Сар шинийн баярын үеэр түр хугацаагаар тасалдсан Тавантолгойн хэлэлцээ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхэлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгойн хэлэлцээг амжилттай явуулах үүргийг Засгийн газарт өгсөн. Үүний дагуу Засгийн газар энэ хавартаа багтааж, Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Тавантолгойн хэлэлцээ дэд уулзалтуудын хүрээнд өрнөж буй бөгөөд гэрээ байгуулах явцад хэд, хэдэн хүндрэл гарч болзошгүй байгаа аж.
Нэгдүгээрт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын асуудлаас болж Засгийн газар, УИХ-ын дунд ангал үүсч магадгүй гэсэн болгоомжлол бий. УИХ-ын дарга болон түүний зөвлөхөөр ажиллаж байгаа А.Гансүх нар Тавантолгойн асуудлыг заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн бол төслийн удирдагч М.Энхсайхан үүний эсрэг бодолтой байгаа юм. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тавантолгойн талаар ямар байр суурь баримталж байгаа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа тов, тодорхой илэрхийлсэн бөгөөд “Есөн жилийн өмнө ярьж байсан асуудал шүү дээ. Одоо дахиад л яриад сууж байна. Есөн жилээр энэ төсөл, есөн жилээр бидний зорилго хөгширсөн байна. Одоо болно, есөн жилээр бидний зам уягдсан байна. Цаашаа бид явах ёстой гэж бодож байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр төслийн талаар яриад маш тодорхой удирдамж өгсөн юм. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газарт жилийн өмнө зөвлөмж өгсөн. Түүнээс өмнө буюу С.Батболдын Засгийн газрын үед,Тавантолгой төсөл рүү зургаан консерциум орно гээд ярьж байсан, С.Баярын Засгийн газрын үед ч ярьж л байсан асуудал. Үргэлжлээд л байсан асуудал” гэснээс харахад төрийн тэргүүний зүгээс Тавантолгойн төслийг саадгүй урагшлуулахыг зорьж буй юм.
Тавантолгой бол мега төсөл. Энэ тухайгаа Монгол Улсын сайд М.Энхсайхан дахин дахин тайлбарлаж байгаа. Ялангуяа өнөөдрийн хувьд хямралаас гаргах ганцхан гарц болоод буй Тавантолгой руу чулуу шидэхгүй байхыг эх орончид, популистууд, улстөрчдөд хандан тэрбээр аминчлан захих болсон. Хэдийгээр намрын чуулган завсарлага авч улс төр нам гүмхэн байгаа мэт харагдавч, цаанаа уугиж байгаа галын дөл Тавантолгойг урагшлуулахад саад болж магадгүйг, хэрэв өнөөдөр л Тавантолгойг урагшлуулахгүй бол арван жил, хорин жилийн дараа ч энэ сэдэв зөвхөн хэл амны зугаа хэвээрээ байхыг үгүйсгэхгүй.
Хэлэлцээ хэдийгээр амжилттай яваа боловч, хүндрэл учруулж байгаа хоёр дахь асуудал бол Чалкогийн өр.
2011 онд МАН засгийн эрхийг барьж байх үед буюу С.Батболдын Засгийн үед Тавантолгойн зүүн Цанхийг барьцаалан 350 сая ам.доллар зээлж, “Эх орны хишиг” нэрээр тараасны өр өдгөө монголчуудад шийдэхэд бэрхшээлтэй асуудал үүсгэнэ гэдгийг хэнч тооцоолоогүй байх. Дээрх өрөөс өдгөө 110 сая долларын өглөг төлөгдөөгүй үлдсэн. Дөрвөн жилийн өмнөөс нүүрсээ өдөр шөнөгүй үнэгүй зөөгөөд ч өрөө дарж чадалгүй өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг АТГ-аас баривчлан саатуулаад байна. Энэ нь том утгаар Тавантолгойн үнэлэмжид сөрөг нөлөө үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол байгааг эдийн засгийн хүрээнийхний зүгээс дурдаж буй.
Монголын Засгийн газар Чалкотой анхлан гэрээ байгуулахдаа 350 сая долларын өрөө дарснаас хойш таван жилийн турш нүүрсээ тодорхой үнийн дүнгээр/ дэлхийн зах зээлээс хавьгүй хямд/ зарна хэмээн тусгачихсан нь хөрөнгө оруулагчдад хамгийн ойлгомжгүй төвөгтэй асуудал үүсгээд байгаа аж.
Тавантолгойн ордод олборлолт, боруулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагчид хариуцаад эхэлбэл, Чалкотой хийсэн гэрээ хүчингүй болгох уу аль эсвэл хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын зээлсэн өрийг төлөхийн зэрэгцээ дээр нь таван жилийн турш нүүрсээ зах зээлийн ханшаас хямдхан өгөх үү гэсэн төвөгтэй асуудал үүсээд байгаа юм байна. Энэ бүхнийг хэн, хэндээ ашигтайгаар шийдвэрлэсний дараа гэрээ байгуулах асуудал яригдах бололтой.
Хэрэвзээ Засгийн газрын төлөвлөсний дагуу Тавантолгойн асуудал энэ гуравдугаар сард шийдэгдвэл ойрын хугацаанд гурван тэрбум ам.долларын хөрөнгө Монгол Улсад орж ирэх юм.
Ж.НЯМСҮРЭН