Агаарын бохирдлын улмаас жилд дэлхий даяар долоон сая хүн нас барж байна гэж Польш улсад болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал дээр Лхагва гаригт /2018.12.05/ тавигдсан ДЭМБ-ийн илтгэлд дурджээ. Тус хуралд дэлхийн 190 гаруй орны 30 мянга орчим зочид төлөөлөгчид оролцож байгаа юм. Энэ удаагийн хурлын гол сэдвүүдийн нэг нь агаарын бохирдол, дэвшилтэт технологи дээр суурилсан байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг ашиглан түүнээс ангижрах хэмээн хурлыг зохион байгуулагчид цохон тэмдэглэсэн байна.
Мөн агаарын бохирдлын дийлэнх хувийг нүүрс шатааснаас үүссэн утаа эзэлж байгаа бөгөөд энэ нь багтраа, уушгины хорт хавдар, цус харвалт зэрэг маш олон өвчин үүсэх шалтгаан болдог гэнэ. Агаарын бохирдлоос үүссэн хор хохирлыг барагдуулахын тулд жилд дунджаар 5,1 их наяд ам.долларыг дэлхий нийт зарцуулдаг аж. Тиймээс улс орнуудад хандаж нүүрсний хэрэглээгээ багасгахыг ДЭМБ уриалсан байна.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ