АНУ “Huawei”-г онилсны шалтгаан

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

АНУ “Huawei”-г онилсны шалтгаан

АНУ “Huawei”-г онилсны шалтгаан

Хятадын “Huawei” брэндийн ухаалаг гар утас дэлхийн зах зээлд худалдаалагдан хэрэглэгчдээс сайн үнэлгээ авч, АНУ-ын ‘Apple’, Өмнөд Солонгосын ‘Samsung’ корпорациудтай өрсөлдөх болсон билээ. Гэвч “Huawei” компанийг үүсгэн байгуулагчийн охиныг Канадад баривчилснаас үүдэн хувьцааных нь ханш Пүрэв гаригт огцом уналаа.

“Huawei” компанийн санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Мэн Ваньжоуг арванхоёрдугаар сарын 1-ны өдөр Ванкувер хотноо баривчилсан ба АНУ-д шилжүүлэн өгөхөөр зэхэж байна.

Түүнийг баривчилсан нь “Huawei” компани АНУ-аас Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг зөрчсөнөөс болсон гэж тайлбарлажээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас Ираны хоригийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн “Huawei” компанийг шалгаж эхэлсэн тухай “Wall Street Journal” өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтэлсэн юм. Тухайн үед АНУ-ын сенат Бэн Сассэ Ираны хоригтой холбоотой хийсэн мэдэгдэлдээ Хятад улс манай үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын эсрэг идэвхтэй ажиллаж байгааг бид зүгээр хараад суухгүй хэмээн мэдэгдэж байв. Компанийн зүгээс НҮБ, АНУ болон Европын холбооны дүрэм журам, олон улсын хориг, экспортын хяналтын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг болохоо мэдэгдсэн байна. Харин Хятадын Засгийн газраас түүнийг нэн даруй суллахыг шаардан, АНУ-тай саяхан тохиролцоонд хүрсэн худалдааны дайны түр эвлэрлийг цуцлахаа анхааруулсан байна. Хоёр тал түр эвлэрлийн гурван сарын хугацаанд уулзалт, яриа хийж, зөвшилцөлд хүрэхээр ярилцсан байв. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан “АНУ болон Канадад суугаа талд хандан Мэн Ваньжуог баривчилсан шалтгаанаа тайлбарлаж, хувь хүний эрхийг хүндэтгэн яаралтай суллахыг шаардаж байна” хэмээн мэдэгджээ.  Түүнчлэн АНУ-д суугаа Хятадын Элчин сайдын яамнаас Мэн Ваньжуог баривчилсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгдсэн байна. Мэн Ваньжуогийн аавыг Рэн Зэнфэй гэдэг “Huawei” компанийг үндэслэгч. Тэрбээр өмнө нь Хятадын ардын армийн инженерээр ажиллаж байжээ.

Уг баривчилгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентинд Хятадын даргатай худалдааны дайны асуудлаар уулзсан өдөртэй давхацжээ. Хятадын хараат бус эдийн засагч Ей Таны дүгнэснээр, АНУ-аас Мэн Ваньжуог Хятадын эсрэг худалдааны дайны хэлэлцээнд “барьцаа” болгон ашиглах зорилготой байж болзошгүй. Гэхдээ Хятадын Гадаад хэргийн яамнаас “Хоёр тал (АНУ ба Хятад) төрийн тэргүүн нарын тохиролцоонд хүрсний дагуу харилцан ашигтай гэрээ байгуулахын төлөө ажиллана” хэмээн мэдэгдсэн байна.

Өөр нэг жишээ

Баривчилгааны дараа Шанхай, Хонгконгийн хөрөнгийн биржийн индексүүд савлаж, технологийн фирмүүдийн хувьцааны ханш огцом унасан юм. Өмнө нь энэ оны эхээр АНУ-ын албаныхан Хятадын харилцаа холбооны төхөөрөмж үйлдвэрлэгч “ZTE” компанийн эсрэг эдийн засгийн хориг авч байсан. Тус компанийг Иран болон Хойд Солонгосын эсрэг худалдааны хоригийг зөрчсөн хоёр ажилтандаа хариуцлага тооцоогүй гэх шалтгаанаар АНУ-аас нийлүүлдэг эд ангийг долоон жилийн хугацаанд хориглосон юм. Уг хориг компанийг дампууруулахад хүрч, өнгөрсөн тавдугаар сард үйл ажиллагаагаа хумихад хүргэжээ. Гэхдээ өнгөрсөн зургадугаар сард Хятадын албаныхан АНУ-ын талтай “ZTE” компанийг хар жагсаалтаас хассан юм. Хариуд нь тус компани нэг тэрбум ам.долларын торгууль төлсний дээр цаашид хоригийг зөрчихгүй байх үүднээс 400 сая ам.долларын барьцаа байршуулжээ. Гэвч хэдхэн хоногийн дараа АНУ-аас тус компанид нийлүүлэх эд ангийн тоог танасан ба үүнийгээ албаныхан худалдааны балансыг тэнцвэржүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж байв. Энэ жишээ нь Хятадын технологийн фирмүүд АНУ-д үйлдвэрлэсэн эд анги, сэлбэгээс хэт хараат байгааг илтгэсэн юм.

“HUAWEI” БРЭНД ТАГНУУЛЫН ХЭРЭГСЭЛ ҮҮ?

“Huawei” брэнд энэ онд АНУ-ын “Apple” компанийг гүйцэж, ухаалаг утасны дэлхийн хоёр дахь шилдэг үйлдвэрлэгч хэмээгдэх болсон юм. Гэвч “Huawei” брэндийн ухаалаг утас, харилцаа холбооны төхөөрөмж нь Бээжингийн тагнуулын хэрэгсэл байж болзошгүй гэх хардлага АНУ-ын бизнес эрхлэгчдийн дунд их байдаг аж. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Пентагоноос “Huawei” болон “ZTE” компанийн бүтээгдэхүүнүүд аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй хэмээн мэдэгдэж, тус улсын цэргийн баазуудад хэрэглэхийг хоригложээ. Улмаар Австралийн Засгийн газраас “Huawei” компанийн “5G” утасгүй интернэтийн сүлжээг нэвтрүүлэхийг тагнуулын аюулаас сэрэмжлэн хориглосон юм. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Шинэ Зеланд улс тус компанийн эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн бөгөөд технологийн асуудалтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Мөн Их Британийн үүрэн телефоны хамгийн том оператор “BT” компани тагнуулын албаны  “MI6” анхааруулсны дагуу Huawei” брэндийн “4G” интернэтийн сүлжээний төхөөрөмжөөс татгалзсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж