Тони Блэйр Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2015.03.02-нд нийтлэгдсэн

Тони Блэйр Монголд иржээ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд асан Тони Блэйр Монголд хүрэлцэн иржээ. Түүнийг өнөөдөр Төрийн ордонд зочилж, Монголын нөлөө бүхий улстөрчтэй уулзсан гэх мэдээлэл байна.

Хамтарсан Засгийн газрыг С.Батболд тэргүүлж байхдаа Ерөнхий сайд асан Тони Блейрт хамтран ажиллах санал тавьснаар тодорхой асуудлууд дээр Монгол Улсын Засгийн газар зөвлөгөө авдаг болсон юм. Эл ажлын хүрээнд Тони Блэйр анх 2013 оны гуравдугаар сард Наурызын баярын өдөр, мөн өнгөрсөн жил гуравдугаар сарын 20-нд хүрэлцэн ирж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нартай уулзаж байв.

Түүнийг Монголд зочлох бүрийд Оюутолгойн асуудлаар зөвлөлдсөн болов уу гэсэн таамаг хөвөрдөг.

УИХ намрын чуулганаа өндөрлүүлэхийн өмнө Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрт Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон төслүүдийг хөдөлгөх даалгавар багтсан. Монгол Улсын Засгийн газрын хувьд энэ асуудлын хүрээнд Тони Блэйртэй зөвлөлдсөн байхыг үгүйсгэхгүй билээ. Тони Блэйр нь Засгийн газрын үйл ажиллагаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр голлон зөвлөгөө өгдөг “Office of Tony Blair-Government Advisory practice” байгууллага, бизнесийн салбарынханд зөвлөгөө өгдөг “Тоny Blair Аssociates” пүүс, Африкийн улсуудтай ажилладаг “Тоny Blair Africa Governance Initiative” буяны байгууллага, ядуурлыг бууруулах чиглэлээр ажилладаг “Тоny Blair Faith Foundation”, НҮБ, Европын Холбоо, АНУ, ОХУ ба Ойрхи Дорнодын энхийн элчээр ажилладаг “Office of the Quartet Representative” зэрэг байгууллагыг удирддаг юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж