УИХ-ын гишүүний горимын саналыг дэмжсэнээр хэлэлцэх асуудлуудыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2018.12.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүний горимын саналыг дэмжсэнээр хэлэлцэх асуудлуудыг хойшлуулав

УИХ-ын гишүүний горимын саналыг дэмжсэнээр хэлэлцэх асуудлуудыг хойшлуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.12.06) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 16 минутад эхэлж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуусан бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хариулт өгөх дараалалтай байсан юм. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцоогүй учраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх боломжгүй нөхцөл үүсч хүлээлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай холбоотой үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү, М.Билэгт, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Ж.Мөнхбат нар байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын хүрээнд УИХ өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг болохыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэмдэглэн хэлэв. Засгийн газрын өнөөдрийн байр суурь нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж байна гээд “УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг томилж, чөлөөлдөг, хариуцлага тооцдог хуультай. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Аливаа асуудлыг Үндсэн хуулийнхаа хүрээнд шийдвэрлээд явах нь зүйтэй. Тиймээс УИХ-аас Засгийн газарт, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр хугацаатай шаардлага хүргүүлье” гэлээ. Л.Энх-Амгалан гишүүний уг горимын саналын дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн үйлдлээс үүдэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хангалтгүй, Засгийн газраас өргөн мэдүүлж хэлэлцүүлж буй төслөө тайлбарлахгүй, хариулахгүй байна. Ийм учраас үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хойшлуулах горимын санал гаргаж байна” гэв. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь Д.Оюунхорол гишүүний уг горимын саналыг дэмжив. Иймд УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг  хойшлуулж, маргааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж