Сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд арван тулаан хийгээд байгаа билээ. Тэрбээр 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон юм. Тэгвэл хоёр боксчны тулааны тов гарч ирэх 2019 оны нэгдүгээр сарын 26-д АНУ-ын Нью-Йоркийн Бруклин дэх “Barclays Center”-т болохоор болсон байна.
Мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж ялагдалгүй яваа “Кing Tug” Н.Төгсцогт хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Колумбын боксчин, “Дайчин” хочит Оскар Эскандоныг ялсан билээ. Энэхүү тулааныг “Premier boxing championship” сарын онцлох тулаанаар нэрлэж байсан юм.
Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч болох Доминиканы Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн К.Самбраног ялан дэлхийн аварга болсон ч Пуэрто Рикагийн Х.Рохастай тулаан хийгээгүйн улмаас бүсээ алдсан юм.
Энэхүү тулааныг маш хүчтэй тулаан болно гэдгийг дэлхийн хэвлэл мэдээллүүд бичсээр байна.
Н.Төгсцогт өнгөрөгч зургадугаар сарын 23-ны өдөр 26 нас хүрсэн. Тэрбээр 2009 онд 17 насандаа сонирхогчдын боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Мөн “Лондон 2012” олимпийн наадамд мөн мөнгөн медалийн эзэн болсноос хойш мэргэжлийн бокст хүч сорих болсон.