуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ