Гранпри финалд хэн хэн өрсөлдөх вэ? | News.MN

Гранпри финалд хэн хэн өрсөлдөх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Гранпри финалд хэн хэн өрсөлдөх вэ?

Гранпри финалд хэн хэн өрсөлдөх вэ?

Өвлийн спортын нэгэн гайхамшигтай төрөл болох уран гулгалтын 2018-2019 оны гранпри тэмцээн өндөрлөж өнөөдөр /2018.12.07/ шилдэг зургаан тамирчин өрсөлддөг гранпри финал тэмцээн Канад улсад эхлэж байна. Энэ жилийн гранпри финал тэмцээнд Ю.Ханю болон Е.Медведва нарын шилдгүүд оролцохгүй. Олимпийн аварга Ю.Ханюгийн хувьд бэртлийн улмаас оролцохгүй бол Е.Медведва гранпри тэмцээнүүдэд хангалтгүй оролцсны улмаас өнжиж байна. Япон залуу Ю.Ханюгийн оронд Канадын К.Мессин дуудагдаад байна.

Эрэгтэй ганцаарчилсан:

  • Ш.Уно. Олимп, дэлхийн мөнгөн медальт Япон залуу Шома Уно энэ улирлын гранпри тэмцээнүүдээс Канад болон нутагтаа тэргүүн байр эзэлснээр гранпри финалд оролцож байна. Өмнө нь гранпри финал тэмцээнд хошой хүрэл, 1 мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ жил алтан медаль хүртэх гол фаворит байх болно.
  • Н.Чен. олимпийн хүрэл, дэлхийн аваргын алтан медальт Америк уран гулгагч Н.Чен 2017-2018 оны гранпри финал тэмцээнд түрүүлсэн бөгөөд энэ удаа аваргаа хамгаалан оролцож байна. Натан Чен энэ улирлын гранпри тэмцээнүүдээс Америк болон Францад түрүүлээд Канадад ирж байгаа. Мэдээж Ш.Унод хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байх бөгөөд аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх хамгийн хүчтэй өрсөлдөгч юм.
  • М.Бржезина. 28 настай Чех залуу Михал Бржезина карьертаа 2 дахь удаагаа гранпри финал оролцож байна. Чех залуу энэ улирал Америк болон Финландад дэд байранд орсон амжилтаар гранпри финалд оролцоно.
  • С.Воронов. Энэ жилийн гранпри финалд оролцож буй хамгийн ахмад тамирчин бол Сергей Воронов юм. Тэр 2014-2015 оны гранпри финалд хүрэл медаль хүртэж байсан юм. Энэ улирал Японд дэд байр, Америкт гутгаар байр эзэлсэн амжилтаар Канадад ирээд байна.
  • Ча Жун-Хван. Өдгөө ердөө 17 настай Өмнөд Солонгос хүү энэ улирал Канад болон Финландад хүрэл медалийг энгэртээ зүүсэн. Хэдийгээр залуу боловч олимпийн наадамд оролцоод үзсэн тул анх удаагаа гранпри финалд оролцож байгаа ч сандрал байхгүй болов уу?
  • К.Мессин. Японы шилдэг тамирчин Ю.Ханю бэртлийн улмаас гранпри финалд оролцохгүй болсноор Канад залуу К.Мессин нөхөн орж ирсэн. Анх удаагаа гранпри финалд оролцож буй К.Мессин энэ улирал Канадад дэд байранд орсон бол Орост 5-р байранд орсон.

Эмэгтэй ганцаарчилсан:

  • А.Загитова. Олимпийн шинэхэн аварга А.Загитова аваргаа хамгаалан оролцоно. 2017-2018 оны гранпри финалд аваргалсан А.Загитова энэ улиралд Финланд болон нутагтаа болсон гранпри тэмцээнүүдэд түрүүлсэн.
  • Р.Кихира. Энэ улирлаас олон улсын тэмцээнүүдэд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх болсон Япон охин Рика Кихира нутагтаа болсон гранпри тэмцээн, мөн Францад түрүүлсэн амжилттай Канадад ирсэн.
  • С.Мияхара. Дэлхийн аваргын мөнгө, хүрэлтэй С.Мияхара гранпри финал тэмцээнээс хоёр ч удаа мөнгөн медаль хүртээд амжсан. Энэ улиралд тэр Америкт түрүүлж, нутагтаа дэд байранд орсон.
  • Е.Туктамышева. Орос бүсгүй Елизавета Туктамышевагийн хувьд 2014-2015 оны улирлаас хойш хамгийн шилдэг улирал нь болж байна. 2015 оны дэлхийн аваргын алт, гранпри финал тэмцээний аварга Е.Туктамышева энэ улиралд Канадад түрүүлж, Японд хүрэл медаль хүртсэн.
  • К.Сакамото. Энэ оны дөрвөн тивийн АШТ-нд түрүүлсэн Каори Сакамото анх удаагаа гранпри финалд оролцож байна. Хэдийгээр алтан медаль хүртээгүй ч Америкт дэд байр, Финландад хүрэл медаль хүртсэн амжилтаар Канадад ирж байна.
  • С.Самодурова. Оросын уран гулгагч Софья Самодурова Америкт болсон гранпри тэмцээнд 3, нутагтаа болсон тэмцээнд түрүүлснээр гранпри финалд оролцох эрхээ аваад байна.

Өнөөдөр тэмцээн эхлэж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлүүдээс гадна хос болон бүжгийн хосын медалийн эзэд тодорно. Тэмцээний медалийн эзэд ирэх ням гарагт тодрох бөгөөд даваа гарагт энэ улирлын гранпри тэмцээний хаалтын гала тоглолт явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж