Энэ жилийн трэнд өтгөн шигүү гацуур мод

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Энэ жилийн трэнд өтгөн шигүү гацуур мод

Энэ жилийн трэнд өтгөн шигүү гацуур мод

Шинэ жилийн уур амьсгал манай улсад хэдийнээ оржээ. Албан байгууллага, худалдаа үйлчилгээний төв гаднах талбайдаа өнгө өнгийн тоглоомтой, өндөр гацуур мод засч, шинэ жилийн дуу эгшиглүүлэх нь шинэ жилийн баяр хаяанд ирснийг сануулна. Шинэ жилийн баярыг хүүхэд бүр хүсэн хүлээдэг. Энэ л баяраар тэд хүссэн бүхнээ авах юм шиг хөөрч, энэ л баяраар тэд урьд жилүүдээс илүүтэйгээр баярладаг. Ганган гацуур гоёл чимгээ зүүж, айл бүрийн хойморт залран, ширээн дээр амттан идээ, оргилуун дарс, түмэн зүйлийн жимс бялхаад ийм сайхан баярыг хүсэхгүй байхын аргагүй.

Монголчууд ч баярлах дуртай ард түмэн. Мөн хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй энэ агшинг хүн бүр л алдахгүй тэмдэглэхийг хүсдэг билээ. Гэвч шинэ жилийн баярыг хүсэхгүй хүмүүс цөөнгүй болж. Шалтгаан нь баяр тэмдэглэх дургүйдээ биш өнөөх л хямрал. Гэхдээ зөвхөн үр хүүхдээ баярлуулахаар өөрийнхөө хэмжээнд баярыг тэмдэглэнэ гэх хүмүүс ч олон  байсан юм

Тиймээс шинэ жилийн гол билэгдэл болсон гацуур мод, түүний чимэглэл ямар ханштай байгааг сурвалжлахаар “Москвагийн гудамж” хэмээгддэг 3,4 дүгээр хорооллын ил задгай худалдааны төвийг зорилоо.

 ЭНЭ ЖИЛИЙН  ТРЭНД ӨТГӨН ШИГҮҮ ГАЦУУР МОД

Тус гудамжинд боргоцойтой, мөчир бүртээ гэрэлтэй, цагаан цасан өнгөтэй гэх мэт олон төрлийн өндөр, нам гацууран ой “ургажээХудалдагчид тус тусдаа өөрийн гацуурыг тайлбарлан завгүй амьдрал жинхэнэ өрнөж харагдана. Зүүнээсээ баруун хүртэл жирийтэл өрсөн мод дундаас бусдаасаа хамаагүй өндөр, саглагар гацуур содон харагдана. Туранхай, жижигхэн биетэй хүний дэргэд бадриун, өндөр залуу зогсох шиг гацуур модод хоорондоо эрс ялгаатай юм гээч. 

Энд гацуур модыг хэмжээнээс нь хамаараад 70-450 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байлаа. Тодруулбал гурван метр 10 см өндөртэй гацуур мод 550 мянган төгрөг, хоёр метр 10 см өндөртэй гацуур мод 350 мянган төгрөг бол хамгийн жижиг хэмжээтэй нэг метр 20 см гацуур 70 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Гацуур мод авсан тохиолдолд тоглоом болон чимэглэлийг дагалдуулж өгдөг гэнэ.

Энэ зуур тав орчим насны хүүгээ дагуулсан, настай эмэгтэй гацуурын үнэ сонирхон явна. Түүний хувьд гацуур нь өөрөөсөө гэрэлтэй, боргоцойтой, метр хүртэлх хэмжээтэй байх хэрэгтэй гэв. Харин ээж, хүү хоёрын хэлсэн шиг өөрөөсөө гэрэлтэй гацуур тоотойхон харагдав. Учир нь сүүлийн жилүүдэд гэрэлтдэг гацуураас илүүтэй боргоцой, элдэв жимсээр чимэглэсэн, өтгөн амьд мэт гацуур эрэлттэй байгаа аж.

Найм дахь жилдээ  гацуур мод худалдаалж байгаа Г.Баттөмөрөөс цөөн асуултад хариулт авлаа.

СЕЗОНЫ ҮЕД ӨДӨРТ 20-30 ГАЦУУР МОД ЗАРДАГ

Хүмүүсийн  худалдан авалт хэр байна вэ?

-Худалдан авалт одоохондоо сайн биш байна. Арванхоёрдугаар сарын 15 гаргаад л сезоны үе эхэлдэг. Уг нь энгийн өдөр 4-5 гацуур мод зардаг байсан бол өнөөдөр 1-2 гацуур мод л зарлаа.

Тэгвэл сезоны үед өдөрт хэдэн гацуур мод зардаг вэ?

Сезоны үед өдөрт 20-30 гацуур мод зардаг. Албан байгууллагууд хамгийн өндөр гацуур модыг авдаг бол иргэд 1-2 метр хэмжээтэй мод авдаг.

-Энэ хавиар худалдаалж байгаа гацуур модыг хараад байхад ихэвчлэн өтгөн шигүү мод давамгайлж байх шиг харагдлаа. 

-Тийм шүү. Энэ жилийн хувьд өтгөн шигүү материал нь хатуу газарт хөглөрч унадаггүй өтгөн гацуур мод  трэнд болж байна.  

Хүмүүс гацуур мод худалдан авахдаа чанартайг нь сонгож байна уу, аль эсвэл хямдханыг нь сонгож байна уу?

-Нарийхан шингэн ширхэгтэй гацуур модыг 140 мянган төгрөгөөр зарж байхад авдаггүй. Гол нь иргэдийн хувьд ганцхан удаа нүүр тахлаад өнгөрөхөөс илүүтэй олон жилийн настай, амьд мэт харагдах гацуурыг сонгодог болсон. 

 ЦАХИМ ХУДАЛДАА ХӨГЖИЖ БУЙ ЭНЭ ҮЕД НАЙМААЧДЫН ОРЛОГО ХУВААГДАХАД ХҮРЧЭЭ

Гацуур мод зарж байгаа талбайн хажуу хэсэгт чимэглэл, тоглоом бусад жижиг зүйлсийг худалдаалж байв.  Улаан, ногоон, мөнгөлөг… Өнгө өнгийн саа, чимэглэл, гэрэл алаглана. Өвлийн өвгөний зурагтай ханын чимэглэл, цасан ширхэг, өнгийн тууз зэрэг нүднээ тусах аж. Анзаараад байхад гацуур модны чимэглэл, тоглоомын загварын хувьд шинэчлэгдсэн загвар анзаарагдсангүй. Өнгөрсөн жилийн зарагдаж байсан тоглоомууд ширээн дээр өрөөстэй байсан юм. Үнийн хувьд 5000-30 мянган төгрөгийн хооронд зарагдаж байв. Хайрцган дотроо 30 ширхэгтэй гацуур модны тоглоом 30 мянган төгрөг бол 14 ширхэгтэй унасан ч хагардаггүй гэх тоглоом 20 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Саа 1000-3000 төгрөг,  гацуур модон дээр зүүдэг, хаалганы үүдэнд өлгөдөг өвлийн өвгөн 15 мянгаас-40 мянган төгрөгөөр, гацуур модны гэрэл урт богиноосоо хамаараад 5000-50 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Харин  шинэ  жилийн багт наадамд зориулсан төрөл бүрийн маск, баг мөн 3000-8000 төгрөгийн үнэтэй, сонголт ихтэй байна байлаа. Тоглоом худалдаалж буй Б.Энхсайханы хэлж буйгаар "Сүүлийн жилүүдэд хүмүүс гацуур модоо ганц өнгөөр дагнаж чимэглэдэг болсон. Тухайлбал, цэнхэр өнгийн гацуур модны тоглоом авлаа гэхэд ижил өнгийн  бусад  саа, чимэглэлүүдийг сонгож байна" гэсэн юм. 

"ТАЛБАЙН ТҮРЭЭС НАЙМАН ЖИЛИЙН  ӨМНӨХӨӨС  АРАВ ДАХИН ӨССӨН"

-Нууц биш бол талбайн сарын түрээс нь хэдэн төгрөг вэ?

– Хүмүүсийн хэлж заншсанаар алтан баганатай дэлгүүрийн хоёр баганын хоорондын талбайн сарын түрээс нь сая 500 мянган төгрөг. Жил ирэх тусам талбайн түрээс нэмэгдэж байна. Анх 2009 онд  хоёр багана нь 300 мянган төгрөг байсан бол одоо найман жилийн өмнөхөөс арав дахин өссөн гэсэн үг.

Сезоны үед орлого мэдээж өндөр биз

-Сүүлийн гурван жилийн хугацаанд цахим худалдаа хөгжиж байгаа олохоор орлого хуваагдахад хүрч байна. Гэхдээ сезоны үед өдөрт худалдан авалт сайн байвал дунджаар сая төгрөгөөс буухгүй л гэж үзнэ дээ. Сарын эхэн болохоор худалдан авалт муу байна. Хүмүүсийн цалин сарын 15 өнгөрөөгөөд буудаг болохоор  түүнээс хойш орлого гайгүй болдог.

"ГАНГАН ГАЦУУР"-Т ТАВАН ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГНӨ

Мөн  гацуур мод зардаг зарим  залуус "Ганган Гацуур"  хэмээх нэртэй цахим хуудас хөтлөж эхэлжээ. Ингэхдээ цахимаар борлуулж, хүргэлт хийн, худалдан авсан гацуур модондоо таван жилийн баталгаа өгхөөс гадна гацуурны орой хэсэгт өлгөдөг таван хошуу, гацуур модны гэрэл, болон жижиг  хашаа өгдөг гэнэ.  Үнийн хувьд 15 мянгаас-450 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Тус газрын гацуур моддын онцлог нь шигүү саглагар мөчир мөчрөөр салдаг аж.

Гэхдээ шинэ жилийн уур амьсгал хараахан ороогүй байна гэдгийг худалдаа эрхлэгчид бүр хэлж байна. Тиймээс иргэдийн худалдан авалт муу байж магадгүй. Гэхдээ ирэх долоо хоног гэхэд гацуур модны төрөл, тоо ширхэг олширч, баярын уур амьсгал орж, иргэдийн худалдан авалт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Хэдийгээр “хямралтай” гэх ч ирэх жил элбэг хангалуун байхын тулд хүн бүр өөрсдийнхөө хэмжээнд шинэ оноо угтах биз ээ. Амны билгээс, ашдын билэг гэдэг дээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж