Монгол улсад анх удаа олон улсын жишигт нийцсэн цус цуглуулах цэгийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд энэ оны нэг дүгээр сард нээгээд байна. Та ердөө 350-400 мл цусаа бусдын төлөө бэлэглэхэд л гурван хүний алтан амийг аварч байна гэсэн үг. Цус бэлэглэх буянтай үйлсд оролцох нь хувь хүний эрүүл мэндэд тустай гэдгийг эрдэмтэд баталдаг юм. Иймд нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан дараах уриалгыг гаргаж байна.
- Нийт ард иргэдийг:
Иргэд та бүхэн цусаа бэлэглэж, эрдэнэт хүний амь насыг аврах мэс ажилбаруудыг амжилттай болгож, төрөхийн хүндрэл, эх хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аварч, аюулт өвчнөөр шаналан буй хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхийг;
- Төрийн болон төрийн бус байгууллагуудыг:
Донорын хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үйлсд нийгмийн ухамсараа дээдлэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд зохион байгуулалттайгаар манлайлан оролцохыг;
Монгол улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор хүн амын дунд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өрөгжүүлж, цус цусан бүтээхдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх ажилд улс төрийн санал санаачлага гаргахыг;
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас гаргасан сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус хандивлах үйл ажиллагааг дэмжин идэвхи санаачлагатайгаар зохион байгуулахыг тус тус уриалж байна.
Та бүхний идэвхитэй оролцоо дэмжлэг олон нийтийг сайн дурын, авлагагүй цусаа бэлэглэх үйл хэрэгт улам ойртуулах алхам болно гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын Газар
2015 он