Шударга ёсыг хүн биш хууль тогтоодог юм!

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Шударга ёсыг хүн биш хууль тогтоодог юм!

Шударга ёсыг хүн биш хууль тогтоодог юм!

Хүн хүний шударга ёсны хэмжүүр өөр л дөө. Жишээлбэл, миний шударга ёсны тухай ойлголт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийнхээс тэс өөр. Эрхэм гишүүн шударга ёсыг өөрөө тогтооно гэж парламентынхаа даргатай үзэлцэж байгаа бол миний хувьд хэрэвзээ түүнд шударга ёс тогтоох чин эрмэлзлэл байгаа бол хууль боловсруулах, өргөн барих эрхтэй парламентын гишүүн гэж үздэг. Ядаж л Л.Оюун-Эрдэнэ гишүүн хууль боловсруулж, нийгмээ өөрчлөх эрх байгаа бол надад хуулийг сахих л үүрэг бий. Өөрийгөө Монголын шударга ёсны ганц хэмжүүр гэж үздэг Ц.Нямдорж хүртэл "Эрдэнэт"-эд хоёр тэрбумын шахаа хийхэд нь хүүдээ тусалсан гэхээр "Бүх  амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү эрхтэй" гэж үгтэй.

Тэгэхээр Хүн хүчтэй байж шударга ёс тогтох уу!

Хууль хүчтэй байж шударга ёс ирэх үү!

Ардчилсан нийгэмд, эрх зүйт төрд шударга ёсыг хууль тогтоодог. Харин дарангуйлагчтай улсад шударга ёсыг хүн тогтоодог. Л.Оюун-Эрдэнэ бид хоёрын ойлголтын зөрүү нэг ийм.

УИХ-ын гишүүд нь УИХ-аа эсэргүүцэж байгаа нь анх удаа бөгөөд энэ нь МАН-ын 65-ын үед, эв нэгдлийн тэргүүн нь Х.Баттулга, спикер нь М.Энхболд, эрх баригч намын дарга нь У.Хүрэлсүхийн үед тохиож байна. Тэр тусмаа нэг намын бүдүүн бүлэг хоёр хуваагдаж, төрийн эрх барих дээд байгууллагад халдаж буй нь Монголын парламентын түүхэнд мэдээж сайнаар бичигдэхгүй нь лав.

Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьсантай зэрэгцүүлээд УИХ-ыг нэр бүхий 32 гишүүн бойкотолж эхэлсэн бөгөөд Монголын төр барих дээд байгууллагын эрхэнд халдаж буй тэдгээр гишүүдийн тавьсан шаардлага нь М.Энхболдыг огцруулах явдал юм.

“Надад таалагдахгүй байна, чамаас саллаа” гэж хайр дурлалын асуудал яриагүй учраас нь хэн нэгнийг огцруулах нь Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой байх.

Чуулганы танхимын өмнө суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлэх эрх Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нарт бий ч тэдэнд таалагдаагүйгээс М.Энхболд огцрох ёстой юм биш. Тэд түүний 60 тэрбумын сүлжээний асуудлыг нь шүүхээр нотолж чадахгүй юм аа гэхнээ УИХ-ын дарга хууль зөрчсөн гэсэн Цэцийн шийдвэрийг өмнөө бариад, үгүй дээ л үе, үе өөрийнхөө хэвлэлүүдээр сэвээд байгаа шигээ М.Энхболдын өргөдлийг нь өөрөөр нь өгүүлж огцруулах ёстой юм.

Түүнээс хэн дуртай нь гудамжинд жагсаад Л.Оюун-Эрдэнийг гишүүнээсээ огцортол өлсгөлөн зарлана гэвэл үүнийг шударга ёсны хэмжүүр болговол эрх зүйт төрийн мөн чанартай харшилна. Ийм учраас М.Энхболдоос спикерийн алхыг нь авах зорилго нь аргаа зөвтгөх хийгээд Үндсэн хуулийг зөрчих учиргүй юм.

Товчхондоо, ажлаа хэвийн явуулах чадамжгүй шахам болчихоод байгаа УИХ нь, танхимынхаа гурван сайдын асуудлыг оруулж ирээд шийдвэрлүүлж чадахгүй байгаа Засгийн газар аль аль нь муухай харагдаад зогсохгүй Монголын төр шившиг болж байна. Бүгдээрээ зуун хувь давхар дээл нөмөрчихсөн Засгийн газрын сайдууд УИХ-аасаа том харагдаад байгаа шалтгаан ч энэ.

Ардчилсан намынхан эрх барьж байхдаа “давхар дээлийн” хуулийг унагаагаагүй бол МАН-ын сайдууд парламентын бүрэн эрхэд халдаж чадахгүй байсан нь  юутай ч үнэн билээ.

Монголын парламентын түүхэнд анх удаа тохиолдож байгаа энэ шившиг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд давхар дээлийн асуудлыг зайлшгүй хуульчилж өгөх ёстойн нэг сануулга болж байна.

Арван зургаан сайдтай байх ёстой У.Хүрэлсүхийн танхим нь 13-уулаа, 76 байх ёстой М.Энхболдын парламент 75-уулаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болно гэж “мөрөөдөлтэй”-гөө сар яваа Ч.Улаан гишүүн л ичгэвтэр хийгээд ийм насан дээрээ залуусыг тоглоом болж байгаа нь өрөвдмөөр. Дээр нь анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан гэх туршлагатай парламентч эрх зүйт төрийн тухай ярих байтал эх орончийн дүрд хувирахыг харах бас юутай гаслантай. Хэдий болтол Монголын төр нэг хүний хорлонтой явуулга, холын шуналын өмнө бүдэрч, сөхөрч, бүгдээрээ бүтэн нэргүй үлдэх ёстой юм бэ? Шившиг, шившиг.

Харин парламент ба засаг, бүлэг ба бүлэглэлийн толхилцоонд М.Энхболд ялах уу, У.Хүрэлсүх ялах уу, парламент ялах уу, Ерөнхийлөгч ялах уу, хүн ялах уу,  хууль ялах уу гэдгийг харах хугацаа улам наашилж байгаа нь сайн хэрэг.

О.БАТГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж