АТГ: “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

АТГ: “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ

Авлигатай тэмцэх газар /АТГ/ өнөөдөр /2018.12.07/ олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм.

 ОФФШОР БҮС ДЭХ ХӨРӨНГИЙГ МЭДЭГДЭЖ, МЭДЭЭЛЖЭЭ

УИХ-аас 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуулиар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт”-ыг нэмсэн. Улмаар оффшор бүсэд хамаарах нийт 49 нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоол, 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолоор тус тус баталсан юм. Хууль тогтоомжийн энэхүү өөрчлөлт, хэрхэн хэрэгжүүлэх талаарх зөвлөмжийг АТГ төрийн бүх байгууллагуудад хүргэж ажилласан бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлж оффшор бүсэд өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг болон эзэмшиж байсан данс, хөрөнгө, өөрчлөлт хөдөлгөөнийг мэдэгдсэн албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэж хүлээн авч, мөн олон нийтэд мэдээлсэн. Оффшор бүсэд данс хөрөнгө эзэмшихтэй холбоотой дээрх хориглолт нь нийтийн албан тушаалтнуудыг хууль бусаар орлого олох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих болон ашиг сонирхлын зөрчил болон цаашлаад албан тушаалын гэмт хэрэг болон бусад гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх чухал зохицуулалт болсон.

ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 802 ГОМДЛЫГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Гэмт хэргийн шинжтэй нийт 802 гомдлыг шалгаж шийдвэрлэсэн, 199 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. 411 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 309 гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 74 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 99.1 хувьтай байна. Нийт шалгасан гомдол, мэдээллийн 57.9 хувь нь Улаанбаатар хотод, 42.1 хувь нь орон нутагт харьяалагдаж байна. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх онуудтай харьцуулахад шалгаж шийдвэрлэсэн өргөдөл гомдол мэдээлэл 236-аар буюу 29,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ЭРҮҮГИЙН 206 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

АТГ сүүлийн хоёр жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын 1163 үйлдэлтэй, 1126 холбогдогчтой, 1040 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Өмнөх онуудтай харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 628-өөр буюу 2.5 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 102-аар буюу хоёр дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 344-өөр буюу 4.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд нэг мөрдөгч 28.6 гомдол, мэдээлэл, 37.1 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 35.6 хувийг төрийн тусгай, 17.6 хувийг төрийн захиргааны, 14.6 хувийг иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 6.5 хувийг төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 13.8 хувийг төрийн улс төрийн, 11.9 хувийг төрийн үйлчилгээний албан тушаалтан эзэлж байна.

ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭЛТ 8.5 ДАХИН ӨСЧЭЭ

2018 онд гэмт хэргийн улмаас 332 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Мөн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 97.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Түүнчлэн оффшор бүсээс 4,4 сая ам.долларыг оруулж ирсэн үр дүнтэй ажилласан байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 262.3 тэрбум төгрөгөөр буюу 4,1 дахин хохирол нөхөн төлүүлэлт 8,5 дахин, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа найм дахин өссөн үзүүлэлттэй байна.

35 ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ 65 ҮЙЛДЛИЙГ ШИНЭЭР ИЛРҮҮЛЖЭЭ

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгээр Хөгжлийн банк, оффшор бүс, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг хууль бусаар ашигласан, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн, Агаарын бохирдол, Стандарт банк, Оюутолгойн гэрээ, Монголбанкны зэрэг олон нийтийн анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үүнээс гадна авлига албан тушаалын гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 35 эрүүгийн хэрэгт 65 үйлдлийг шинээр илрүүлэн ажиллажээ.

84 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

2017 онд шүүхээр нийт 46 эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 оны эхний 11 сарын байдлаар нийт 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээд байна.

Үүнд:

  • Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр,
  •  Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай,
  • Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,
  •  Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Б.Оюундэлгэр,
  • НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга,
  • Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,
  •   Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо,
  • Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин,
  • Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж,
  • Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,
  •  ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлээд байна.

Авлигатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа  нь орон нутагт хийгдэх ажиллагаа нэлээд байдаг төдийгүй нутаг дэвсгэрийн харъяалалтай эрүүгийн хэргүүдэд газар дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлага гардаг. Гэвч Авлигатай тэмцэх газрын одоогийн бүтцээр аймгуудад салбар, нэгж байдаггүй,  авлига, албан тушаалын гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргүүдээс шалгах хүрээ болон онцлогоос шалтгаалан санхүүгийн болон шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжилгээ хийх, гадаад улс орнуудад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд ажиллагаа явуулах, зарим хэргийн хамрах хүрээ нэмэгдэх, шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн авлигын эсрэг гэмт хэргүүд хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон зэрэг ачаалал бодитой нэмэгдсэн ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаар байна.

Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/  зээл авсан гэдгээ хүлээсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийг эргүүлэн татах асуудлыг АТГ-аас Улсын Ерөнхий  прокурорт хүргүүлсэн  гэх мэдээлэл байна.  Энэ үнэн үү?

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны  ЖДҮХС-аас 2018 онд нэр бүхий 200 гаруй аж ахуй нэгжид зээл олгосонтой холбогдолтой асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн  шалгах ажиллагаа явагдаж байна. Тус  хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг гишүүнээс өөр УИХ-ын гишүүнийг дуудаж мэдүүлэг аваагүй. Ямар нэгэн улс төрийн болон төрийн албан тушаалтыг дуудаж байцаагаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналт  доор явагдаж байна. Төсөл хөтөлбөр тус бүрийг нэг бүрчлэн нарийвчилж үзэж байна. 200 гаруй компани зээл авахдаа журмын дагуу авсан уу, гаднаас нөлөөлсөн үү, зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдгийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар тогтоогдсон зүйл, зарим нэг зөрчил байна. Ер нь зээл авсан компаниудыг бүгдийг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Зориулалтын дагуу, хууль дүрмийн дагуу зээл авсан бол хууль зөрчсөн гэж үзэхгүй.

-Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Н.Цэрэнбат нарыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна. Үнэн үү?   

-УИХ-ын гишүүдтэй холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барих хуультай. Үүнийг Прокурорын байгууллага шалгаж байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналт доор явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.

-ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт холбогдоод байгаа 14 гишүүнийг авлига, ашиг сонирхлын ямар  нэгэн зөрчилтэй эсэхийг  шалгасан уу?  Хэрэв шалгасан бол тэрийгээ Улсын прокурорт хүргүүлсэн үү?

Прокурорын мэдээлж болно гэж заасан хэмжээнд бид мэдээллийг та бүхэнд өгдөг. Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоос өөр УИХ-ын гишүүнийг  дуудаж мэдүүлэг аваагүй. Харин УИХ-ын гишүүдтэй холбогдолтой тэдгээрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүд ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг нэг бүрчлэн шалгах санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг ямар шатанд явна вэ ?  

-Ерөнхий сайд нартай холбогдолтой асуудлыг мөрдөн шалгаж байгаа. Тэдгээрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн цар хүрээ нь өргөн.  Оюу-толгой, Дубайн гэрээ мэт олон улс дамжсан гадаад улстай  холбогдолтой  учраас цаг хугацаа их шаардагдаж байна. Сайд нартай холбоотой хэрэг гадаадад Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Бид гадаадын хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа учраас гадаадын энэ чиглэлийн байгууллагууд манай улстай мэдээлэл солилцож хамтран ажиллаж байгаа. Саяхан гаднын байгууллага ирж уулзаад, шалгаад явсан.  Богино хугацаанд шийдэгдэх асуудал биш. Бидний зүгээс хэргийг хурдан шийдвэрлэхийн тулд ажиллаж байна.

-Стандарт банктай холбоотой хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явж байна. Өр зээл нь өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа гэсэн мэдээлэл байна?

-Стандарт банкны хэрэг анх үүссэн цагаасаа эхлээд нэлээн хугацаа шаардсан. Тус банкны хэргийн санхүүгийн мөрдөн шалгах ажлын үр дүн гарсан. Жаст компани, Ш.Батхүүтэй холбогдох хэргийг шалгалтыг ойрын үед дуусгаад Шүүхэд шилжүүлнэ. Ажиллагааны явцад прокурорын байгууллагаас тодорхой тооны хэргүүд  дээр ажлын хэсэг гарсан. Хэрэг прокурорын хяналтад үргэлжилж байна. Жаст компани Ш.Батхүүтэй холбогдох хэргийг шалгалтыг ойрын үед дуусгаад Шүүхэд шилжүүлнэ.

-АСЕМ-ын хэрэгт холбогдуулан 17 албан тушаалтныг шалгаж байгаа юу ? 

-АСЕМ-тай холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна. АСЕМ-тай холбогдуулан арав орчим хэрэгт хэрэг бүртгэл нээгдээд шалгаж байна. Өнгөрсөн аравдугаар сард аудитын дүгнэлт гаргуулчихсан. Шалгалтын ажиллагаа нарийвчлан цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагын хяналт доор явагдаж байна.

-УИХ-ын гишүүд өөрсдийн хөрөнгө орлогоо мэдүүлдэг ч санхүүгийн эх үүсвэр нь хаанаас вэ гэдэг нь тодорхой бус байдаг. Сүүлийн жишээ гэхэд ЖДҮХС-аас зээл авчаад банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг хэд хэдэн гишүүд байна л  даа.

-2017 онд нийт 4032 алба хаагч хөрөнгө оруулгын мэдүүлэг өгсөн. Үүнээс төрийн өндөр албан тушаалтан 236 байгаа. УИХ-ын гишүүний хөрөнгө оруулгын мэдүүлгийг УИХ-ын ёс зүйн хороо өргөдөл гомдол болон тэдгээрт тулгуурлаж шалгадаг. АТГ шалгадаггүй. Харин УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын  гишүүнээр ажиллаж байгаа тохиолдолд АТГ шалгах үндэслэл бүрддэг.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж