Ирц бүрдэхгүй байсаар чуулганы хуралдаан завсарлав

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

LiveИрц бүрдэхгүй байсаар чуулганы хуралдаан завсарлав

Ирц бүрдэхгүй байсаар чуулганы хуралдаан завсарлав
13 : 22
2018-12-7

Ирц бүрдэхгүй байсаар чуулганы хуралдаан завсарлав

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2018.12.07/10.00 цагт товлогдсон ч ирц хүрэхгүй байсаар хуралдааныг УИХ-ын дарга завсарлууллаа. Тэрбээр хурлыг хаахын өмнө үг хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Нэр бүхий гишүүд хуралд ирээгүй учраас чуулган хуралдаж чадсангүй. УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгодог. Энэ улс орны бодлого чиглэлийг тогтоох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өг гэж Ард түмэн та биднийг сонгосон. Тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, улс оронд тулгамдаж байгаа асуудлын талаар шуурхай арга хэмжээ авч бай гэж ард түмэн бидэнд итгэл үзүүлсэн. Засгийн газрыг УИХ томилсон. Бид Засгийн газрыг улс орны өмнө тулгарч байгаа асуудлыг шуурхай шийдэж, УИХ-д тайлангаа тавих хуультай. Гэтэл өнөөдөр УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, сайд нар хоёр өдрийн турш бойкотолж байна. Засгийн газарт тулгамдсан асуудлыг УИХ шийдэхэд бэлэн байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулах асуудал орж ирэхэд УИХ-ын гишүүдийн олонх огцруулахыг дэмжээгүй. Одоо улстөржилтөө зогсоож, ажлаа хий, Засгийн газар. Өнөөдөр Засгийн газар УИХ-ын үйл ажиллагааг гацаах цаг биш ээ. Тиймээс Засгийн газрыг ажлаа хийж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг би шаардаж байна.

Төр тогтвортой байх ёстой. Би ийм байр суурьтай, үүний төлөө ч би явна. Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг авах гэсэн оролдлогыг маш их хийж байна. Бид үүнтэй хатуу тэмцэх ёстой. Олон түмнийг тэмцэлд уриалж, тэмцлийн хатуу хэлбэрийг сонгох талаар УИХ-ын гишүүд ярьж байгаа нь хууль зөрчсөн асуудал. Сүүлийн үед 60 тэрбумын хэргээр ЖДҮ-ийн асуудлыг дарах гэсэн оролдлого хийж байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга 60 тэрбумын асуудлаар, Ёс зүйн дэд хороо  ЖДҮ-ийн асуудлаар яаралтай хурлаа хуралдуул. Би УИХ-ын даргын хувьд үүрэг өгч байна. Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу шаардлагаа тавьж, санал санаачилгаа бичиж, албан ёсоор тавь. Үүнийг хэвлэл мэдээллийн пи-ар болгож битгий ашигла. Хуулийн дагуу явах ёстой. Бид хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулах ёстой. Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас хоёр өдрийн чуулган хуралдаж чадсангүй. Би олон нийтээс уучлалт хүсч байна.

Ийнхүү их хурлын дарга үг хэлж, өнөөдрийн чуулганы хуралдаан завсарлав. УИХ-ын чуулганы хуралдаан ирц бүрдэхгүй байгаагаас хуралдаж чадсангүй.

 

10 : 32
2018-12-7

УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байна

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагт товлогдсон ч гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Одоогоор чуулганы ирц 38,7 хувь байгаа учраас хуралдаа ирэхгүй, ирцээ бүрдүүлэхгүй байгаа гишүүдийн нэрсийг дуудаж, УИХ-ын дарга хуралдааныг эхлүүлэхийг сануулав. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдыг томилох болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх, үдээс хойш Ерөнхий сайдын мэдээлэл сонсох зэрэг олон асуудал тусгагдаад байгаа юм.

Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар мөн төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж чадаагүй бөгөөд нэр бүхий таван гишүүн УИХ-ын даргыг огцруулахаар суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлсэн ч УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж, чуулганы хуралдаандаа суухыг сануулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж