Их авсан ч, бага авсан ч өмхий

Хуучирсан мэдээ: 2018.12.07-нд нийтлэгдсэн

Их авсан ч, бага авсан ч өмхий

-Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулав-

Их авсан ч, бага авсан ч өмхий

“Мэдээлэлд хэн ойрхон байсан нь илүү хождог” гэх сүүлийн үед улс төрд трэнд болоод буй энэ үг монголчуудын хувьд “мэдээлэлд ойрхон нь авлига авдаг” гэсэнтэй агаар нэгэн сонсогддог болжээ. Өдгөө нийгмийн нэг бүүм хэвээр, засаглалын хямралын том шалтгаан болж байгаа ЖДҮ-ийн хэрэг бол “мэдээлэлд хэн ойрхон байсан нь” гэдгийн нэгэн жишээ юм. Товчхондоо, ЖДҮ бол Монголын авлигын хамгийн том баримт юм.

Монголчууд “их идсэн ч, бага идсэн ч өмхий” гэдэг. Авлига үүнтэй яг ижил. Их бага авснаасаа үл хамаараад авлига нийгмээ бохирдуулдаг, өмхий үнэртэй болгодог. Өмхийгөөс нийгмээ цэвэрлэмээр байгаа бол авлигыг хянаж, хязгаарлаж болно. Товчхондоо, авлигатай тэмцэхэд хуулийнхнаас гадна иргэдийн хяналт оролцоо бүр чухал.

Та амьдралдаа хэн нэгэнд, хэн нэгнээс их бага авлига өгч, авч үзсэн үү? Энэ асуултад ихэнх нь тийм гэж хариулах байх. Адаглаад л ажлаа бүтээхийн тулд, бүтээлгэснийхээ шанд хэн нэгний гарыг жижигхэн цайлгасан удаа хүн бүхэнд байгаа байх. Бага авсан нь авлига биш, их авсан нь авлига мөн гэсэн бичигдсэн хууль хийгээд хэвшсэн ойлголт байхгүй. Хулгай бол хулгай, авлига бол авлига. Их багадаа биш авсан, өгсөн авлигадаа асуудал нь байгаа хэрэг.

Иргэд авлигыг үзэн яддаг. Гэвч авлигаас татгалздаггүй. Ихэнх албан тушаалтнууд “аягүй дургүй” авлига авдагт асуудлын учир байгаа юм. Авлига энэ нийгмийн идээ бээр гэдгийг хүн хүлээн зөвшөөрдөг атлаа харамсалтай нь, авлигатай тэмцэх иргэдийн оролцоо, дуу хоолой сул хэвээрээ л байна.

Авлигатай тэмцэхэд иргэний хяналт яагаад чухал вэ. Яагаад гэвэл таны сайн сайхан амьдрах, үр хүүхдийн чинь гэрэл гэгээтэй ирээдүй, эрүүл мэнд, аз жаргалыг авлига булаадаг, иддэг, цөлмөдөг  учраас.

Монгол Улсад АТГ байгуулагдсанаас хойш иргэдийн авлигын талаарх мэдээлэл харьцангуй сайжирсан. Харин авлигад тавьдаг хяналт сул хэвээр, надад хамаагүй асуудалд би оролцохгүй гэсэн бидний хэнэггүй сэтгэлгээ нийгмээ авлигад идүүлэхэд хүргэсээр.

Товхондоо, Монголд нийгмээ үзэн ядаж, компьютерийн цаанаас шүүмжилж сууснаас ядаж ганц ширхэг лаа асаасан нь цөөхөн. Асаасан лаа хавь орчноо гэрэлтүүлнэ, харанхуйгаас гарахын тулд бүгд  уг нь лаа асаах ёстой юм л даа. Харанхуйд, ханцуй дотроо өгөлцөж, авалцаж  буй авлигын бид харахгүй шүү дээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүй, төсөв, санхүү, худалдан авалт, нийтийн албан тушаалтны хувийн сонирхол, хөрөнгө орлогын байдалд хяналт тавих, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Иргэний хяналтын зөвлөлийг яам, агентлаг болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулжээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн 41 байгууллагад 125 хүн иргэний хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэтэл Монголд 180 мянган төрийн албан хаагч байдаг гэвэл ердөө 125 хүн төрийн байгууллагад авлигыг хянаж байгаа нь дэндүү чамлалттай тоо юм. Энэ тоог нэмэгдүүлж чадвал нийгмээ гэрэлтүүлэх лаанууд олшрох болно. Авлига алга болохгүй юм аа гэхэд багасна. Хуулийн дагуу иргэдийн амьдрал, улс орны хөгжил, сурах, мэдэх, амьдрах эрхийг нь баталгаажуулах ёстой мөнгө хууль бусаар хэн нэгний халаасанд орохоо болино.

Нэгэн жишээ дурдахад, өнгөрсөн намар Ерөнхий боловсролын хоёр ч сургуулийн захирал авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан нь сургуулийн захирлуудад том дохио болсон. Тэднийг баривчилсан нь АТГ болохоос илчилсэн нь иргэд. Энэ мэтээр хэрэв та нийгмээ, ирээдүйгээ цэвэрлэмээр, эмчилмээр байгаа бол хэн нэгний хууль бус үйлдлийг дургүйхнээр хүлээн зөвшөөрөхөө боль гэсэн үг.

Үгүй бол хулгайтай, авлигатай, ЖДҮ-тэй нийгэмтэйгээ эвлэрэхээс өөр сонголт бий гэж үү? Авлига бидний залуу насыг, хайр дурлалыг, эрүүл мэндийг, амьдрах орчинг аз жаргалыг булаасан ч хамаагүй юу?

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж