АТГ сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр болгож хойшлуулсан нь тодорхой шалтгаантай. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр болдог. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон дэлхийн улс орнууд авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг сонсох, хүргэх, конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах ажил хийх ёстой. Энэ өдөртэй уялдуулан хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ.
Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТҮХ-ийг хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрсөн 2 жилд хийсэн үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд өгөв. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм.
Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 51 дүгээр тогтоолоороо баталсан. Ингэснээр Монгол Улс 11 зорилт бүхий бодлогын баримт бичигтэй болж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг тодорхой стратегийн дагуу 2023 он хүртэл 2 үе шаттай явуулах боломж бүрдсэн. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжсээр 2 жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газар үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэв гэдэг талаарх мэдээллийг хэд хэдэн чиглэлээр хүргэе.
“ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г БОЛОВСРУУЛЖ БАТЛУУЛАВ
Нэн түрүүнд Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Ажлыг багуудыг байгуулж, хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийн гарааны нөхцөл байдлыг тодорхойлохоор 21 аймагт ажилласан. Үүний үр дүнд авлигын эрсдэл, шалтгаан нөхцөлийг тогтоосон бөгөөд сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг өрнүүлэн иргэд, олон нийтийн саналыг авч, улмаар “Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж эхэлсэн. Үүний дараа 2017 оны 1 дүгээр сард “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, чуулганд оролцогчдоос гаргасан санал, дүгнэлт, зөвлөмжийг “Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний нэгэн үндэс суурь болгосон.
Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд тусгасан 216 арга хэмжээг хэрэгжүүлэхэд АТГ арга зүйн зөвлөмж өгөх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах зэргээр голлох үүргийг гүйцэтгэж байна.
ЗАСГИЙН ГАЗАРТ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ
2017 онд Авлигатай тэмцэх газрын ажлын багууд 21 аймаг, 99 сум, яам, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, нийслэл, дүүргийн 94 байгууллагад ажиллаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны нөхцөл байдлыг тодорхойллоо.
Авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах талаар төрийн байгууллагууд дорвитой арга хэмжээ аваагүй, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны нээлттэй байдлыг хангаагүй байна гэсэн дүгнэлтийг Авлигатай тэмцэх газрын ажлын багууд хийжээ. Авлигын түвшинг бууруулах, эрсдэл үүсгэх хүчин зүйлийг арилгах, илэрсэн зөрчил дутагдлуудыг давтан гаргахгүй байх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд болон төрийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулж, Засгийн газарт Зөвлөмж хүргүүлсэн. Шалгалтын дүнг төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад танилцуулж, Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, шалган туслах ажлыг эрчимжүүлсэн, мөн Засгийн газрын гишүүдэд салбар бүрийн авлигын нөхцөл байдлын талаар тусгайлсан зөвлөмж хүргүүлсэн, илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.
“ОЛОН НИЙТИЙН ТӨВ”-ИЙГ НЭЭН АЖИЛЛУУЛЖ БАЙНА
Нийтийн албан тушаалтан, иргэд, олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад авлигын эсрэг богино хугацааны болон давтан сургалт явуулах, мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор өдөрт 170 хүнийг хүлээн авах хүчин чадалтай их, бага танхим бүхий “Олон нийтийн төв”-ийг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс нээн ажиллаж байна.
Энэхүү төвийг нээн ажиллуулснаар НҮБ, Олон улсын авлигын эсрэг академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон дотоодын сургалтын байгууллагуудтай хамтран “Нийтийн албаны сургалтын институт” байгуулах суурийг тавиад байна. Цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд үлгэр жишээ үзүүлэхүйц байнгын ажиллагаатай сургалт, соён гэгээрүүлэх ажлын дэд бүтцийг бий болгох эхлэлийг тавилаа.
“АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ”-Д 21 МЯНГА ОРЧИМ АЛБАН ТУШААЛТНЫГ ХАМРУУЛЛАА
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 2 жилийн хугацаанд 262 удаагийн бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулж одоогоор 21574 нийтийн албан тушаалтныг хамруулаад байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд АТГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалтаар төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын 189047 хүнд авлигын шалтгаан хор хөнөөл, хууль эрх зүйн зохицуулалтыг ухуулан таниулах сэдэвтэй хичээлийг 2-3 цагийн багтаамжтай заадаг байсан ба АТҮХ хэрэгжсэн 2 жилийн хугацаанд 262 удаагийн бүтэн өдрийн сургалтыг зохион байгуулж байгаа, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах нийт албан тушаалтны 53.9 хувийг танхимын сургалтад хамруулж чадсан нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтот түвшинд хүрэх таатай боломжийг нээгээд байна.
ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх АТГ-ын ажлын багууд 2016-2018 онд 21 аймаг, 140 орчим суманд нийт 3 удаа томилолтоор ажиллалаа. Энэхүү томилолтын онцлог нь цөөн тооны хүчийг оновчтой зохион байгуулж, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах шалгалтад хамрагдсан байгууллага, орон нутгийн тоог 2013-2014 онтой харьцуулахад даруй 3 дахин нэмэгдүүлсэн, АТГ Засгийн газар, яам, агентлаг, тэдгээрийн харьяа 99 байгууллагад авлига гарах шалтгаан нөхцөлийг арилгах 150 зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн бол орон нутагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр ИТХ, Засаг дарга нарт 279 арга хэмжээ бүхий зөвлөмжийг хүргүүлэн биелэлтийг тооцон ажиллаж байна.
ИРГЭНИЙ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
Төрийн байгууллагын албан тушаалтны үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүй, төсөв, санхүү, худалдан авалт, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын байдалд хяналт тавих, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Иргэний хяналтын зөвлөлийг яам, агентлаг болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулан ажиллуулж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн байгууллагын 41 нэгжид 125 хүн иргэний хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ийнхүү тодорхой салбар, орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа, тухайн байгууллагын үйл ажиллагаан дахь зүй бус үйлдлийг мэддэг, асуудлыг өөр өнцгөөс харж чаддаг, түүнийг засаж залруулах чин эрмэлзэлтэй иргэнийг сонгон ажиллуулснаар авлигын эсрэг олон нийтийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, төр засгийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, авлигад өртөмхий салбар, ажил, үйлчилгээг илрүүлэх, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэний хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа.
АВЛИГЫН ЭРСДЭЛ БҮХИЙ 50 ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАВ
Авлига гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, зохиомлоор шат дамжлага, хүнд суртал бий болгосон, ашиг хонжоо олох, давуу байдал үүсгэхүйц гэж үзсэн 88 шийдвэрийг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хянан үзэж, бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжилжээ. Өнөөдрийн байдлаар авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлж өөрчилсөн талаараа төрийн байгууллагууд хариу мэдэгдээд байна.
СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЯН
Үндэсний хөтөлбөрт тусгагдсан “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд төрийн албан хаагч, залуу хойч үед авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх “Өөр ирээдүй”, бизнес эрхлэгч, хувийн хувшилд чиглэсэн “Авлигын эсрэг нэг үйлдэл” аяныг иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулав. Түүнчлэн хүүхэд багачуудад шударга ёсны үзэл санаа төлөвшүүлэхэд зориулсан “Туулайхүүгийн адал явдал” номоос сэдэвлэн жүжигчилсэн сургалт зохион байгуулж 5000 орчим хүүхдийг хамруулаад байна.
ЯАМ, АГЕНТЛАГИЙН АВЛИГЫН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭВ
Төрийн бус байгууллага, судалгааны байгууллагатай хамтран 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд 2019 онд иргэдийн бухимдлыг төрүүлдэг шүүх, эрүүл мэнд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үнэлгээг хийх төлөвлөн ажлаа эрчимжүүлээд байна. Төрийн байгууллага авлигын эрсдлээ тодорхой аргачлал, арга зүйд тулгуурлан үнэлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоон үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга замаа сонгох боломжтой болсон. Эрсдлийг тодорхойлж, түүнийг бууруулах ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх нь тухай байгууллагад авлигын эсрэг оновчтой бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх төсөөллийн судалгааг анх удаа, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 10 дахь жилдээ хийж, судалгааны дүнг олон нийтэд мэдээлж танилцууллаа.
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 15 МЯНГАН ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газар төрийн захиргааны төв байгууллага болон орон нутаг, тэр дундаа сумдын түвшинд хүрч ажиллах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг улсын хэмжээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна. Мөн илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, төрийн албаны томилгооны байдалд дүн шинжилгээ хийж ажиллаж байна.
АТГ сүүлийн 2 жилийн хугацаанд нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 15558 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 60 гаруй иргэнийг тухайн нэр дэвшсэн албан тушаалд томилоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тухай хариуг хүргүүлж нийтийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг томилуулахаас урьдчилан сэргийлсэн байна.
Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа гэж АТГ-аас гаргасан дүгнэлтэд ихэвчлэн удирдах албан тушаалтан буюу тушаал, шийдвэр гаргах эрх хэмжээтэй албан тушаалд нэр дэвшсэн этгээдүүд хамрагдсан байх бөгөөд энэ нь албан тушаалтнууд хувийн сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдлийг хязгаарлаж байгаа үйл ажиллагаа болсон.
40 МЯНГАН АЛБАН ТУШААЛТНЫ МЭДҮҮЛГИЙГ НИЙТЭД ЗАРЛАВ
АТГ-аас улс орныг хамарсан өргөн хэмжээнд зохион байгуулдаг томоохон ажлуудын нэг нь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд бүртгэх, хадгалах үйл ажиллагаа бөгөөд төрийн албаны ил тод байдал, төрийн албан хаагчийн хариуцлагатай, шударга байдлыг хангах зорилгоор төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн сайтад нээлттэй байршуулж, олон нийтэд тогтмол мэдээлж ирсэн.
2016 оноос цахим системийн үйл ажиллагааг боловсронгуй болгосонтой холбоотойгоор 2018 оны 1 дүгээр улирлаас эхлэн ХОМ гаргадаг нийт 40000 албан тушаалтны мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд мэдээллээр хангаж байна. Мэдээллийг нээлттэй, ил тод хүргэснээр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, оролцоог дээшлүүлэх, төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинг дээшлүүлэхэд эергээр нөлөөлж байгаа төдийгүй хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүн, нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх ажиллагаанд ахиц гарч байна.
ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ЦАХИМ СИСТЕМИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ
АТГ албан тушаалтны мэдүүлэг хянах үйл ажиллагааг бүрэн цахимжуулахаар холбогдох техникийн шинэчлэлт 2016 оноос эрчимжүүлсэн. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим системийг шинэчилж, шинэ техник, технологийг нэвтрүүлээд байна. Ингэснээр дан ганц бүртгэж, хүлээн авах биш судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээ, тайланг цаг алдалгүй гаргах, хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, харьцуулалт, судалгаа хийх ажил шинэ түвшинд хүрч байна.
Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд ХОМ гаргахдаа бүх хуудсыг цаасаар хэвлэж, баталгаажуулдаг байсныг өөрчлөн, зөвхөн ”Баталгааны маягт”-ыг гаргаснаар мэдүүлэг баталгааждаг болов. Ингэснээр эдийн засгийн болон мэдүүлэг гаргагч, мэдүүлгийг бүртгэж хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтны ажлын ачаалал, цаг хугацааг хэмнэсэн чухал арга хэмжээ болсон юм.
АТГ-Т ИРҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙН ТОО ӨССӨӨР БАЙНА
Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлийн талаар АТГ-т мэдээлэх ухамсар улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус газарт ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн тоо байнга өсч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд 894 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бөгөөд 825-ыг нь хянан шийдвэрлээд байна.
АТГ иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгахдаа хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг эн тэргүүнд тавих бус зөрчлийг арилгуулах, зөвлөмж анхааруулга өгөх, зөвлөн туслах чиглэлд анхаарч ажиллаж байна.
ОФФШОР БҮС ДЭХ ХӨРӨНГИЙГ МЭДЭГДЭЖ, МЭДЭЭЛЛЭЭ
УИХ-аас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт”-ыг нэмсэн билээ. Улмаар оффшор бүсэд хамаарах нийт 49 нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 326 дугаар тогтоолоор тус тус баталсан юм.
Хууль тогтоомжийн энэхүү өөрчлөлт, хэрхэн хэрэгжүүлэх талаарх зөвлөмжийг АТГ төрийн бүх байгууллагуудад хүргэж ажилласан бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлж оффшор бүсэд өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг болон эзэмшиж байсан данс, хөрөнгө, өөрчлөлт хөдөлгөөнийг мэдэгдсэн албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэж хүлээн авч, мөн олон нийтэд мэдээлсэн. Оффшор бүсэд данс хөрөнгө эзэмшихтэй холбоотой дээрх хориглолт нь нийтийн албан тушаалтнуудыг хууль бусаар орлого олох, үндэслэлгүйгээр хөрөнгөжих болон ашиг сонирхлын зөрчил болон цаашлаад албан тушаалын гэмт хэрэг болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал зохицуулалт болсон.
ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 802 ГОМДЛЫГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Гэмт хэргийн шинжтэй нийт 802 гомдлыг шалгаж шийдвэрлэсэн, 199 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. 411 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 309 гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 74 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын газарт шилжүүлэн шийдвэрлэжээ. Шийдвэрлэлт 99.1 хувьтай байна.
Нийт шалгасан гомдол, мэдээллийн 57.9 хувь нь Улаанбаатар хотод, 42.1 хувь нь орон нутагт харьяалагдаж байна. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх онуудтай харьцуулахад шалгаж шийдвэрлэсэн өргөдөл гомдол мэдээлэл 236-аар буюу 29,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
ЭРҮҮГИЙН 206 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Авлигатай тэмцэх газар сүүлийн 2 жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын 1163 үйлдэлтэй, 1126 холбогдогчтой, 1040 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Өмнөх онуудтай харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 628-өөр буюу 2.5 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 102-аар буюу 2 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 344-өөр буюу 4.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 28.6 гомдол, мэдээлэл, 37.1 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 35.6 хувийг төрийн тусгай, 17.6 хувийг төрийн захиргааны, 14.6 хувийг иргэн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 6.5 хувийг төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 13.8 хувийг төрийн улс төрийн, 11.9 хувийг төрийн үйлчилгээний албан тушаалтан эзэлж байна.
ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭЛТ 8.5 ДАХИН ӨССӨН
2018 онд гэмт хэргийн улмаас 332.0 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Мөн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 97.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Түүнчлэн оффшор бүсээс 4,4 сая ам долларыг оруулж ирсэн үр дүнтэй ажилласан байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 262.3 тэрбум төгрөгөөр буюу 4,1 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 8,5 дахин, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 8 дахин өссөн үзүүлэлттэй байна.
35 ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ 65 ҮЙЛДЛИЙГ ШИНЭЭР ИЛРҮҮЛЖЭЭ
Улсын ерөнхий прокурорын тушаалаар Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгээр Хөгжлийн банк, оффшор бүс, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг хууль бусаар ашигласан, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн, Агаарын бохирдол, Стандарт банк, Оюутолгойн гэрээ, Монголбанкны зэрэг олон нийтийн анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Үүнээс гадна авлига албан тушаалын гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 35 эрүүгийн хэрэгт 65 үйлдлийг шинээр илрүүлэн ажиллажээ.
84 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2017 онд шүүхээр нийт 46 эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 оны эхний 11 сарын байдлаар нийт 84 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлээд байна.
Үүнд Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ, Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа Б.Оюундэлгэр, НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга, Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо, Баянгол дүүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх, ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлээд байна.
Авлигатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа нь орон нутагт хийгдэх ажиллагаа нэлээд байдаг төдийгүй нутаг дэвсгэрийн харъяалалтай эрүүгийн хэргүүдэд газар дээр нь мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлага гардаг. Гэвч Авлигатай тэмцэх газрын одоогийн бүтцээр аймгуудад салбар, нэгж байдаггүй, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь бусад төрлийн гэмт хэргүүдээс шалгах хүрээ болон онцлогоос шалтгаалан санхүүгийн болон шүүх нягтлан бодох бүртгэлийн шинжилгээ хийх, гадаад улс орнуудад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд ажиллагаа явуулах, зарим хэргийн хамрах хүрээ нэмэгдэх, шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн авлигын эсрэг гэмт хэргүүд хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон зэрэг ачаалал бодитой нэмэгдсэн ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаар байна.
АТГ өнөөдрийн байдлаар 4 улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, олон улсын 24 байгууллагатай санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр байнга хамтран ажиллаж байна. Мөрдөн шалгах хэлтсээс сүүлийн 2 жилийн байдлаар Эрх зүйн харилцан туслалцаа хүсэх мөрдөгчийн даалгаврыг 28 удаа бичиж 12 улсад хүргүүлж хариуг авч ажиллаж байна.
ОЛОН УЛСЫН ТҮВШИНД САНХҮҮГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
АТГ нь АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо, БНХАУ-ын Ардын Ерөнхий прокурорын газар, Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо, Сингапур Улсын Авлигатай тэмцэх газар, БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо, Швейцарь улсын Прокурорын газар, Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн газар, ИБУИНВУ-ын Онц ноцтой залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон улсын Авлигын эсрэг удирдах төв, Тайланд улсын Авлигын эсрэг үндэсний хороо, Азербайжан улсын Авлигын эсрэг удирдах газар болон НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Авлигын эсрэг олон улсын академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга, Ази номхон далайн хөрөнгө буцаах байгууллага хоорондын сүлжээ, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг олон улсын түвшинд хэрэгжүүлэх зорилгоор “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалт”, “Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй тэмцэх олон улсын туршлага” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулаад байна. Цаашид “Хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох санаачилга”-тай хамтран хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтарсан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна
Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний хурал, “Үндэстэн дамнасан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь” сэдэвт сургалтад оролцож, Удирдах зөвлөлийн 9 гишүүний нэгээр Монгол Улс сонгогдож, тус сүлжээний 2019 оны Даргалагч улсын эрхийг авлаа. Ингэснээр сүлжээний Удирдах зөвлөлийн болон 6 дугаар Бүгд хурлыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.
АТГ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон авлигатай тэмцэх чиглэлээр баталсан хууль тогтоомжуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон төрийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж ажиллалаа. Ингэснээр авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хуульд заасан этгээдийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албыг байгуулж, Авлигатай тэмцэх газрын албан хаагчид багийн зохион байгуулалтаар ажиллаж байгаа нь Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал алхам болсон төдийгүй төрийн байгууллагуудын авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болон Засгийн газраас баталсан арга хэмжээний төлөвлөгөөг бүрэн дүүрэн биелүүлэхэд бодитой хувь нэмэр болж байгааг онцлон дурдах нь зүйтэй юм.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ