Засгийн газраас шатахууныг үнийг үе шаттайгаар бууруулах шийдвэр хүрснээ зарласан. Тэгвэл өнөөдрөөс өргөн хэрэглээний А-92 шатахууны үнэ буурч байгаа юм байна. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газраас газрын тос импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзсаны дараа шатахууны үнийг тодорхой хэмжээнд буулгахаар болсон. Өнөөдөр гэхэд 100 төгрөгөөр буурч байгаа юм байна?
-2018 оны арванхоёрдугаар сард ОХУ-аас оруулж ирж буй газрын тосны үнэ тонн тутамдаа буурч байна. Үүний дагуу өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурсан. Өмнөх үеэс 30 орчим хувиар буурсан байна. Үүнтэй холбогдуулан Мягмар гаригт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, шатахууны жижиглэнгийн үнийг бууруулах чиглэл барьж ажилласан. Тиймээс өнөөдрөөс эхлэн импортлогч компаниуд өргөн хэрэглээний А-92 шатахууны үнийг 100 хүртлэх төгрөгөөр бууруулах чиглэлийг өгсөн байгаа. Одоо худалдаалагдаж байгаа шатахууныг өмнөх сард таталт хийж авсан байгаа. Мөн арванхоёрдугаар сард таталт хийж авсан шатахууныг ирэх оны нэгдүгээр сард худалдаалдаг. Тиймээс Засгийн газраас шатахууны үнийг үе шаттай бууруулна гэсний дагуу шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Цаашид газрын тосны зах зээл, үнийн тогтвортой байдал, хангамж сайн үзүүлэлттэй байвал бид үе шаттайгаар эдийн засгийн зохистой түвшинд уялдуулж жижиглэнгийн үнийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллах болно.
-Оны өмнө буюу арванхоёрдугаар сарын сүүлээр мөн шатахууны үнийг дахин бууруулна гэдгийг хэлж байсан. Тэгэхээр энэ сард шатахууны үнэ дахин буурах уу?
-Тухайн сарын нийлүүлэлт өмнөх сарынх нь 25-30-ны хооронд орж ирдэг. Арванхоёрдугаар сарын сүүлээр хилээр ямар үнэ өртөгөөр орж ирэх, дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзэр, ам.долларын ханш зэрэг олон талын хүчин зүйлээс шалтгаална. Ам.долларын хамгийн тогтвортой байдал маш чухал үүрэгтэй байхаар байна.
-2018 оны шатахууны үнэ яг хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ?
-2018 онд А-92 шатахуун гэхэд 4-5 удаа 350 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Одоо бол хилийн үнэ дээр 200 гаруй төгрөгийн зөрүүтэй орж ирж байгаа ч үнээ буулгах хүсэлтийг импортлогчдод тавьж байгаа. Бага үнээр орж ирж байгаа бүтээгдэхүүн нэгдүгээр сард борлуулагдахаар байна. Гэхдээ бид наана нь үнэ бууруулах ажиллаж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ