"Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээний систем нэвтэрснээр эрүүл, аюулгүй хүнс хэрэглэнэ"

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

"Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээний систем нэвтэрснээр эрүүл, аюулгүй хүнс хэрэглэнэ"

Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Л.Даваасүрэнтэй ярилцлаа.


Өнгөрсөн өвөл шүлхий хэд, хэдэн аймагт тархсанаас хөл хорио тогтоохоос эхлээд нэлээд ажил болсон. Өнөө жил ямар байна вэ? 

-Монгол Улсын Их хурлын 2017 оны 81 дугаар тогтоолоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль шинээр батлагдан хэрэгжиж эхэлснээр Мал эмнэлгийн  ерөнхий газар байгуулагдан улмаар мал эмнэлгийн байгууллага босоо тогтолцоотой болж, шат, шатандаа чиглэл өгч ажилладаг болсон. Одоо аймаг бүр Мал эмнэлгийн газартай, сум бүр Мал эмнэлгийн тасагтай болж улс орон даяар мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.

Энэ жилээс улс орон даяар тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 20-ний хооронд малын угаалга, туулгалт, вакцинжуулалт хийсэн. Бодлогын ажлууд цаг хугацаандаа хийгдэж, анхан шатанд ажиллаж байгаа малын эмч нар маань сайн ажилласны үр дүнд малын өвчлөл гарсангүй.

-Малын өвчин дарагдахаар махны экспортод эерэг нөлөө үзүүлнэ биз?

-Энэ жилийн махны экспортыг өмнөх онуудтай харьцуулахад тодорхой түвшинд өссөн. Одоогоор 40 мянга гаруй тонн мах экспортолсон байна. Казахстан, Иран, ОХУ, Хятад зэрэг орнуудад үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан мах гаргадаг.

Малын өвчлөл буурсан, гадаад, дотоод махны гарал үүслийн гэрчилгээний заавар, журам батлагдсантай холбогдуулан худалдан авалт өссөн байна. Ирэх жилийн махны экспорт өнөө жилийнхээс ч илүү өсөх хандлагатай байна.

Монгол Улс 80 гаруй сая толгой малтай, жилдээ 18-20 сая төл хүлээн авдаг. Жилдээ 10 сая гаруй толгой малыг хүнсэндээ хэрэглэдэг.  Өөрөөр хэлбэл,  жил бүр  төлийн  тоотойгоо дүйх малыг эдийн засгийн эргэлтэд оруулж экспортод гарган, дотоодоо эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах нь  Монгол төрийн бодлого болж байна.

2017 оноос Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээний системийг шинээр санаачлан Төв, Архангай, Баянхонгор, Завхан, Ховд, Хөвсгөл гэсэн зургаан аймгийн 16 сумдад туршилтаар нэвтрүүлж эхлүүлсэн нь одоо ажил хэрэг болж байна. Цаашид Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээний системийг 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс 22 аймаг, нийслэлийн 332 сум, 9-н дүүргийн хэмжээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээний систем нэвтэрснээр нэгдүгээрт, малчны хотноос эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулж хэрэглэгчид нийлүүлэх. Хоёрдугаарт,мал эмнэлгийн гэрчилгээний системээр дамжуулан малын хулгайтай тэмцэх боломж бүрднэ. Гуравдугаарт, манай улс өргөн уудам нутагтай учраас малын шилжилт хөдөлгөөн их хийгддэг, иймээс бид малын шилжилт хөдөлгөөнийг энэ системээр дамжуулан хянах боломжтой болж байна. Дөрөвдүгээрт, малчдад үзүүлдэг мал эмнэлгийн хавар, намрын тарилга, туулгыг цаг хугацаандаа малдаа хийлгэж байна уу,  үгүй юу гэдгийг Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээний системээр хянах боломжтой болж байгаа.

-Угаалга, тарилгадаа орсныг нь баталгаажуулах юм нь юу байх юм?

-Малчны хотноос мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийх, үйлдвэрт нядалгаанд орох үед, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч, малчин өрхийн хотноос мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн мэдээллээ сумын мал эмнэлгийн тасгийн малын эмчрүү гар утасны сүлжээ болон онлайн системээр дамжуулж сумын мэдээллийн санд тухайн малчны мэдээллээ хүргүүлнэ. Сумын мал эмнэлгийн тасгийн малын эмч малчны мэдээллийг хянаж, баталгаажуулалт хийж тухайн орон нутгаас шилжилт хөдөлгөөн хийх зөвшөөрөл өгч ажиллана.

Тухайлбал, малчин Б.Доржийнх 100 хонь Улаанбаатар хот руу борлуулах бол эрүүл аюулгүй бүс нутгаас тарилга, туулга, угаалгаа хийлгээд 7-21 хоног нь гүйцсэн үү, малын биеэс эмийн үлдэгдэл гадагшлах хугацаа болсон уу, үгүй юу гэдгийг хянаад, хугацаа нь гүйцсэн бол “борлуулах боломжтой” гэдгийг илтгэх /НӨАТ-ын баримт шиг/ Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээг хэвлэж өгнө. Энэ баримт нь QR кодтой, аль замын постоор дамжин өнгөрөх, цаашлаад хаана ямар үйлдвэрт очих вэ гэдгийг нь гарал үүслийн гэрчилгээ дээр нь хэвлээд өгнө.  Махны үйлдвэрт ирэх хонийг үйлдвэрийн аргаар боловсруулж, аль аймгийн, аль сумын ямар малчны хотноос эрүүл, аюулгүй малын мах болохыг тодорхойлсон мэдээлэлтэй бүтээгдэхүүн дотоодын хүнсний сүлжээ дэлгүүрээр худалдаалах, Олон улсын гэрчилгээний дагуу дэлхийн зах зээлд гарах зорилготой ажиллаж байна.

-Хулгайн малыг хянах боломжтой гэсэн. Яаж хянах юм?

-Авто замын постууд дээр тоног төхөөрөмжийг байршуулна. Машин дээр ачаад явж байгаа малыг ээмэгнийх нь дугаараар алсын зайнаас /10-15 метрийн зайнд/ уншуулчихна. Гарал үүслийн бичгийг малын эмчээсээ авсан байх юм бол малын мэдээлэл гараад ирнэ.  Аль аймгийн ямар сумаас, хэн гэдэг малчны хотноос гарч явсан бэ гэдэг нь гарна.

Хэрэв тийм гарал үүсэл байхгүй бол малын хулгай юм уу, эсвэл зөвшөөрөгдөөгүй бүс нутгаас мал авч явж байна гэсэн үг. Магадгүй өвчний голомттой бүс нутгаас нууцаар мал тээвэрлээд явж байж магадгүй, энэ тохиолдолд халдварт өвчнийг тараах эрсдэлтэй.  Тиймээс замын пост дээр ажиллаж байгаа малын эмч, замын цагдаа, хяналтын байцаагч нар тухайн зөрчлийг илрүүлж мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох журам, зааврын дагуу арга хэмжээ авч ажиллана.

Ийм маягаар малчнаасаа малын эмчийн зөвшөөрөлтэйгээр сумаасаа гараад, постонд ирээд, постоосоо үйлдвэрт, үйлдвэрээсээ боловсруулагдаад хүнсний дэлгүүрт ирнэ.

Хүн бүр ухаалаг утас хэрэглэдэг болсон. Андройд үйлдлийн системтэй утсандаа апплейкшин суулгаж Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээний QR кодыг уншуулснаар тухайн махны гарал үүслийг мэдэх боломжтой.

-Гарал үүслийн гэрчилгээтэй мах илүү өндөр үнээр борлуулагдаж байна?

-Улс орон даяар Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээний системээ нэвтрүүлсэнээр, малчин малаа хэдээр зарав, тээвэрлэлт, үйлдвэрт ирэх зардал ямар байх, дэлгүүрт хэдэн төгрөгөөр зарж байна вэ гэдгийг манай яам бодлогоын хүрээнд анхаарч ажиллаж байна. Цаашлаад тухайн мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлого барьж ажиллах зорилготой юм.

Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох ёстой. Иргэд маань зах, худалдааны төвүүдэд очоод хаанаас ирсэн нь тодорхойгүй, хэзээ тарилга туулгалтанд хамрагдсан эсэх нь мэдэгдэхгүй малын махыг хэрэглэгчид худалдаж авч байна.  Энэхүү Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээний систем нэвтэрснээр ямар гарал үүсэлтэй малын мах болох, малд хийсэн тарилга, туулгалт, угаалгын хугацаа нь дууссан эсэхэд малын эмч хяналт тавьж баталгаажуулснаар иргэд эрүүл, аюулгүй малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болж байгаа юм.

-Вакцинжуулалт, угаалгыг жил бүрийн тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 20-нд хийнэ гэхээр монголчуудын өвлийн идшээ бэлтгэдэг цагтай хэр уялддаг вэ. Жишээлбэл, шүлхийний эсрэг вакцин хийлгэсэн малыг хүнсэнд хэрэглэх боллоо гэхэд хэчнээн хоногийн дараа хор нь гарсан байдаг юм бэ?

-Малын биеэс эм гадагшлах хугацааг 7-21 хоног байхаар тооцсон. Малчны хотноос хүнсний хэрэгцээний зориулалтаар хөдлөх гэж байгаа малд малын эмч баталгаа өгнө. Хэрвээ тарилга, угаалгынх нь хугацаа дуусаагүй малыг хүнсний хэрэгцээнд зөвшөөрөөд явуулсан байх юм бол малын эмчид хариуцлага хүлээлгэж, арга хэмжээг холбогдох хуулийн дагуу авч ажиллана.

-Цаашдаа энэ системийг малын түүхий эд бүр дээр нэвтрүүлнэ гэсэн үү?

-Тийм ээ, эхний ээлжинд махыг энэ системээр нэвтрүүлж байна.  Цаашдаа арьс шир, ноос ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүнийг эрүүл баталгаатай гэдгийг Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээний системээр гаргаж ирнэ.

-Жил ирэх тусам түүхий эдийн үнэ унаж, үнэгүйдэж байна. Үхрийн шир өнөө жил 8000 төгрөгөөс дээш гарсангүй. Мал нь шимэгч хорхойд идүүлснээс арьс нь үнэ хүрэхгүй байгаа гэж ярих. Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээний системийг түүхий эд дээр нэвтрүүлснээр үнэ өртөг өсөх үү?

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль шинээр батлагдан хэрэгжиж эхэлснээр Мал эмнэлгийн  ерөнхий газар шат, шатандаа чиглэл өгч ажилладаг болсон. Одоо аймаг бүр Мал эмнэлгийн газартай, сум бүр Мал эмнэлгийн тасагтай болж улс орон даяар мал эмнэлгийн үйлчилгээг малчид, иргэдэд шуурхай үзүүлэх болсоноор малын гаралтай түүхий эдийн чанар сайжирч байна.

Мөн махны үйлдвэрүүдэд Үндэсний мал эмнэлгийн гэрчилгээний систем нэвтэрснээр үйлдвэрийн аргаар нядалсан малын арьс шир нь стандартын шаардлага хангасан түүхий эд бэлтгэх боломж бүрдэнэ. Иймээс малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ дотоод болон гадаад зах зээл дээр өсөх боломжтой болох юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж