Йемений иргэний дайныг төгсгөх энхийн яриа хэлэлцээ өчигдөр /2018.12.06/ Шведийн нийслэл Стокгольм хотноо эхэлжээ. НҮБ-ийн зуучилж буй тус энхийн хэлэлцээнд 2016 оноос хойш яриа хэлэлцээ хийгээгүй босогч талууд буюу Ираны дэмжлэгтэй Хусит босогчид болон Саудын Арабын дэмжлэгтэй Йемений Засгийн газар оролцож байна.
“Иргэний дайны хөлд Йемений ард түмэн маш ихээр зүдэрч, өлсгөлөнд нэрвэгдээд байгаа учраас сөргөлдөгч талууд “хүн бүрийн сайн сайхны төлөө” энэхүү яриа хэлэлцээг амжилттай өндөрлүүлэх хэрэгтэй” хэмээн НҮБ-ийн Тусгай элч Мартин Гриффитс хэлжээ. Энхийн хэлэлцээ нь нэг долоо хоногийн турш үргэлжлэх юм.
Ираны дэмжлэгтэй Хусит босогчид анх 2014 онд Йемений нийслэл Сана хотод хяналтаа тогтоосноос хойш тус улсад эмх замбараагүй нөхцөл байдал эхэлжээ. Харин Йемений албан ёсны Засгийн газрыг дэмжих нэрийдлээр Саудын Араб Хусит босогчидтой тэмцэж эхэлснээр сөргөлдөгч талуудын мөргөлдөөн ширүүсэж, Йемен улс дайны хөлд нэрвэгдсэн аж.
Сөргөлдөгч талууд 2015, 2016 онуудад хэлэлцээний ширээний ард сууж байсан боловч аль аль нь амжилтгүй болсон байна. Хамгийн сүүлд энэ оны есдүгээр сард НҮБ-ийн зуучилсан яриа хэлэлцээг Женевт эхлүүлэх байсан ч Хусит босогчдын төлөөлөл ирээгүйн улмаас бүтэлгүйтсэн юм.
Эх сурвалж: DW
Холбоотой мэдээ