Улс төрийн дэмжлэггүй бэрх цагт би төрийн албан хаагчийн хувьд хотын ажлыг цалгардуулахгүй, урагшлуулж байсан

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Улс төрийн дэмжлэггүй бэрх цагт би төрийн албан хаагчийн хувьд хотын ажлыг цалгардуулахгүй, урагшлуулж байсан

Улс төрийн дэмжлэггүй бэрх цагт би төрийн албан хаагчийн хувьд хотын ажлыг цалгардуулахгүй, урагшлуулж байсан

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа.


-Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХ хуралдаанаар Улаанбаатар хотын 2019 оны төсвийг хуулийн хугацаанд баталчихлаа. Нийслэлийн 380 жилийн ой тохиох ирэх оны төсвийн онцлогийг Та тодорхойлж хэлээч?

-Нийслэлийн төсөв жил ирэх тусам цар хүрээний хувьд өргөжиж байгаа. Хүн амын өсөлтийг дагаад аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж, ажил эрхлэлт ч өсөх хандлагатай байгаа учраас төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдсэн.

Тухайлбал, нийслэл, дүүргийн төсөвт 2019 онд 990 тэрбум буюу анх удаа нэг их наяд шахам төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан.

Төсвийн орлогын 78.1 хувийг хүн амын орлогын албан татвараас бүрдүүлдэг. Нөгөөтээгүүр, хүн амын энэ их төвлөрлийг дагаад төсвийн зарлага ч өсөж байна. Ирэх жилийн нийслэл, дүүргийн төсвийн нийт зарлага 667.8 тэрбум төгрөг байхаар баталсан.

-Өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд нийслэлийн төсөвт ямар ахиц өөрчлөлт гарсан гэж дүгнэж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид төсвийн орлогын төлөвлөгөөг байнга биелүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын болон нийслэлийн ИТХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэсэн үг. Энэ хугацаанд бидний баримталж ирсэн гол зарчим бол төсвийн урсгал зардлыг хэмнэх, урьд жилүүдийн түвшнээс нэмэхгүй байх.

Орон тоо нэмэхгүй, төсвийн урсгал зардлаас унаа машин, тавилга, эд хогшил худалдаж авахгүй байх зэргээр аль болох л үргүй зардлаас зайлсхийж ирсэн. Төсвийн зарлагын тухайд нэг зүйл онцлоход, хот нийтийн аж ахуйг хөгжүүлэх зардлын хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа.

Улс орнуудын нийслэл, хотын төсвийг харж байхад нийт зардлынхаа 70-80 хувийг ногоон байгууламж нэмэгдүүлэх, зам, гүүр шинээр тавих, засах гэх мэт эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхэд зарцуулдаг. Гэтэл манай төсвийн байгууллагуудад чиг үүргийн нарийн хуваарилалт байхгүй учраас ЭМЯ-ны хариуцах ёстой эрүүл мэндийн салбарт хотоос давхар мөнгө төсөвлөж, дүүргийн эмнэлгүүдийг анхаарах шаардлагатай болдог.

Цаашид Засгийн газар аль алийг нь хариуцаж, хот юун дээр нь анхаарах ёстой вэ гэдэг төсвийн чиг үүргийн хуваарилалтаа зөв хийдэг болмоор байна.

Иргэд хотын захиргаанаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхийг юу юунаас ихээр хүсдэг. Тиймээс бид төсвийн хөрөнгө оруулалтыг үүнд илүүтэй чиглүүлэх бодлого баримталж байгаа. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд улсын болон нийслэлийн 18 эмнэлгийн гадна талбайг тохижуулж, авто зогсоол байгууллаа.

Өвчтөн яарч сандраад очиход машины зогсоол нь бэлэн байдаг, яаралтай тусламжийн машин саадгүй орж, гарах гарцтай, хэвтэн эмчлүүлж буй хүмүүс гараад салхилахад ногоон байгууламжтай, амарч тухлах саравчтай байвал хаана хаанаа сэтгэл ханамжтай байна шүү дээ.

Эмнэлгүүдийн гаднах тохижилтыг сайжруулахад зарцуулсан 10 гаруй тэрбум төгрөгийг би хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт болсон гэж бодож байгаа.

Иргэд ч үүнийг талархан дэмжсэн.

-Нийгмийн салбарын хөрөнгө оруулалт л хамгийн их анхаарал татдаг. Хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээгүй байдал, үйлчилгээ болон орчин нөхцөл гээд асуудал олон. Ирэх онд энэ чиглэлээр ямар бүтээн байгуулалтууд хийх вэ?

-Ер нь төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн дагнасан эмнэлэг байгуулах тал дээр манай эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд санал зөрөлддөг. Ханиад, томуугийн улиралд эрэлттэй ч урин дулааны цагт үргүй зардал их гарах учраас Нэгдсэн эмнэлэг дотроо Хүүхдийн тасаг байгуулаад, шаардлагатай тохиолдолд орны тоог нэмдэг байх нь зүйтэй гэдэг.

Тиймээс хотын зүгээс Улаанбаатарт Хүүхдийн амбулатори байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Яармаг дахь IV амаржих газар ашиглалтад орохоор “Хүрээ” амаржих газар тийшээ нүүх юм. Тэгэхээр “Хүрээ” амаржих газрын оронд Хүүхдийн амбулатори барихаар төлөвлөж байгаа. Өнгөрсөн жил бид БНХАУ-ын Энхтайвны сангийн дэмжлэгээр Налайх дүүрэгт 50 ортой, хүүхдийн эмнэлэг ашиглалтад оруулсан.

Энэ жил дээрх сангийнхан Баянзүрх дүүрэгт хүүхдийн эмнэлэг барьж өгч байна. Түүнчлэн тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийг менежментийн гэрээгээр ажиллуулж байгаа хувийн хэвшлийнхэн тэнд хүүхдийн эмнэлэг байгуулсан тул орны тоо харьцангуй нэмэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болгох, цэцэрлэгт хамруулалтыг 85 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн жил УИХ, Засгийн газрын түвшинд ч зорилт тавьсан.

Сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй байна гэж хэдэн арван жил ярих билээ дээ. Тиймээс энэ чиглэлээр дорвитой ажлууд хийж байгаа. Ирэх онд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар болон гадаадын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 65 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн 27 цогцолбор, 77 цэцэрлэгийн барилга барина.

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ямар ч байсан бүх сургууль хоёр ээлжээр хичээллэдэг болно. Хэрэв эдгээр барилга бүгд ашиглалтад орж амжихгүй бол гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын ахлах ангийнхныг хувийн хэвшлийн их, дээд сургууль болон МСҮТ-үүдийн ашигладаггүй анги танхимд түр хичээллүүлэх зохион байгуулалт хийхээр ярьсан.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдах шинж байна уу. 50 мянган хүнтэй аймагтай адилхан статустай яваад байгаа Улаанбаатар хотынхны хувьд энэ хууль батлагдсанаар ихээхэн үр өгөөжтэй болно гэж байсан.

-Монгол Улсын хүн амын 50 шахам хувь нь аж төрж байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг дангаараа үйлдвэрлэж буй нийслэл хотын статусыг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Миний бодлоор Улаанбаатар хот тусгай статустай байх ёстой.

Тэгж байж хот өөрөө асуудлаа шийддэг болно. Засгийн газар, Сангийн яамныхны гарыг хараад суулгүй, орлогоо олдог, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй баймаар байна. Тиймээс бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулахдаа маш сайн бодож, чамбай хийсэн.

Гэвч УИХ-д өргөн барьсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхгүй, хүлээгдээд байна. “Энэ хуулийг хурдан батлаад өгөөрэй” гээд УИХ-ын гишүүдэд би байнга сануулдаг. Энэ бол нийслэл нэг их айхтар эрх мэдэлтэй болох гэж зүтгээд байгаа хэрэг биш юм. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэхэд өөрөө ачаагаа үүрдэг болох нь энэ хуулийн гол агуулга.

Хотын татвар, гадаадын хөрөнгө оруулалт татах, бонд гаргах, нийслэлийн иргэдийн эрх, үүргийн тухай асуудал, авто замын барилга байгууламж, замын хөдөлгөөнийг яаж зохицуулах, дүүрэг, хороо гэж юуг хэлэх, тэнд ажилладаг хүмүүсийн цалин хөлс ямар байвал зохих вэ гээд ойлгомжгүй олон зүйл тодорхой болно. Өнөөдөр нийслэлийн нэг хороо гэхэд дунджаар 7000 гаруй хүнтэй. 20-иод мянган хүнтэй хороо ч байна.

Гэтэл нийслэлийн хороод 2000 хүнтэй сумын төвөөс ч доогуур статустай. Томоохон дүүргүүд маань 340-360 мянган хүнтэй атлаа статусын хувьд 30-40 мянган хүн амтай аймгуудаас долоон дор үнэлэгддэг. Энэ бүхний цаана иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ жигд, хүртээмжтэй байх, эсэх тухай асуудал хөндөгддөг учраас уг хуулийн төслийг өргөн барьсан юм.

-Улаанбаатар хот концессын гэрээг цааш үргэлжлүүлэх үү. Нэг талаас харахад концесс сайн ажлын жагсаалт мэт боловч нөгөө талаас бас аж ахуйн нэгжүүдэд мөнгө төгрөгөө хүлээх, төрд өрийн дарамт үүсгэх сөрөг талууд ажиглагддаг?

-2012-2016 онд Улаанбаатар хот концессын гэрээ хийх эрхтэй байсан. 2016 оны есдүгээр сард хуульд өөрчлөлт орсноор аймаг, нийслэлийг барих, шилжүүлэх концессын гэрээ хийхийг зогсоосон. Гэхдээ нийслэлийн зүгээс хувийн хэвшлийнхний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, өнгөрсөн хугацаанд концессын гэрээний хүрээнд үүсээд байсан 80 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдууллаа.

Үүний үр дүнд нийслэлд нэн тэргүүнд шаардлагатай байгаа цэцэрлэгийн орны тоог нэмэгдүүлэх, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан томоохон авто зам, замын байгууламж барих, хотын ундны усны эх үүсвэрийг бохирдлоос хамгаалах чиглэлээр тодорхой ахиц гарсан.

Харин өчигдөр (уржигдар) нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХ хуралдаанаар “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг баталлаа. Ингэснээр Улаанбаатар хотод хэрэгцээ шаардлагатай ч одоохондоо нийслэлийн төсвөөс санхүүжилт гаргах боломжгүй 12 төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, менежментэд тулгуурлан, онцгой эрх олгох замаар төр, хувийн хэвшил түншлэн хэрэгжүүлэх юм.

Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Монгол наадам” цогцолборыг шинэчлэх төсөл, шарил хадгалах төв гэх мэт объектыг багтаасан концессын зүйлийн жагсаалтаа зарлаад, сонирхсон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулна.

-Нийслэлийн Инновацын төвөөр ороход орчин үеийн мэдээллийн технологийн дэвшилд тулгуурлан хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээ, идэвх, санаачилгыг дэмжих тун хэрэгтэй газар юм даа гэж бодсон. Хамгийн гол нь хүүхэд, залуучуудын гэх тодотголтой барилга байгууламжуудыг хот эргүүлээд тэдэнд зориулж эхэлсэнд олзуурхсан. Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувийг хүүхэд, залуус эзэлдэг гэхээр тэдэн рүү чиглэсэн бодлого гарцаагүй хэрэгтэй байна шүү дээ.

-Үнэндээ өнөөдөр Улаанбаатарт Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай төв гээд тэдэнд чиглэсэн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг тоотой хэдэн газар л байна. Биднийг бага, залуу байхад Хүүхэд, залуучуудын соёлын төв гэж сайхан байгууллага байсан.

Сүүлд баахан албан газрын контор болгосон байсныг хүүхэд, залуучуудад буцааж өгөхийг хүссэн юм. Тэгэхдээ зүгээр л бөөнөөрөө цуглаад тоглож нааддаг, наргидаг газар болгох бус, илүү бүтээлч байдлаар ашиглуулахыг зорьсон. Дэлхийн аль ч хотод байдаг орчин үеийн Инновацын төв ямар байдаг билээ, тэрийг жинхэнэ утгаар нь Улаанбаатар хотдоо байгуулъя гэж хүссэн. Байшин барилга, өрөө, тасалгаанууд нь бэлэн болсон.

Одоо шинэ санаа, мэдлэгт суурилсан бүтээлч үйлдвэрлэлийг бий болгоход шаардлагатай 3D принт гэх мэт тоног төхөөрөмжөөр хангах ажил үлдээд байна. Бүтээлч сэтгэлгээтэй залуус тэнд мэдлэгээ хуваалцдаг, гарааны бизнесээ эхлүүлэх боломжоор хангахын тулд өрөө, тасалгааг нь хамгийн хямд өртгөөр түрээслүүлж байгаа.

Төрийн байгууллага шиг өглөө ажил эхлэхэд онгойгоод, орой тарахтай зэрэгцээд үүдээ цоожилдоггүй, ямар ч үед ашигладаг байх юм. Менежментийг нь хувийн хэвшлийнхэн хийж байгаа.

-Чингэлтэй дүүргийн VII хороонд барьж буй Дэд бүтцийн төвийн ажил хэдэн хувьтай явж байна вэ. Иргэд хувийн газар дээрээ төвийн дулааны шугам татуулж, холбуулах хүсэл их байдаг. Энэ мөрөөдлийг бодитоор биелүүлэх нэг зорилт нь дээрх ажил мөн үү?

-Улаанбаатар хотын гэр хорооллыг бид гурван хэсэгт хуваасан.

Төвийн бүсийн гэр хороолол руу өндөр үнэтэй шугам сүлжээ татах учраас олон давхар орон сууцаар хангах бодлого баримталж буй.

Харин дундын бүсийн гэр хорооллынхны тухайд дэд бүтцийг нь шийдэж өгөхийн тулд өндөр өртгөөр төвийн шугамаас татах бус, тухайн газарт нь 200-300 айлд тохирсон Дэд бүтцийн жижиг төвүүд бий болгох юм.

СӨХ шиг айлууд нь нэгдээд, дундаасаа урсгал зардлаа гаргана гэсэн үг. Эхний загвар Дэд бүтцийн төвийг Чингэлтэй дүүргийн VII хороонд барьж байгаа. Угсралтын ажил нь одоо бараг дуусаж байна. Цаашид 50 байршилд ийм төв байгуулахаар төлөвлөснөөс ирэх жил нийслэл хоёр байршилд барина. Анхны хөрөнгө оруулалт өндөр байгаа ч яваандаа агаар, хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллынхны амьдрах орчныг өөрчлөхөд нэг том гарц гэдгийг хүмүүс ойлгоно байх аа.

С.БАТБОЛД: 2019 ОНД МИНИЙ АМЬДРАЛД ЦОО ШИНЭ ҮЕ ЭХЛЭХ БАЙХ

-Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулах асуудал үе үеийн хотын дарга нарын “толгойны өвчин” байсаар ирсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ингэхэд юу болов. Өмнөх Засаг даргатай харьцуулахад энэ талын бодлого, хийж буй ажил тань нэлээд бүдэг байх шиг ээ?

-Би анх нийслэлийн Засаг даргаар томилогдохдоо хэлж байсанчлан гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлогыг үргэлжлүүлж байгаа. Харамсалтай нь, санхүүжилтийн асуудлаас болоод эрч нь суларсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудад цахилгаан, цэвэр, бохир усны шугам татах, зам тавих гээд дэд бүтцийг нь шийдэхэд 170 орчим сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй.

Хоёрдугаарт, 2016 оноос хойш манайд нүүрлээд буй эдийн засгийн хямралаас болоод барилгын компаниуд банкнаас хөнгөлөлттэй зээл авч чадахаа байсан.

Төсөл хэрэгжүүлэгч компаниудын нуруун дээр хүнд ачаа ирдэг учраас ялангуяа эдийн засгийн ийм хямралтай нөхцөлд аж ахуйн нэгжүүд ийшээ зориглож орохоос зүрхшээгээд байна. Дээрээс нь ипотекийн зээл зогссон гээд хэд хэдэн хүчин зүйл гэр хорооллын дахин төлөвлөлтийг гацаахад нөлөөлсөн.

Тиймээс энэ ажлыг хэрхэн урагшлуулах вэ гэдэг дээр Засгийн газар, нийслэлийн зүгээс боломжийн хэрээр арга хэмжээ авч байгаа.

Гол найдвар нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар орж ирэх хоёр тэрбум юанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийг шийдэхэд зарцуулъя гэж түрүүчийн Засгийн газартай тохирсон.

Гэвч одоохондоо тэр мөнгө орж ирээгүй л байна. Ямартай ч ирэх оны төсөвт бид 20 тэрбум төгрөг тусгасан. Орон сууц барих гэтэл дэд бүтцийн ялимгүй асуудлаас болоод ажил нь эхлэхгүй байгаа аж ахуйн нэгжийн төслийг үүгээрээ санхүүжүүлэх юм. Одоохондоо нийслэлийн хэмжээнд байгаа нөөц боломж л ийм байна.

-Ажлаас гадна танаас заавал асуух зүйл байна. “Хотын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө” гэсэн мэдээлэл цацагдсан. Үнэхээр өгсөн бол шалтгаан нь юу байв. Улс төрийн шахалт уу. Эсвэл өөр үндэслэл бий юү?

-Гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд болон манай намын дарга надтай хамтарч ажиллах боломжгүй гэдгээ хэлсэн. Энэ бол улстөрчийн хувьд хүндэтгэж үзэхгүй байхын аргагүй шалтгаан. Хоёрдугаарт, МАН-ын удирдах зөвлөл намайг “Хотын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй” гэдэг шийдвэр гарсан.

Гуравдугаарт, би нийслэлийн намын хорооны даргын сонгуульд амжилтгүй оролцсон. Нийслэлийн Засаг даргын хувьд нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон бол хотын улс төрд илүү хүчтэй байж, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой байв.

Ийм учраас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлаа үргэлжлүүлэн хийх нь миний хувьд утгагүй гэж үзээд өргөдлөө өгсөн. Ерөнхий сайд удахгүй шийдвэрээ гаргана байх.

-Нийслэлийн ИТХ-аар улс төрийн өөр нөхцөл байдал үүссэн тул энэ асуудлыг хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гаргасан. Бас Ерөнхий сайд саналаа татчихсан. Ийм нөхцөлд Та хотын иргэд, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө Ерөнхий сайдтай зөвшилцлийн ширээний ард сууж болохгүй юү?

-(Инээгээд) Бараг боломжгүй биз дээ. Нэгэнт шийдвэр гарсан учраас явсан нь дээр гэж бодож байгаа. Нийслэлийн Засаг даргын хувьд би зорьж төлөвлөсөн ажлынхаа 60 орчим хувийг хийсэн. Дараагийн хүн нь энэ ажлыг үргэлжлүүлээд явах байх. Ялангуяа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр тууштай ажилласан.

Гурван жил дараалан иргэдийн оролцоотой асуудлыг шийдсэн. Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэчлэл хийе, иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайжруулъя, иргэдээ сонсож хотоо хөгжүүлье гэж зорьсон. Сургууль, цэцэрлэг нь хүртээмжтэй байж, эмнэлгийн орчин нөхцөл сайжраасай, хотын зам талбай чөлөөтэй, хүмүүс явган хүн явахад, дугуйгаар зорчих боломжтой байгаасай гэж хүссэн.

Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэлээд анхаарч, “Зам чөлөөл”, “Явган хүний зам” гэх мэт кампанит ажил өрнүүлсэн минь хотын иргэдийн сэтгэлд нийцсэнийг мэдэрдэг.

-Таныг анх нийслэлийн Засаг даргаар томилогдох үеэс эхлээд л элдэв шүүмжлэл дагасан. Гэхдээ арай ч хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөхөд хүрнэ гэж бодож байв уу. Эсвэл эргэлзээ байсан уу?

-Манай намын доторх улс төрийн хагарал, фракц хоорондын зөрчил, хямрал л өнөөгийн энэ байдалд хүргэлээ. Бид эвтэй байж, асуудлаа дотроо ярилцаад шийдэж болох л байсан. Улс төрийн энэ тогтворгүй байдал нь хотын даргыг үүрэгт ажлаа бүрэн хугацаандаа хийх боломж олгосонгүй.

-МАН-ын түүхэн дэх хамгийн ээдрээтэй цаг үед Та хотыг удирдаж таарсан нь улстөрчийн карьерийн хувьд амаргүй байв уу?

-Тийм ээ. Хамгийн эвтэй, тогтвортой байх болов уу гэж найдаж байтал УИХ, Засгийн газар, хотын захиргаа гээд дээр, дооргүй бүхэлдээ үймчихлээ.

Гэхдээ ийм амаргүй нөхцөлд, улс төрийн дэмжлэг байхгүй бэрх цагт төрийн албан хаагчийн хувьд би хотын ажлыг цалгардуулахгүй, урагшлуулж байсан.

Төрийн ордонд болж байгаа улс төрийн хямрал, хагарал тэмцлийг хотын ИТХ-д авчраагүй. “Би энд үлдэх ёстой. Хэдүүлээ талцаад, тэмцээд, суулт хийцгээе” гэж бужигнуулж, дэвхцээгүй. Төрийн албан хаагчийн үүднээс бодоход энэ нь хотод ямар ч ашиггүй зүйл. Улстөрчийн хувьд бас би эр зориг гаргах ёстой гэдгээ мэднэ. Улс төрийн дэмжлэгтэй үед нь ажиллаад, хийх ёстой зүйлээ харин сайн хийхийг хичээдэг.

Нэгэнт дэмжлэггүй болсон бол энэ албан тушаалаас зууралдаад байх шаардлагагүй. Энэ бол улстөрчийн хувьд ч, төрийн албан хаагчийн хувьд ч миний баримталдаг зарчим.

-Тэгэхээр Та улс төрийн итгэл үнэмшлээрээ энэ шийдвэрийг гаргажээ дээ?

-Төр тогтвортой байх ёстой. Нийслэлийн улс төрийн тогтвортой байдлын төлөө би үүнийг хийсэн. Тиймээс манай ИТХ-ынхан энэ асуудалд илүү ухаалаг хандаж, шийдэх байх гэж найдаж байна. Гурав дахь жилийн төсвөө саяхан батлууллаа. Нэгэнт гараанаас хөдөлсөн, төлөвлөгөө нь бэлэн байгаа учраас эхлүүлсэн ажлуудыг минь цааш үргэлжлүүлээд явах байх аа.

-Таны шийдвэрийг гэр бүл, ойр дотнынхон хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүн ямар ажил, албан тушаал хашихаас үл хамааран, гэр бүл гэдэг хэзээд гэр бүл л байдаг шүү дээ. Харин улс төрийн хүрээний зарим найз нөхөд, хамтран ажиллаж буй багийнхан, бизнесийн түншүүд маань “Улс төрийн маш эвгүй үе таарчихлаа. Уг нь Та ажлаа гүйцээх байсан юм” гэцгээж байгаа.

-2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар монголчууд МАН-д ихээхэн итгэл хүлээлгэсэн. Гэтэл дээр, дооргүй эвдрэлцсэн нь харамсалтай. Хотын намын хорооныхон хүртэл бужигнасан нь дээрээс шидсэн “чулуу” байв уу, эсвэл эрх мэдлийн төлөөх зодоон дотроосоо эхэлсэн үү?

-Нийслэл эхэндээ харьцангуй тогтвортой байсан. Гэхдээ нийслэлийн ИТХ-ын даргаа үүрэгт ажлаас нь чөлөөлөөд явуулсан үеэс эхлээд надад ажил хийхэд үнэхээр амаргүй болсон. Хурлын шинэ дарга томилогдоод, шинэ нөхцөл байдал үүсэхэд мөн л туршлага зааж, ажлаа тогтвортой үргэлжлүүлэх шаардлага тулгарсан.

Ямар ч байсан би төрд 30-аад жил ажилласных энэ бүхнийг даваад гарсан шүү. Хоёрдугаарт, нийслэлийн намын хорооны даргыг чөлөөлж, би оронд нь үүрэг гүйцэтгээд явж байхад манайхан хурлаа хийнэ, хийхгүй гээд хэсэг тэмцэлдсэн. Энэ нь мөн л нийслэлийн ажилд шууд нөлөөлөх гээд байсан учраас түүнийг нь аль болох багасгахын тулд би байдаг боломжоо л дайчилсан. Хувь улстөрчийнхөө үүднээс иргэд, сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлэхгүйг хичээсэн.

Байгаа төсөв мөнгө, нөөц бололцоогоо дайчлаад иргэдийн хамгийн их хүсэж буй зүйлд үр ашигтай зарцуулахыг бодож ирсэн. Халгиж цалгисан төсөв бидэнд байсангүй. Бонд гаргах эрхгүй, концесс зарлах боломжгүй үе байлаа. Гаднаас зээл авах эрх ч байгаагүй. Тиймээс хүмүүст харуулахын тулд болсон, болоогүй олон барилга барьж, зам тавихыг урьтал болгосонгүй.

Иргэдийн амьдралд нэн тэргүүнд тулгамдаж буй зүйлийг шийдэхэд анхаарч ажилласан. Гэхдээ сонгогчид манай намд итгээд УИХ-д 65 суудал, нийслэлийн ИТХ-д 34 суудал өгөөд итгэлийг нь дааж чадсангүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Эв нэгдэлтэй байж, энэ сайхан боломж, хүчийг ашигласан бол мөрийн хөтөлбөрт тусгасан олон ажлаа амжуулах байсан учраас надад ч бас харамсалтай байна.

-Албан тушаалаас тань чөлөөлөх үндэслэлээ Ерөнхий сайд хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулаагүй, утаатай тэмцээгүйтэй холбон тайлбарласан. Утааг бууруулах, замын түгжрэлийг бууруулах ажил нь хоёр жил хагаст хийж, үр дүн хүлээх боломжтой зүйл үү?

-Агаарын бохирдлыг бууруулахад дунджаар 10-аад жил шаардлагатай юм байна гэдгийг Бээжингийн жишээнээс харж байна. 2008 онд Бээжингийн олимпыг зохион байгуулахаас өмнө л агаарын бохирдлоо бууруулах арга хэмжээ авч эхэлсэн. Удаан хугацаанд уйгагүй, тогтвортой арга хэмжээ авч байж 10 гаруй жилийн дараа үр дүн нь гарч байна. Хамгийн гол нь агаарын бохирдлыг хот дангаараа бууруулах ямар ч боломжгүй.

Тэр тусмаа манайх шиг санхүүгийн эрх мэдэлгүй хотод энэ нь бүр ч боломжгүй. Замын түгжрэлийг бууруулах асуудал ч зөвхөн хотын шийдчих хэрэг биш. Буруу талдаа жолооны хүрдтэй машинуудад ямар бодлого баримтлах, хуучин машины импортыг хэрхэн зохицуулах, орон нутгийн машинуудыг хотын төвөөр хэдийд, яаж зорчуулах вэ, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг яаж тооцох гэх мэт хууль эрх зүйн хүрээний шийдэл болон цогц бодлого шаардлагатай.

Хот өөрийн эрх мэдлийн хүрээнд шөнийн цахилгааны хөнгөлөлт эдлүүлэх, сайжруулсан түлшний борлуулалтыг дэмжих, автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байна. Миний бие хотын даргын хувьд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр түүхэн гэж хэлж болохуйц гурван шийдвэр гаргасан.

Нэгдүгээрт, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Хоёрдугаарт, суурьшлын бүс тогтоож өгсөн. Гуравдугаарт, агаарын чанарын бүсүүдийг тогтоож, ямар зуух, түлш хэрэглэж болохгүйг нь заагаад өгчихсөн. Энэ бол хотын даргын эрх мэдлийн хүрээнд гаргаж болох эцсийн том шийдвэр. Үүнээс цааших бодлогын арга хэмжээг Засгийн газар авах боломжтой.

-Хотын даргын хувьд Улаанбаатарын 380 жилийн ойгоор тийм ажил хийнэ, нийслэлчүүддээ ийм бэлэг барина гэсэн төлөвлөгөө танд байсан уу?

-380 жилийн ойг нэг өдөр тэмдэглээд болчихгүй. Түүхт ойн хүрээнд нийслэлд бүтэн жилийн турш янз бүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөж, олон янзын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Нэн тэргүүнд нийслэлийн хүн амын хэт их төвлөрлийг сааруулах үүднээс хотын захиргааг зах руу нь гаргая гэж төлөвлөж байгаа. Ирэх оны дөрөв, тавдугаар сар гэхэд энэ ажил хийгдчих болов уу.

Энэ бол монголчууд бидний хувьд түүхэн шийдвэр. Дэлхийн аль ч томоохон хот төвлөрлөө сааруулахын тулд хотын захиргаагаа нүүлгэж, шинэ газарт суурьшлын бүс бий болгодог. Түүнчлэн Улаанбаатар хотод сүүлийн 60 жил хийгээгүй том бүтээн байгуулалт болох Баянзүрх, Яармаг, Сонсголонгийн гүүрүүдийг шинэчлэх ажил ирэх онд дуусна.

Мөн нийслэлийн түүхэнд анх удаа давхар гүүрэн байгууламж барьж байгаа. Улаанбаатарт шинэ өнгө төрх нэмэх энэхүү давхар гүүрэн байгууламж ирэх жил ашиглалтад орно.

-Та нэлээд дээхнэ “Батболдын үед хууль бус газар олголт гэдэг зүйл хэзээ ч гарахгүй. Би иймэрхүү ярианд орохгүй, нэр цэвэр ажлаа хүлээлгэж өгнө” гэж ярьсан. Энэ бодлого тань цаашид үргэлжлэх болов уу?

-Үнэндээ хотын Засаг дарга болгон хууль бусаар газар олгосон гэдэг ярианд ордог. Миний хувьд энэ яриаг таслан зогсоосон гэж хэлж болно.

Би өөртөө, эсвэл хэн нэгэнд хууль бусаар газар олгоогүй. Үүнийг хаана ч нүүр бардам хэлнэ.

Харин ч хууль бусаар олгосон газруудыг чөлөөлж, хугацаа хэтрүүлэн эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгжийн газрыг буцаан авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ногоон хот болгох зорилтоо хэрэгжүүлэхээр явсан.

Нөгөөтээгүүр, хотын газар үнэтэй байх ёстой, газар зохион байгуулалт, менежментийг цоо шинээр хийх хэрэгтэй гэдэг бодлого баримталж, эхлэлийг нь тавьсан. Улаанбаатар хот газраасаа мөнгө олдог болбол төсөвт ч ихээхэн нэмэртэй.

-Таныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болох тохироогоо хийчихсэн гэж дуулсан. Үнэн үү?

-(Инээгээд) Одоохондоо дараагийн ажлын тухай ер бодоогүй байна. Төрд 30-аад жил ажиллахдаа миний баримталж ирсэн нэг гол зарчим бол эрхэлж байгаа ажлаа хүлээлгэж өгтлөө сэтгэл хоёрдохгүй, нэр төртэйгөөр хийх. Одоо ч би ажлаа урьдын адил хийгээд, хүмүүстээ шаардлагаа тавиад, захирамж тушаалаа гаргаж байгаа.

-Удахгүй шинэ он гарлаа. 2019 оныг Батболд гэдэг хувь хүн яаж эхлүүлэх төлөвлөгөөтэй байна вэ. Хэсэг амрах уу, эсвэл 2020 оны сонгуулийн бэлтгэлдээ гарах уу?

-22 настайгаасаа хойш тасралтгүй 28 жил гаруй төрд ажиллалаа. Дийлэнх хугацаанд нь удирдах алба хашиж байсан тул амралтаа ч гүйцэд эдэлсэн удаагүй. Өнгөрсөн бүх хугацаанд би төрийн албанд зүтгэхдээ ямагт бусдын төлөө ажиллаж иржээ. Гэр бүлдээ, өөртөө цаг тухтай гаргасан нь ч ховор.

Тиймээс 2019 он намайг өнгөрсөн амьдралаа эргэн тунгааж, магадгүй ирээдүйгээ өөрөөр эхлэх бололцоо олгож буй цаг үе юм уу гэж бодож байгаа. Миний амьдралд цоо шинэ үе эхлэх байх. Шинэ эргэлтийнхээ тухай сайн тунгаана даа. Түүнээс биш, улс төрд дахиж ороод, тэрийг тэгж гялалзуулна, ингэж өрсөлдөнө гэсэн төлөвлөгөө алга. Тэгэхдээ бас амраад хэвтээд байя гэж толгойд буухгүй байна.

-Шинэ эргэлт гэдэг нь улс төртэй холбоогүй гэж үү?

-Мэдээж би улстөрч хүн учраас шууд гараад явчихгүй. Гэхдээ өнөөгийн манай улс төрийн нөхцөл байдал маш хүнд бэрх, бохир заваан болжээ. 22-тойгоосоо миний мэддэг байсан улс төр биш болсон байна. Маш их хөрөнгө мөнгөөр улс төр хийдэг болчихож. Улс төрийг бохир мөнгөнөөс салгаж, тогтолцоог нь эрүүлжүүлэх хэрэгтэй байна.

Тогтолцоогоо өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа зөв өөрчлөлт хийх ёстой. Төрдөө итгэх ард иргэдийн итгэлийг эргүүлэн олж, амьдралд нь гэрэл гэгээ нэмэхэд анхаарах ёстой байтал манай улстөрчид тамын тогооны үлгэрээ давтаад, бие биетэйгээ уралцсаар байх юм. Хэн нэгнийг албан тушаалд томилж, чөлөөлөхөд хамаг цагаа бараад байна.

-Ард түмэн улс эх орныхоо ирээдүйд хүртэл итгэл алдарч байгаа нь хамгийн харамсалтай санагддаг.

-Төр, засагтаа, эх орныхоо ирээдүйд ард түмэн итгэхгүй болно гэдэг маш эвгүй зүйлийн дохио гэж би боддог. Тогтолцооны өөрчлөлт хийж, улс төрийн энэ мухардлаас гарахгүй бол цаашид улам л хэцүү болно. Улс төр судлалаар эрдмийн зэрэг хамгаалж, төрд 30-аад жил зүтгэсэн хүний хувьд хөндлөнгөөс харж үглээд, зүгээр суухыг бодохгүй байна. Ялангуяа манай үеийн болон биднээс дээших үеийн тулхтай улстөрчид илүү хариуцлагатай байж, үүнд хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог.

-Манайхны зарим нь сонгуульд ялагдахаараа гадаадад амьдарч байгаад, дараагийн сонгууль дөхөхөөр гараад ирдэг. Танд тийм бодол байна уу?

-Би гадаадад очоод, долоо хонохоороо л хэцүүддэг хүн шүү дээ. Энд миний аав, ээжийн алтан шарил байна. Миний гэр бүл, үр хүүхэд, мал хуй гээд амьдрал минь бүхэлдээ энд байна. Эх орныхоо сайн сайхан, саар муу бүхнийг дотор нь байж, биеэрээ мэдэрч, хөгжил дэвшилд нь чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Тиймээс жаахан бодож байгаад шинэ зорилтууд тавиад зүтгэнэ дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж