Улирлын анхны хувийн гараанд М.Фуркад түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Улирлын анхны хувийн гараанд М.Фуркад түрүүллээ

Биатлоны дэлхийн цомын 2018-2019 оны шинэ улирал Словени улсад өнгөрсөн амралтын өдөр 26 жилийн дараа алдарт Оле Эйнар Бьорндаленгүйгээр эхэлсэн. Буухиа уралдаанаар эхэлсэн дэлхийн цом өчигдөр /2018.12.06/ хувийн эрэгтэй 20 км, эмэгтэй 15 км-н ганцаарчилсан уралдаануудаар эхлэв. Хуваарийн дагуу лхагва гарагт эхлэх байсан ч цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан нэг өдрөөр хойшилж өчигдөр эхний уралдаан явагдсан.

Эрэгтэй 20 км-н ганцаарчилсан уралдаанд нийт 111 тамирчны нэр багтсан бөгөөд эдгээрээс 109 нь уралдааны замаа дуусгасан. Улирлын эхний хувийн гараанд энэ цаг үеийн шилдэг биатлонч М.Фуркад ямар ч алдаа гаргалгүй нийт замаа 47 мин 09.2 сек-н амжилтанд туулж тэргүүн байр эзлэв. Түүнтэй хамт шагналын тавцан дээр Германы Й.Кюн болон Австрийн хашир туршлагатай С.Эдер нар гарсан. Германы Й.Кюн 6 жилийн карьертаа анх удаагаа хувийн төрөлд шагналын тавцан дээр гарч байгаа нь энэ ажээ. Тус уралдаанд Оросын А.Шипулин уралдаагүй бол бусад шилдгүдээс Й.Бьо 7, Я.Фак 4, С.Шемп 5-р байранд орсон.

ЭРЭГТЭЙ 20 КМ-Н ГАНЦААРЧИЛСАН УРАЛДААНЫ ШАГНАЛЫН ЭЗЭД:

  1. М.Фуркад – 0-0-0-0 (47 мин, 09.2 сек)
  2. Й.Кюн – 0-0-0-0 (+4.2 сек)
  3. С.Эдер – 0-0-0-0 (+19.2 сек)

Эмэгтэй 15 км-н ганцаарчилсан уралдаанд Украйны Ю.Жима тэргүүлж карьертаа анхныхаа хувийн гараанд түрүүлжээ. Ю.Жима өмнө нь 4 удаа алтан медалийг энгэртээ зүүж байсан ч бүгд багийн буухиа уралдаан байсан юм. Тэгвэл энэ улирлын нээлтийн хувийн гараанд анх удаагаа тэргүүлж байна. Дэд байранд Польш бүсгүй М.Хойниш 5 жилийн дараа дэлхийн цомд медалийн тавцан дээр гарсан бол гутгаар байранд орсон Чех бүсгүй М.Давидова карьертаа анх удаагаа шагналын тавцан дээр гарчээ. Мөн тус гараанд Германы шилдэг Л.Далмайер оролцоогүй юм.

ЭМЭГТЭЙ 15 КМ-Н ГАНЦААРЧИЛСАН УРАЛДААНЫ МЕДАЛИЙН ЭЗЭД:

  1. Ю.Жима – 0-0-0-0 (43 мин 06.6 сек)
  2. М.Хойниш – 0-0-0-1 (+5.9 сек)
  3. М.Давидова – 0-0-0-1 (+16.5 сек)

Өнөөдөр эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдаан явагдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж