УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар өнөөдөр ХААИС-ийн багш, оюутнуудын урилгаар Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан лекц уншиж, харилцан ярилцлаа.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 1989 оны өвөл Сүхбаатарын талбайд болсон цуглаанд 90 мянга орчим хүн оролцсон гэж үздэг. Тэдний дийлэхни нь оюутан залуус байсан гэхээр Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь яах аргагүй оюутнууд байсан гэж хэлж болно. Эх орны баруун хязгаарт Ховдийн багшийн дээд сургуулийн оюутнууд анхны цуглаануудын нэгийг хийснээс эхлээд жагсаал цуглаан хийх, олон нийтийг уриалан дуудахад оюутнууд хэнээс ч илүү том хүч болж байсан юм. Аливаа шинэчлэлийн хөдөлгөгч хүч нь залуучууд, тэр дундаа оюутнууд байдаг нь дэлхийн жишиг. Энэ л жишгээр олон оронд өрнөсөн тэмцлийн магнайд оюутнууд явж, зарим нь амь насаараа хохирсон байдаг.
Монголын оюутнууд ч ялгаагүй өөрчлөлт шинэчлэлийн төлөөх хөдөлгөөний гол баатрууд юм гэдгийг УИХ-ын гишүүн, тухайн үеийн Монголын Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болд лекцийн үеэр хэлж байлаа. Тэрээр “Монголын ардчиллын шинэ түрлэг” сэдэвт лекцдээ ардчилсан хувьсгалын гол ололт, бий болгосон үнэт зүйлсийг онцлохын зэрэгцээ тулгарч байгаа асуудал бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар ярилаа. Түүний үзэж буйгаар Монголын ардчилал өнөөдөр зарим талаар үнэт зүйлс, ололт нь гажуудаж бодит аюулд өртөөд байгаа бөгөөд цаашид засч залруулах их зүйл байгаа төдийгүй ардчиллын хоёр дахь давалгаа болох эдийн засгийн хувьсгалыг нэн даруй хийх хэрэгтэй байгаа гэв.
1990 оны гуравдугаар сарын эхээр Ардчилсан хүчнүүд дахин сүрт жагсаал хийсэн. Сүрт жагсаалтай залгуулаад МоАХ-ын зүтгэлтэнүүд Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардан өлсгөлөн зарласан. Энэ бол Монголд ардчилал ялах уу, ялагдах уу гэдгийг шийдэх эгзэгтэй мөч байсан юм. Талбайд цугласан хүмүүс залхаж бас айсандаа эхнээсээ тарцгааж, төрийн ордны цонхоор жагсаалыг ажиглаж байсан эрх баригчдын царайд баярын мишээл тодорч эхлэх үед Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнуудын жагсаал Энхтайвны гүүр даван орж ирснээр нөхцөл байдлыг эргүүлж байсныг тухайн үед тус сургуульд сурч жагсаалд оролцож явсан оюутнууд дурсан ярьж байлаа. Үүний дараа бусад сургуулийн оюутнуудын жагсаал ч мөн Сүхбаатарын талбайг бүчиж, яг цөхөрдгийн даваан дээр байсан тэмцэгчдэд, олон түмэнд эрч хүч, итгэл найдвар өгч байжээ.
ХААИС-ийн зүгээс Ардчилсан хувьсгалын анхны шанг таталцаж явсан гэдгээ өнөө цагийн оюутан залуустаа таниулан мэдүүлэх үүднээс нэр бүхий гишүүдийг урьж Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан энэхүү лекцийг зохион байгуулснаа сургуулийн удирдлагууд онцолж байлаа.
Г.ДАРЬ