"X Богд Монголд тодорсон гэдэг бол Нялхасын л ярьдаг асуудал"

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

"X Богд Монголд тодорсон гэдэг бол Нялхасын л ярьдаг асуудал"

Монголын гүн ухаан, буддын судлалын шинэ үеийн тэргүүлэх төлөөлөгчдийн нэг, доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд "Монгол дахь буддын судлал ба нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2018.12.07/ боллоо. МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны Дугуй танхимд зохион байгуулсан эл хэлэлцүүлгийн үеэр 17 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэ үеэр судлаачид буддизм нь шинжлэх ухаан ба шашин гэдэг бол өөр асуудал гэдгийг онцоллоо. Шинжлэх ухаан, философийн хувьд буддизмын гүн ухааныг төрийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн алба хаагчдад чухал нөлөөтэй гэдэгт санал нэг байв. Үүнтэй холбогдуулан  IX Богдын хойд дүр X Богд Монголд тодорсон уу гэдэг асуудлаар дараах хүмүүсээс тодруулав.

ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар: 

-Буддизм бол мэдлэг ухааны сан хөмрөг. Шинжлэх ухаанд шашин гэж байдаг бол тэр нь бурхны шашин, буддизм мөн гэдэг шүү дээ. Энэ нь Дорно дахины мэдлэг ухааны буюу шинжлэх ухааны маш олон салбарыг багтаасан мэдлэгийн сан хөмрөг.

Бурхны шашин гэдэг бол мэдлэг ухааны сан хөмрөг, орчлон ертөнц, хүний амьдрал, өсөлт хөгжлийг судлах явцад үүссэн ийм л шашин. Гэхдээ хамгийн энэрэнгүй, ямар нэгэн далдын хүчинд гэхээс илүү бурхныг шүтдэг буддагийн үйл явцад итгэдэг шашин. Монголчуудын хувьд Хубилай Сэцэн хааны үеэс төрийн хэргийг номын хэрэгтэй хослуулах ерөнхий философи нь одоогийн улс төр шашинтай хутгалдаж байгаатай адилхан биш. Либерал улс төрөөс хамаараад шашныг улс төрийн зорилгоор ашигладаг үйл явц байгаа байх. Далай багш 2016 онд Монголд ирэхдээ X Богд тодорлоо гэж л хэлсэн. Тиймээс биш хэн, хэзээ, хаана тодорсон гэдэг нь албан ёсоор нээлттэй болсон зүйл алга. Тодорхойгүй байна. Хүмүүсийн ярьж байгаагаар нэг хүүхэд тодорсон гэдэг нь бас л тодорхой биш. Түүнчлэн монголчуудын хувьд уламжлалт шашин гэгдэх буддизм нь зонхилох байр сууриа үндсэндээ алдах нөхцөл байдалд орсон. Монголд үйл ажиллагаа явуулдаг нийт шашны байгууллагын дийлэнх буюу 50 орчим хувийг Христийн шашин эзэлж байна. Үүнээс хоёр дахин бага буддын шашны байгууллага бий. Шүтлэгтнүүдийн талаарх нарийвчилсан судалгаа байдаггүй. Гэхдээ зонхилох байр суурь нь суларсан гэж үзэж байгаа.

X БОГД МОНГОЛД ТОДОРСОН ГЭДЭГ НЬ  БУДДАГИЙН АЙЛДСАНААР НЯЛХАСЫН Л АСУУДАЛ БАЙХ

Удирдлагын академийн Засаглалын судалгаа, зөвлөх үйлчилгээний төвийн эрхлэгч Ц.Баатартогтох: 

-Буддизм гэдгийг Будда өөрөө ч хэлсэн байдаг. Тэрээр “Миний сургааль Егүзэр нарт буюу гэгээрсэн хүмүүст философ болж харагдана. Нялхаст шашин болж харагдана” гэсэн байдаг. Энэ тухай доктор Г.Лхагвасүрэн багш номдоо бичсэн. Буддизм нь үндсэндээ шашин биш. Бурхан гэж байхгүй. Шашин бол ертөнцийн эзэн байдаг гэж үздэг бол буддизмд үүнийг үгүйсгэдэг. Будда өөрөө ч хэлсэн байдаг. Хүмүүсийн ярьж байгаагаар X Богд Монголд тодорсон асуудлыг би мэдэхгүй. Энэ бол нялхас ярьдаг асуудал байх аа, эрдэмтэд ярьдаг асуудал биш гэж бодож байна. Буддизм нь бүхэлдээ ёс суртахууны сургааль юм. Монголчууд Хубилай хааны үеэс л буддизмыг судалж, дэлхийн хамгийн том гурван шашны нэгийг баримталж, өөрсдөө сурч, хөгжүүлж ирсэн үндэстэн. Олон мянган жил ёс суртахууны талаар судалж, баримталж ирсэн ард түмэн атал өнөөдөр төрийн алба хаагчийн ёс суртахуун, ёс зүйн түвшин уналтынхаа дээд цэгт хүрсэн нь судлаачдын анхаарлыг татаж байна. Төрийн алба хаагчийн ёс зүйн зөрчил үүнээс цааш хэтэрвэл гамшиг болно гэж хэлэх байх. Иймд өнөөдөр буддизмын болоод монголын уламжлалт ёс суртахуун юу байв гэдгийг судалж, хүүхэд багачуудад таниулан мэдүүлэх ажлыг хийх ёстой. Ингэж чадвал төрийн алба хаагчдын ёс суртахууныг засаж болно гэж үзэж байна. Буддизм нь буддагийн сургааль, философийг хэлдэг. Харин нийгмийн тодорхой хэсэг мухар сүсэгт автдаг хүмүүст буддизм шашин болж харагддаг. Төрд буддизмын философи хэрэгтэй. Төрийн алба хаагч буддист бай гэсэн үг биш. Буддизмын ёс суртахууны хэм хэмжээг л баримтлах хэрэгтэй юм.

X БОГДТОЙ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Шашны их сургуулийн багш Б.Жамбал:

“Буддизм бол философи, шинжлэх ухаан. Энэ бол хүний оюун ухааныг хязгааргүй орон зайд сэтгэх, өндөр түвшинд, мэдлэгийн хувьд оюун санаанд тулах зүйлгүйгээр сэтгэх боломжийг олгодог. Хүнд оюун санааны өөрчлөлт авчирдаг шинжлэх ухаан юм. Хоёрдугаарт, буддизмд үзэл бодлын тулгалт байдаггүй учраас хэн нэгэн хүн шүтэх, эс шүтэх асуудал тухайн хувь хүний асуудал юм. Нөгөө талаас буддизм нь шашны үзэл бодлыг бусдад тулгадаггүй. Буддизм нь ямарваа нэгэн байдлаар дээд тэнгэрээс эзэн харж байгаа гэсэн ойлголт байхгүй. Бидний оюун ухаан хязгааргүй орон зайд сэтгэх боломжтой гэдэг. Энэ бол буддизмын гол онцлог.

Монгол улс Богд хэмээх оюун санааны удирдагчтай байсан. Залууран дор нь үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд, сүсэгтэн олон нэг бодолтой, нэг зорилготой байсан нь улс орны нэгдмэл байдал, нийтлэг эрх ашиг, үндэсний өв соёлын томоохон дархлаа болж байсан нь харагддаг. Монголд IX Богд ирж, иргэншил авсан байдаг. Сүүлд таалал төгссөн. Гандантэгчилэн хийдээс удаа дараалан хүсэлт тавьсны дагуу Далай багш 2016 онд морилсон. Энэ үеэр X Богд Монголд тодорсон гэх багшийн айлдвар байна. Миний зүгээс сүсэгтэн хүний хувьд X Богдтой болно гэдэгт итгэлтэй байгаа. Удирдагчтай болсноор буддын шашин хөгжинө гэж үзэж байна. Далай багшийн айлдвараар X Богд нялх балчир байгаа тул 5-6 жилийн дараа тодорхой болно хэмээсэн.

Сүүлийн үед X Богд тодорсон гэх асуудлыг янз бүрийн гадна дотоодын нөлөөлөл хийгээд зарим нэг хүмүүсийн явуургүй үйл ажиллагаа, урагшгүй хүмүүсийн ухаангүй бодлоос болж яригдаж, өөрсдийнхөө хүүхдүүдийг тодрох болов уу гэсэн үзэл санаа байгаа байх. Түүнчлэн миний хувьд лам нар хуваагдсан зүйл байхгүй гэж үздэг. Гандантэгчинлэн хийдэд 21 аймгийн ловонгууд цуглаж, хурал зохион байгуулдаг. Яах вэ, зарим нэг хүмүүс тухайн явуулж байгаа сүм хийдүүд хийгээд төвийн үйл ажиллагааг дэмждэггүй ч юм уу, гаднын өдөөн хатгалгаар байнгын турхиралт хийдэг. Ер нь бол хүн эрдмийг өөрөөсөө дээш эрдэмтэй хүнээс сонсдог. Монголд шашин улс төрд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээгүй. Улс төр буюу төр улс оршин байх үндэс нь шашнаар иргэдээ тогтоож, оюун ухааны цэвэр сэтгэлзүйтэй болгодог боловч Монголд өнөөдөр шашнаа өндөр түвшинд залж, иргэдээ оюун санааных нь хувьд эрх чөлөөтэй боловсролтой болгох, дотоод сэтгэлээ захирч чадах сургамжид сургах тал дээр юу ч хийгээгүй. Тиймээс төрд нөлөөлөхүйц хэмжээний үйл ажиллагааг буддын шашны зүгээс явуулахгүй байгаа. Өнөөдөр харж байхад гаднын янз бүрийн шашны урсгал Монголд орж, төрийн түшээдэд нөлөөлөн дэлхийд хаагдчихсан шашны олон урсгал үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв төр шашныг дэмжсэн бол энэ асуудлыг захирах ёстой байсан.

                  БУДДЫН ШАШНЫ ФИЛОСОФИ, ЛАМ ХҮНИЙ ЁС ЗҮЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

Буддын сүм судлаач Д.Гантөмөр: 

“Доктор профессор Г.Лхагвасүрэн гэдэг хүн бол Монголын шинжлэх ухаанд, монголчуудын нийгэм улс төр дэх төр барих ухаан, ялангуяа буддизмын оруулсан үүрэг хувь нэмрийн талаар шинжлэх ухааны асар их олон талын өнцгөөс судалж олон бүтээл хийсэн хүн юм. Өнөөдрийн энэ хурал бол түүний шавь, багш, хамтран зүтгэгч нар үйл хэрэг, номын ажлыг нь үргэлжлүүлэх үүднээс  зохион байгуулж байгаа ээлжит том эрдэм шинжилгээний хурал юм. Хурлаар хэлэлцүүлж буй олон асуудлын нэг нь Монголын буддизм судлалын асуудал, монголчуудын буддын сүмд оруулсан үүргийг номын үүднээс судлах, нөгөө талаас нийгэм улс төрийн сэтгэлгээ, монголчуудын уламжлалт төр барих ухаан, төрт ёсны гүн ухааны үндэслэл агуулгыг гаргаж ирж ярьж байна. Хэлэлцүүлгээс гаргаж  буй дүгнэлт, шийдэл нь нэг талаараа эрдэм шинжилгээний хурлын том бүтээл, ном эмхэтгэл болох, нөгөө талаас Монголын төрт ёсны уламжлалын түүх соёл агуулга философийн үйл ажиллагааг задлан гаргаж ирэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монголын уламжлалт үйл ажиллагааны үүднээс Буддын шашин маш олон талаасаа судлагдаж, лам нар түм буман ном боть зохиосон. Буддын шашныг  өнөө цагийн хэрэгцээнд нь тохируулж  дахин тайлбарлах, философийн үзлийг нь задлан гаргаж ирэх, буддын винан ёс, лам хүний ёс зүйтэй холбоотой зүйлүүдийг гаргаж ирэх нь эрэлт хэрэгцээтэй  байна. Өнөө цагийн монголын залуучууд буддизмаас суралцах ёстой зүйл нь юу вэ, орчин үеийн техник технологийн нийлүүлэлт эрэлт хэрэгцээний дагуу гаргаж ирж, буддизмыг шинэчлэн дараагийн шинэ давалгаанд хамааруулах ийм шаардлага байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж