АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Герберт Буш буюу “Эцэг Буш”-ыг оршуулах ёслол Вашингтоны Үндэсний сүмд зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр улс төрийн олон элитүүд, тэр дундаа экс ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар нэг дор цугласан юм. Тухайлбал, Барак Обама гэргийн хамт, экс ерөнхийлөгч Жимми Картер, Билл Клинтон, Хиллари Клинтон нар болон одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар хүрэлцэн иржээ.
Вашингтоны Үндэсний сүмд болсон тус үйл ажиллагааны үеэр Д.Трамп гэргийн хамт орж ирээд суудлаа эзэлснийхээ дараа экс ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель Обаматай гар барьсан ч тэдний хажууд байсан Билл болон Хиллари Клинтон нартай мэнд мэдээгүй нь олныг гайхшруулсан, “бүдүүлэг” гэмээр хэрэг болов. Дональд Трамп нь хэзээний уулзсан хүмүүсийнхээ гарыг маш чангаар атган, цээжин биеийг нь өөр рүүгээ татах шахам “сүрдэм” гар барих мэндчилгээ хийдгээрээ алдартай билээ.
Харин тэргүүн хатагтай Меланиа Трамп экс ерөнхийлөгч Билл Клинтонтой гар барьж мэндчилсэн байна. Трампын энэхүү хачирхалтай “үл ойшоосон” үйл явдал болох үеэр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөртэй нь ана мана үзэлцсэн Хиллари Клинтон анзаараагүй мэт урагшаа харан сууж байхад Билл Клинтон урам нь хугарсан байдалтай, жуумалзан инээмсэглэсэн юм.
Дашрамд дурдахад, Хиллари Клинтоны цаана экс ерөнхийлөгч Жимми Картер ч сууж байсан юм.
Харин Эцэг Бушийн хүү, экс ерөнхийлөгч, бага Буш гэргий Лаура Бушийн хамт сүмийн танхим руу орж ирээд хамгийн түрүүнд Дональд болон Меланиа Трамп, цаашлаад тэргүүн эгнээнд суудлаа эзэлсэн АНУ-ын бүх экс ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нартай мэндчилсэн байна.
АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Герберт Буш нь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 94 насандаа таалал төгссөн билээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэх, оршуулах ёслолыг АНУ-ын Конгрессийн танхим болон Вашингтоны Үндэсний сүмд зохион байгуулсан.
Эх сурвалж: foxnews
Холбоотой мэдээ