Ч.Энхбат: Домогт Петер Шмейхель манай улсад нэг л өдөр саатна

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Ч.Энхбат: Домогт Петер Шмейхель манай улсад нэг л өдөр саатна

Монголын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдээ тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ жилээс жилд өргөжиж, дэлхийн домогт одуудыг Монголын фанатуудтай нь уулзуулах боломжийг олгодог уламжлалтай болсон билээ. Өнгөрсөн жил гэхэд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Сааг урьж авчирч фэнүүдтэй нь уулзуулсан. Тэгвэл энэ жил Данийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхелийг урьжээ. Тэрээр энэ сарын 12-нд Монголд ирэх бөгөөд  “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор оролцох нь. Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байгаа гэж хэлж болох энэхүү мэдээллийн талаар Монголын хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн албаны ажилтан Ч.Энхбаттай ярилцаа.


-Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин асан манай улсад ирэх гэж байгаа нь нэр төрийн хэрэг гэж хэлж болохоор. Түүнтэй анх хэдийд холбоо тогтоож, санал тавьсан бэ?

-Манай холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчтэй ярилцаад жил бүр домогт тамирчныг урьдаг байгаа. Энэ жилийн хувьд Петер Шмейхелийг урих саналтай байгаагаа хэлсэн. Түүнтэй өнгөрсөн есдүгээр сард холбоо тогтоож санал тавьсан. Саналыг маань Петер Шмейхель их найрсгаар хүлээж авсан учир энэ сарын 12-нд Монголд ирэхээр болоод байна. Түүний ирж байгаа гол зорилго нь Монголын хөлбөмбөгийн фанатуудтай нэг өдрийг өнгөрөөх, “Алтан бөмбөг” ёслолын ажиллаагаанд оролцож шилдгүүдийн шагналыг гардуулах юм.

-Хөлмбөмбөгийн фанатууд бол түүнийг сайн мэднэ. Харин сонирхогчид төдийлэн сайн мэддэггүй байж болох юм. Тэгэхээр түүний талаар товчхон мэдээлэл хүргэвэл?

-Энэ хүн 1991-1999 онд эд гялалзаж байсан супер од. Хаалгач хүнд гоол оруулахад хүнд байдаг. Гэтэл тэрээр карьерынхаа турш 764 тоглолтод оролцохдоо 60 гоол оруулсан байдаг юм. Хамгаалагчийн дайтай хаалгач гэдэг. 1992 онд дайны нөхцөл байдлын улмаас Югеслав Европын аваргад оролцох боломжгүй болж Даний шигшээ баг цагаан хуудсаар орж ирээд Европын аварга болсон түүхтэй. Ингэж аварга болоход түүний оруулсан хувь нэмэр их. Өөрийн шилдэг тоглолтоороо ч тэрбээр энэ тэмцээний шилдэг хаалгачийн шагналыг хүртсэн. Энэ амжилтыг нь Европын том клубүүд анхааралдаа авч Английн “Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Сер Алекс Фергусон эгнээндээ нэгтгэсэн байдаг юм.  “Манчестер Юнайтед” багт очсоноосоо хойш Английн Премьер Лиг буюу дэлхийн хамгийн том лигт таван удаа түрүүлсэн.

Өөрөөр хэлбэл, 1999 он хүртэл гайхалтай амжилтыг үзүүлсэн юм. Ерөнхийдөө Даний шигшээ баг Английн “Манчестер Юнайтед” гэх клубүүдэд их эрч хүчтэй, дайчин хаалгач гэдгээрээ алдартай байсан. Түүний хүүг ч гэсэн хөлмбөмбөгийн фанатууд сайн мэднэ. Каспер Шмейхель нь Лестер Сити гээд багт хүчин зүтгэж аавынхаа адилаар 29 насандаа Английн Премьер Лигийн аваргыг хүртсэн. Тухайн үед Лестер Сити нь лигт түрүүлэх боломжгүй багуудын тоонд орж байсан бөгөөд түрүүлнэ гэж хэн ч таамаглаагүй байсан юм Гэсэн хэдий ч аварга болж чадсан. Ингэж аварга болоход нь Каспер Шмейхелийн оролцоо их байсан.

-Манай улсад ирэх гэж байгаадаа хэр сэтгэл хангалуун байгаа бол. Ямархуу мэдээллийг түлхүү сонирхож байх юм?

-Монголд анх удаа ирэх гэж байгаа нь энэ. Энэ ч утгаараа сэтгэл нь их догдолсон байна билээ. Өчигдөр бидэнд өөрийн мэндчилгээгээ ирүүлсэн. “Удахгүй та бүхэнтэй уулзах болно. Намайг урьсан Ганбаатар ерөнхийлөгчид баярлалаа. Монгол Улс гайхалтай байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна лээ.

-Энэ эрхэм зочинтой хөлбөмбөгийн фанатууд маань хэдийд, яаж уулзах билээ. Уулзахыг тэсэн ядан хүлээж буй нь лавтай?

-Уншигчдадаа түүний бүтэн өдрийн хуваарийг танилцуулах нь зүйтэй болов уу. Петер Шмейхель энэ сарын 12-ны өглөө 07:00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд бууна. Энэ үеэр фанатууд маань тосох боломжтой. Тэндээ сэтгүүлчдэд ярилцлага өгнө. Дараагаар нь Монголын хөлбөмбөгийн холбоон дээр 11:00 цагт зохион байгуулагдах хэвлэлийн бага хуралд оролцоно. Үүний дараа холбоотой танилцана. Мөн NTV телевизийн бүтэн цагийн ток шоунд оролцох байгаа. Харин орой нь “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд оролцож, шилдгүүдийн шагналыг гардуулна. Хамгийн сүүлд нь буюу фанатуудын маань хүсэн хүлээсэн мөч болох түүнтэй биечлэн уулзаж, оройн зоог барих арга хэмжээ болох юм. Өөрөөр хэлбэл, 21:00 цагаас Зайсангийн Highland Park Mongolia-д түүнтэй нэгэн үдшийг хамтдаа ярилцаж, өнгөрөөх боломжийг бид олгож байгаа. Энэ үдэшлэгт орсноор түүнтэй уулзаж, ярилцах боломжтойгоос гадна хамт зургаа даруулж, гарын үсгийг нь авч болно.

Тухайн хүн маань тодорхой хэмжээгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн учир өөрийн нүүр царайгаа үнэлдэг байгаа. Тэр үнэлгээг нь манай холбооны зүгээс эргээд олохын тулд фанатуудын уулзалтыг такстай болгосон. Таксын үнэ 129 мянган төгрөг. Гэхдээ хүмүүс 129 мянган төгрөг төлөөд түүнтэй уулзаад зураг авахуулаад, гарын үсэг зуруулахад үнэтэй байна гэж ташаа ойлголттой байх шиг байна. Үдэшлэгт байх ёстой ууж, идэх бүхий л зүйлс байхаас гадна бүгд таксанд багтаж байгааг энэ дашрамд дуулгамаар байна.

 -Тасалбарыг нь хаанаас авч болох вэ. Худалдаанд гарч эхэлсэн үү?

-Тасалбараа ticket.mn-ээр худалдаалагдаж байгаа. Захиалгаа өгөөд авах боломж нь бүрэн нээлттэй байгаа гэсэн үг. Фанатууддаа гэж хэлэхэд тасалбараа эртхэн аваарай гэж хэлье. Яагаад гэвэл олон тооны тасалбар худалдаанд гаргаагүй. Мөн энэ үдэш азтан шалгаруулна. Азтаныг ямар бэлэг хүлээж байгааг одоохондоо нууцлая.

-Петер Шмейхель манай улсад хэд хоногийн хугацаатай ирж байгаа вэ?

-Энэ сарын 12-нд болох арга хэмжээнүүдэд оролцоод 13-ны өглөө нутаг буцна.

Ярилцсанд баярлалаа.

Дэлхийн домогт хаалгач Петер Шмейхель Монголд ирэхэд долоо хоног үлдлээ. Уулзах цаг мөч улам ойртсоор буйд Петер Шмейхелийн ч сэтгэл хөдлөж, Монголын хөлбөмбөг сонирхогчдод мэндчилгээ ирүүлжээ.

Posted by MONGOLIAN FOOTBALL FEDERATION on Tuesday, December 4, 2018

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж